Мансууруулах бодисын хэрэглээ 10 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодисын хэрэглээ 10 дахин өсчээ

Мансууруулах бодисын хэрэглээ 10 дахин өсчээ

Өсвөр үеийнхэн болон  залуусын дунд хар тамхи,  мансууруулах бодисын хэрэглээ хүрээгээ тэлсээр байгаа нь цөөхөн хүн амтай Монгол Улсын тулгамдсан асуудал болж байна. Хар тамхи, мансууруулах бодисын анхны судалгааг 1999 онд хийснээс хойш хэрэглэгчдийн тоо өсч, нас нь залуужсаар байгаа юм.

Тухайн үед /1999 он/ нийт 1000 өсвөр насны хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 45 хүүхэд өвсний ургамал татаж хэрэглэдэг нь тогтоогдсон аж. Түүнээс хойш энэ тоо тасралтгүй өссөөр 2013 оны аравдугаар сар хүртэл хэрэглэгчийн тоо 561 болжээ. Энэ нь арван жилийн дотор 10 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ нь өнөөдөр төрийн хяналтаас гарсан асуудал болсон гэдгийг “Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгээс анхааруулав. Тус төвөөс мансууруулах бодисын хэрэглэгчдэд зөвлөгөө хүргэх шууд утас ашиглалтад оруулсантай холбогдуулан өнөөдөр /2018.12.19/ мэдээлэл хийв.

Тус төв нь Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 1900-1110 дугаарыг ирэх даваа гаригаас /2018.12.24/ нээн ажиллуулахаар болжээ. Энэ утсыг ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд  20 сэтгэл зүйчийг тусгай сургалтад хамруулсан байна. Минутын төлбөрийг 500 төгрөгөөр тооцсон нь тухайн иргэн биечлэн сэтгэлзүйчээс цаг авахаас илүү хямд гэдгийг тус төвийн захирал, зөвлөх сэтгэлзүйч С.Баасанбат онцоллоо.

МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ ТӨРИЙН ХЯНАЛТААС ГАРСАН

 

“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэлзүйч С.БААСАНБАТ

– Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодисыг өсвөр үеийн хүүхэд залуус хэрэглэх нь нэмэгдэх хандлагатай байна. Энэ чиглэлд зөвлөгөө өгдөг сэтгэлзүйч байхгүй, эмчилгээг хийдэг эмч дутмаг байна. Маш цөөхөн төрийн бус байгууллагууд хар, тамхи мансууруулах бодисын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Уг асуудал  төрийн хяналтаас гарсан. Дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийг эдгэрэх нь таван хувь гэж үздэг. Мөс, судсаар энэ төрлийн бодис хэрэглэдэг хүн хамгийн багадаа 3-5 жил цогц эмчилгээнд явахад эдгэрэх магадлал маш бага байдаг.

Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг 17 насны хүүхэд нэг удаа үнэрлэж, хэрэглээд 2-6 сарын дотор маш хурдан хамааралтай болдог. Тиймээс хамгийн эгзэгтэй үе бол өсвөр нас учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хор хөнөөлийг нь таниулах нь чухал байдаг. Бид зарим ерөнхий боловсролын сургуулиудад энэ талаар сургалт зохион байгуулах гэхэд удирдлагууд нь зөвшөөрдөггүй. Тэд хүүхдэд буруу ташаа зүйл зааж өгөх гэлээ хэмээн уурладаг. Эсрэгээрээ хүүхэд хор хөнөөлийг нь таниагүйн улмаас бусдыг даган дуурайж хэрэглэж үзсэн байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас төвийн сургуульд суралцдаг, боломжтой айлын хүүхдүүд мансууруулах бодист илүү автаж байгаа нь  санамсаргүй түүврийн аргаар авсан судалгааны дүнгээр харагдсан. Учир нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл гэдэг чанар байхгүй, эсвэл бүх зүйл нь элбэг хангалуун учраас гаж зүйл хүсэж эхэлдгээс үүдэн хар тамхи, мансууруулах бодис гарынх нь дор бэлэн байдаг. Насанд хүрэгчдийн хувьд 18-31 насныхан илүү их мансууруулах бодис хэрэглэж байна. Тэдний 70-80 хувь нь ресторан, зоогийн газарт ажилласан байдаг гэлээ.

МОНГОЛЧУУД ГАЗ ХОРТОЙ ГЭЖ ЯРЬДАГ АТЛАА ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НЬ АЮУЛТАЙ

"Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн ахлах сэтгэлзүйч Ч.ЛХАГВАДУЛАМ

– Манай төвийн сэтгэлзүйчид ерөнхий боловсролын сургуульд тандалт хийсэн. Хүүхдүүдээс газ, өвс, хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж үзсэн үү гэсэн асуултыг асуухад таван хүүхэд тутмын нэг нь тийм гэсэн хариулт өгсөн. Энэ нь өндөр тархалттай байгааг харуулж байгаа юм.

Хоёр хоногийн өмнө дөрвөн хүүхэд газ, будаг шингэлэгч үнэрлэснээс шоконд орсон тохиолдол гарсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд өвс, газны хэрэглээ маш түгээмэл байна. Иймд  урьдчилан сэргийлэх ажил зайлшгүй шаардлагатай байгаа юм. Бид энэ талаарх сургалтыг нийт 13 ерөнхий боловсролын дунд сургуулийн 3100 хүүхдийн дунд явуулсан. Хүүхдүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хортой гэдгийг мэдэх ч хэзээ, яаж донтдог хор хөнөөлийг нь мэдэхгүй гэж хариулсан. Мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсээс судалгаа авахад ихэнх нь бусдад уруу татагдсан байдаг.  Монголчууд газ хортой гэнэ гэж ярьдаг атлаа хэрэглэж байгаа нь аюултай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж