“Алтандорнод Монгол” ХХК ба Газпромбанкны шүүхийн маргаан

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

“Алтандорнод Монгол” ХХК ба Газпромбанкны шүүхийн маргаан

Өнөөдөр 14 цагаас Дүүргийн иргэний хэргийн 2-р шүүх дээр болохоор зарлагдсан “Алтандорнод Монгол” ХХК болон  ОХУ-ын хуулийн этгээд Газпромбанкны шүүх хурал Газпромбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Батзаяагийн хүсэлтээр хойшлогдлоо.

Өнөөдрийн хурал нь “Алтандорнод Монгол” ХХК болон  ОХУ-ын хуулийн этгээд Газпромбанкны хооронд үүссэн иргэний хэргийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хурал биш бөгөөд талуудын хооронд үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарсан шүүхийн процессийн алдааг шүүх хуулийн дагуу эргэн хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдах байсан.

Энэхүү маргаантай асуудал нь өмнө хэвлэл мэдээллээр янз бүрийн мэдээ гарч байсан тул зөв зүйтэй мэдээллийг өгөх үүднээс доорхи хэдэн зүйлийг хэлье.

Нэгдүгээрт. ОХУ-ын иргэн В.С.Паушок нь “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ 2006 онд ОХУ-ын Газпромбанкнаас Монгол улсад уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийнэ, машин техник худалдан авч ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах зориулалтайгаар 30 сая ам.долларын зээл авсан боловч харамсалтай нь уг мөнгийг Панам улсын офшор бүсийн компанийн данс руу шилжүүлээд хувьдаа завшсан юм.

Үүнээс үүдээд нэг талаас зээл олгосон гэх Газпромбанкны гомдолтой асуудал, нөгөө талаас огт авч ашиглаагүй зээлийн мөнгөний хиймэл өрөнд орсон “Алтандорнод Монгол” ХХК-ийн асуудал шүүхэд хянагдаж байгаа билээ.

Гэтэл шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдээгүй асуудал дээр Ерөнхий сайдын зөвлөх гэх “Кёкүшю голд майнинг” компани дундаас нь ашиг хонжоо олох зорилгоор өөрийн нэр нөлөөгөө ашиглан хиймэл зээлийн “өр, авлага барагдуулагч” болон оролцож, хөөцөлдөөд байгаа юм.

Энэхүү увайгүй үйлдэлдээ өөрийн нэр нөлөөгөө ашиглан, улстөрийн болон хууль, шүүхийн эрх мэдэлтэй хүмүүст нөлөөлөх, бүр даварсаар хараат бус шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх алхамуудыг сүүлийн үед удаа дараа хийж байна. Энэ нь нэг талаар “Монголчуудын тамын тогооны үлгэр”, нөгөө талаар “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх үгсийг санагдуулж байна.   

Хоёрдугаарт. Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал. Өмгөөлөгч хүн бол үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж маргаантай асуудлыг аль болох үр ашигтайгаар, хурдан хугацаанд шийдүүлэхэд чиглэж ажиллах ёстой.

Гэтэл Газпромбанкны өмгөөлөгч нь маргаантай асуудлыг улам бүр хурцатгах, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессийн алдааг удаа дараа санаатайгаар гаргах, хууль зөрчсөн захирамж шийдвэр гаргуулах, хурал хойшлуулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар сунжруулан хугацаа алдах, шүүхийн өмгөөллөөсөө гадуур хэн нэгэн гуравдагч этгээдтэй хуйвалдан хэрэг маргаанаас хувьдаа ашиг хонжоо хайх, хэвлэл мэдээллээр шүүхийн маргаантай асуудлаараа буруу зөрүү ташаа мэдээлэх, том албан тушаалтны нэр барих зэргээр шүүх хууль хяналтын байгууллагад нөлөөлөхийг оролдож, хуульч өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээгээ умартаж уландаа гишгэж байна.

Энэ байдал хэрээс хэтэрч байгааг өнөөдрийн энэ шүүх дээр олон тооны хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд буруу ташаа мэдээлэл өгч цуглуулан шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа Газпромбанкны өмгөөлөгчийн үйлдэл бэлхэнээ харууллаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж