БНХАУ эдийн засгаа гаднын хөрөнгө оруулагчдад нээж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.
Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн нөхцөл байдал эрс дээшилж, хүн амаа ядуурлаас ангижруулан, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болтлоо хөгжсөн билээ. Харин АНУ-тай хийж байгаа худалдааны дайнаас үүдэн эдийн засагт нь бага зэргийн хүндрэл учирч байгаа ч цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтвортой хэмжээнд байлгах бодлогыг баримтална гэдгээ БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлэв.
Хятадын коммунист нам эдийн засгийн “өөрчлөлт шинэчлэлтийн бодлого”-ыг Дэн Сяопины санаачилгаар 1978 оны арванхоёрдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжүүлсэн байна. Зах зээлийн эдийн засагт шилжих тус бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр тус улсын ДНБ 40 жилийн өмнөхөөсөө 200 дахин ихэсчээ.
Зах зээлийн эдийн засагт шилжсэний 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Си Жиньпин “Хятадын коммунист нам”-ын төв хуралд үг хэлсэн байна. Энэ үеэр тэрбээр Хятадын эдийн засгийг цаашдаа улам нээлттэй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэх таатай нөхцөлийг үүсгэнэ гэв. Мөн Хятадын онцлогтой социализмыг цаашид сайжруулан хөгжүүлж, улс орон нь хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн бай их гүрний дээрэнгүй бодлогоос ямагт ангид байх болно гэдгийг тэрбээр нэг цаг гаруй тавьсан илтгэлдээ дурдсан байна.
Хятад улс нь 2015 оноос дэлхийн шилдэг аж үйлдвэрийн орон болох зорилготой “Хятадад үйлдвэрлэв-2025” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. АНУ-тай худалдааны дайн хийж байгаа энэ үед эдийн засгийн өсөлтөө хэрхэн тогтвортой барихыг нь барууны улс орнууд төдийгүй дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа юм.
Хятад улсын хувьд баян ядуугийн ялгаа, агаарын бохирдол зэрэг дотоодын олон асуудал тулгамдсан асуудал хэвээр байна.
Эх сурвалж: NHK