Б.Шоовдорын барилдаанд “юм ороогүй” бол монголчууд японтой финалдах байлаа
Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэй баг маань саяхан шилдэг багуудын дэлхийн цомын тэмцээнд оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Тэд хэдийгээр Санкт Петербургт “Ногт ганзагалж” очсон ч ОХУ-ын багт хожигдсоноор боломжоо алдсан юм. Хүрэл медаль авч, дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэнэ гэдэг муу амжилт биш ч гэсэн алт авах боломж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Тэмцээний тойргийн барилдаан өндөрлөхөд манай баг шагналын 22 оноо авч, Монгол, ОХУ, Украйны багууд 3 биеэ тойрч хожсон үзүүлэлттэй байв. Шагналын оноог тоолж үзвэл Монголын баг- 37 оноотой, ОХУ-ын баг-35 оноотой, Украйны баг-26 оноотой болсон.
Дэлхийн бѳхийн холбооны багийн тэмцээн явуулах дүрэмд 3 баг нэг нэгнээ тойрч хожсон тохиолдолд шагналын оноог тоолж, хамгийн бага оноотой багийг хасч, үлдсэн 2 багийн хоорондоо барилдсан ялалтын харьцааг харгалзана гэсэн дүрмийн дагуу Украйны баг хасагдаж, манай баг ОХУ-ын багт хожигдсон (3:5) байдлаараа хэсэгтээ хоёрдугаар байр, ОХУ-ын баг нэгдүгээр байр эзэлж, хүрэл медалийн төлөө барилдах болсон юм.
Бөх сонирхогчийн хувьд харахад, манайх хэсгээсээ нэгдүгээр байраар гарах боломж бүрэн байсан. Украины баг ОХУ-ыг 4:4-өөр тэнцэж, ялалтын чанараар дийлсэн байхад манайх Украиныг 6:2-оор илт илүүрхэж ялсан мөртлөө ОХУ-ын багт 3-5-аар хожигдсон. Тэнцүүхэн байдлаас алдсан нэг хожил, хариуцлагагүй барилдсан нэг барилдаан л медалийн өнгийг эргүүлчихсэн гэхэд болно.
Тэнцүүхэн барилдаан гэдэг нь Б.Шоовдорын Валерия Кобловатай хийсэн барилдаан. Барилдаан эхлээд 2 минут 20 секундэд оросын бөх давхар хамж дайрахад Б.Шоовдор дагуулж тонгорч хоёр бөх дэвжээний гадна гарахад орос бөхөд эхний оноог өгсөн. Шүүгч үнэхээр хараагүй юу, эсвэл дэвжээний эздэд тал зассан уу мэдэхгүй. Удаашруулж харахад яах аргагүй орос бөх дэвжээний гадна эхэлж тулаад авсан байсан.
Бичлэг давтаад үзэхэд харагдана. Ингээд барилдаан дэвжээний голоос эхлэхэд дахин нэг оноо нэмж, 0:2 болгосон байгаа. Дэвжээний дотор талд ийм байдлаар унасан бол оноо салахгүй нөхцөл байхад л оросын бөхөд хоёр оноо өгчихсөн. В.Коблова манай бөхийг түрж гаргаснаар эхний үе 0:3-аар дууссан юм.
Шууд дамжуулалт дээр үеийн завсарлагаар оноо салсан агшнуудыг давтаж үзүүлж байсан ч энэ барилдааны үеэр давтаж үзүүлээгүй. Хоёрдугаар үед оноо 1-3 байхад манай бөх сайхан давхар хамсан ч Оросын бөх нуруугаар тэвэрч хамт давхар эргэхэд манай бөхөд нэг оноо өгсөн. Манай бөх улмаар дамжиж ард нь гарахад хоёр оноо заасан ч оросын бөхөд нэмж хоёрыг өгөөд 4:5 илүү гаргачихаж байгаа юм. Барилдаан 4:7-оор дууссан.
Сүүлд алдсан хоёр онооны хувьд, хэрвээ эхний оноон дээр оросууд ажиллаагүй бол манай бөх оноо авах гэж дайрч, хоёр оноо алдахгүй байсан нь тодорхой. Валерия Коблова сүүлдээ хялайж, шүдний хамгаалалтаа унагах зэргээ алиа алдаж байгаа харагдсан. Хэрвээ энэ барилдааныг авчихсан бол ялалтын харьцаа 4:4 болж тэнцэж, чанараар ялах байв. О.Бурмаа өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан ч С.Батцэцэг ялж сурсан Инна Тражуковагаа цэвэр тавьсан болохоор манайх нэг оноо илүү гарсан байлаа.
Ялалтыг эргүүлэх боломжтой бас нэг хүн байсан нь 75 кг-д барилдсан О.Бурмаа. Гэтэл гавьяат өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдаж, багийнхаа найдварыг үгүй хийсэн. Тэрбээр өрсөлдөгчөө ардаа алдаж, нэг мэхэнд дөрвөн удаа орсноор хоромхон зуурт оноогоор цэвэр ялагдсан билээ. Накатанд ороод эргүүлүүлж байх завсар нь дасгалжуулагч Т.Сүхбаатар маш чангаар хэлж зөвлөж байсан боловч хэрэгжүүлэхгүй байсаар ялагдсан. Өөр юм бодоод байгаа хүн шиг л харагдсаныг нуух юу байх вэ.
Багийн мэдүүлэгт 48 кг-д игавьяат тамирчин Д.Отгонцэцэгийн нэр байсан ч дэвжээнд гарсангүй. Г.Наранчимэг гарсан барилдаан болгондоо биеэ дайчилж, үнэхээр сайн барилдлаа. О.Бурмааг амархан ялагдахад “Оронд нь Г.Наранчимэгийг гаргасан бол…” гэж бодогдож байсан. Медалийн өнгийг шийдсэн хариуцлагатай хоёрдугаар тойргийн барилдаанд нэг ийм юм болоод өнгөрсөн.
Нойроо хагаслан байж үзсэн хүний хувьд ийм л сэтгэгдэл төрж байснаа буулгалаа.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn