М.Энхболд: Бүх л асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

LiveМ.Энхболд: Бүх л асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

М.Энхболд: Бүх л асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна

 

 

02 : 27
2018-12-20

МАН-ын Бага хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулав

МАН-ын Бага хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Намын дүрэмд  шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт  нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж,  бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжсэн байна.

 Бага хурлаар намын Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Удирдах зөвлөлийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Батболд нар ажлаа өгсөн учраас тэдний оронд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулах, мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасч, орны гишүүдийг нь томилжээ. Ийнхүү М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг Бага хурлын 95 гишүүн гаргаснаар хурал тарлаа.

00 : 04
2018-12-20

Бага хурлын гишүүдийн олонх УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзлээ

МАН-ын Бага хурлаар УИХ-ын даргыг сайн дураараа огцрох тогтоолоор санал хураасан байна.  Бага хурлаар ийм санал хураалт явуулах нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно хэмээн шүүмжилж байсан гишүүд энэхүү санал хураалтыг эсэргүүцэж хуралдааныг дахин орхиж гарсан байна. Тиймээс санал хураалтад нийт 264 гишүүн оролцсоноос 90 гаруй хувь нь УИХ-ын даргыг огцруулж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, дэмжжээ. 

МАН-ын Бага хурал нийт 369 гишүүнтэй юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна. Тэрбээр "Би өглөө Бага хурал эхлэхэд өөрийнхөө бодол, байр суурийг хэлсэн. Сая болсон Удирдах зөвлөлийн хурлын дараа энэ яригдаад байгаа асуудлуудыг шалгуулах ёстой юм байна, надтай холбож яриад байгаа зүйлүүдийн үнэн худлыг тогтоох ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Би өглөө хэлсэнчлэн өргөдлөө өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ би энд хэдэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр намын Бага хурал, намын удирдлага УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг ярьж, сүүлийн жилүүдэд нийгэмд болсон муу муухай бүхнийг над руу нааж, нялзаах гэж ярилаа. Одоогоос жил гаруйн өмнө намын Бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Сонгуульд амжилттай оролцож чадаагүй буруугаа хүлээж, тухайн үед хурал дээр энэ тухай ярьж байсан. 

Мөн өнөөдрийн хуралдаан дээр зарим гишүүдийн ярьж байгаа шиг "Эрдэнэт" -ийн 49 хувийн асуудал зэрэгт би холбоотой биш ээ.  Анх "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалын талаар 2016 оны зургадугаар сарын 24-нд дам мэдээ сонсоод ОХУ-д ажиллаж байсан Элчин сайд н.Хангайг дуудаж энэ талаар ямар нэг зүйл мэдэж байсан эсэх, судалж өгөөч гэж ажиллуулж байсан. Тухайн үеийн намын штаб дээр ажиллаж байсан хүмүүст энэ тухай хэлж, ярилцаж байсан. Ингэж байтал зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны ажил дууссан үед мэдээлэл хийж болохгүй байсан учраас штабт ажиллаж байсан С.Батболд гишүүнээр “МАН сонгуульд ялах юм бол "Эрдэнэт" үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгаж,  хууль номын дагуу  тодорхой арга хэмжээ авна гэдэг мэдэгдлийг ” хийлгэж байсан. Дараа нь Ц.Нямдорж дарга ажлын хэсэг байгуулж, шалгасан. Ажлын хэсгийн дүнг сонсоод УИХ -аас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах, хувьчилж авсан этгээдүүдтэй хэлэлцээ хийх талаар УИХ-ын тогтоол гарсныг би дэмжиж байсан. Өнөөдөр  энэ "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалд намайг, манай намын нөхдийг оролцоотой мэт  ярьж байгааг би хүлээж авах боломжгүй. Бодит үнэн ийм байсан. Мөн Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын тухай асуудал намайг Ерөнхий сайд болохоос өмнө шийдэгдсэн, би ямар нэг оролцоо байхгүй" гэж байр сууриа илэрхийлжээ.

Яг одоо МАН-ын Бага хурал үргэлжилж байгаа бөгөөд намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 

23 : 33
2018-12-19

Бага хурлыг үргэлжлүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дууссанаар хэсэг хугацаанд завсарлаад байсан Бага хурал эхэллээ. 

Одоо уг хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох эсэх асуудлаар гишүүдээр санал хураалгах юм. 

Санал хураахын өмнө Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын дарга Бага хурлын гишүүдэд мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “Намын Удирдах зөвлөл сая хуралдлаа. Асуудлыг нэлээд нухацтай олон талаас нь ярьж, санал бодлоо  солилцлоо. Ний нуугүй ч хэлэлцлээ. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд ч их ярилаа. УИХ-ын 40 гишүүн ажил хаясан, УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд хэвлэл мэдээллээр цацсан, нөхцөл байдал хүнд байгаа. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой болчихсон байна. Тийм учраас намынхаа эв нэгдлийг бодоод дараа дараагийн сонгууль, олон нийтийн уур амьсгал шахалт улс төрийн нөхцөл байдлыг М.Энхболд дарга дахин тооцож үзэж, тавьсан шаардлагыг хүлээгээд авбал яасан юм гэдгийг ярилаа. УИХ-ын дарга маань энэ асуудлыг хүлээж авах боломжгүй хууль дүрмийнхээ дагуу шийднэ биз дээ гэсэн байр суурьтай байна. Мөн хаалттай хуралдаан явж байгаа учраас би хэлэхийг хүсч байна. Бид хоёр бас уулзсан. Олон жил нөхөрлөсөн энэ намын хүнд хэцүү цагт хамтдаа явсан найз нөхдийн хувьд, журмын нөхдийн хувьд би бас намын даргын хувьд уулзаж УИХ-ын даргын ажлаа өгвөл яасан юм бэ?.  Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдвөл яасан юм бэ гэж хүсэлт тавьсан. Надад дээрхи хариултаа бас хэлсэн. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна, их хурлын гишүүдийн санаа бодол байна аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ. Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа УИХ-ын гишүүдийн сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг УИХ-ын даргад тавьсан. Хоёулаа олон жил улстөрийн ажил хийсэн. Авч ч байлаа, өгч   ч байлаа том эрх ашгаа бодоод ийм шийдвэр гаргавал ямар вэ? Ийм саналыг би танд тавьж байна гэж хэллээ. УИХ-ын дарга маань үүнийг хүлээн авах боломжгүй гэж хэллээ. Ингээд бидний уулзалт ярианы сэдэв ерөнхийдөө хаагдлаа. Тийм учраас Бага хурал дээр намын даргын оруулж ирсэн хүсэлтийн дагуу улстөрийн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Энийг би Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байгаа” гэжээ.

 

23 : 11
2018-12-19

Удирдах зөвлөл: Бага хурлаас гишүүд хөөхгүй

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа.  Тус хуралдаанаас  намын Бага хурлаас гишүүнийг хөөхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Удирдах зөвлөлөөс МАН-ын нэр бүхий долоо гишүүнийг Бага хурлын гишүүнээс хасах шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж байсан юм. 

Мөн уг хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгд гэдэг саналыг Ерөнхий сайд гаргасан аж.

УИХ-ын дарга  М.Энхболд “Би МАН-ын удирдлагын шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өгөө, би ч бас өгье. Хоёулаа төрийн эрх барих дээд байгууллагын гацааг арилгая. Төр, ард түмнээ бодъё оо.

УИХ-ын дарга М.Энхболд “Би энэ саналыг хүлээн авах боломжгүй” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй гэсэн учраас Бага хурлын гишүүдээр санал хураалгахаар болсон байна.

Удирдах зөвлөлийн өмнө хуралдсан Намын Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч энэ асуудлыг хэлэлцэх хуулийн зохицуулалт байхгүй, санал хураавал хууль зөрчсөн үйлдэл болно гэж УИХ-ын дарга болон бусад гишүүд үзэн, хурлыг орхиж гарсан юм. 

22 : 22
2018-12-19

Н.Номтойбаяр: УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Бага хурлаар хэлэлцэх боломжгүй

Номтойбаяр

МАН-ын Бага хурал түр завсарласнаар, Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Бага хурлын завсарлагаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Бага хурлаар хэлэлцэж, хуульд нийцүүлэхийн тулд Удирдах зөвлөлийн хуралдааныг хийж байна гэх?

-МАН бол төрийн бус байгууллага, улс төрийн нам. Сүүлийн үед энэ нам төрийн дээр гишгэх боллоо гэдэг шүүмжлэл гарах болсон нь бодитой юм.  Харин одоо Үндсэн хуулийнхаа дээр гараад байна. Хүч түрж байж, нам татан буугдах хэмжээнд хүрэх вий гэдгийг сануулсаар байтал хүч түрлээ.

УИХ бол төрийн институци шүү дээ. Тиймээс энэ асуудлыг Бага хурлаар хэлэлцэж болохгүй. УИХ-ын даргыг Бага хурлаас томилоогүй. Үндсэн хууль зөрчиж, өөрсдийн хүсэлдээ тааруулж шийдвэр гаргаж болохгүй.

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Цагаан суваргын ордыг буцааж авах тогтоол гарсан гэх мэдээлэл байна. Танд мэдээлэл ирсэн үү?

-Би эзэмшигч нь биш болохоор надад ирээгүй.

-Бага хурлаар 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудлыг ярилцсан уу?

-60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах гэсэн хэрнээ ЖДҮХС-тай холбоотой асуудлыг орхигдуулсан тогтоол батлах гэж байсан. Тиймээс бидний хэдэн гишүүд эсэргүүцэж, тогтоолд редакцын засвар хийхээр болсон.

-Зарим гишүүдийг МАН-ын Бага хурлаас хасах асуудал яригдана гэж байсан. Хэлэлцсэн үү?

-Надад байгаа мэдээллээр зургаан гишүүнийг намын Бага хурлаас хасна гэсэн. Намаас хөөж байгаагаас ялгаагүй. Тэр дунд миний нэр бий. Ялангуяа намын дарга У.Хүрэлсүхийн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг дэлгэсэн нь хөшүүрэг болсон байх. Ер нь намайг 2014 оны аравдугаар сараас л хөөх бодол, яриа байсан, дарга нарын түвшинд. Бусад Бага хурлаас гарах гишүүдийг хэлж мэдэхгүй байна.

-МАН-ын гишүүдийн зүгээс өнөөдөр намд үүсээд байгаа нөхцөл байдлаар эв зүйгээ олох болов уу гэсэн хүлээлт байсан байх?

-Хэнийг хуурах гэж бид эвлэрэх вэ. Энэ нам дотор зарчим, хууль дүрэм гэж байх ёстой. Бага хурлын 300 гаруй гишүүн бүгд 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой.  МАН-ын дарга байсан М.Энхболд, Засгийн газрын тэргүүн, Шадар сайд байсан У.Хүрэлсүх бүгдэд хамаатай. Би ч гэсэн хамаатай.  Мөн ЖДҮ-тэй холбоотой асуудлыг У.Хүрэлсүх сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өөрт нь У.Давхарбаяр гэдэг дүү байдаг гэж хэлсэн. Миний дүү биш гэж хэлээгүй. Хууль бусаар зарцуулаагүй бол хэрэг биш гэж хэлээд байгаа юм.  

Нэг зүйлийг тодотгоод хэлэхэд 1,3 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮХС-аас авсан зээлийг Ч.Батмагнай, У.Давхарбаяр гэсэн хоёр хүн авсан. Ч.Батмагнай гэдэг хүнийг судлахад бизнес хийдэг хөдөлмөрч хүн байна лээ. Ийм асуудлаар нэр хүндэд нь нөлөөлчих вий, хэрэв нэр хүндэд нь нөлөөлөлсөн бол хүлцэл өчиж байна. Харин У.Давхарбаяраас хүлцэл өчихгүй. Тэр тусмаа У.Хүрэлсүх сайдаас бүр ч хүлцэл өчихгүй. Ямар ч гэсэн ЖДҮ-чин даргатай, намын гишүүдтэй л боллоо.

19 : 52
2018-12-19

М.Энхболд нарын 27 гишүүн Бага хурлыг орхин гарлаа

МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар боллоо.  МАН-ын Бага хурал дөнгөж сая түр завсарлалаа. Хурлын төлөөлөгчид үг хэлсний дараа "60 тэрбумын асуудлыг хуулийн байгууллагаар шалгаж тогтоолгох, УИХ-ын дарга М.Энхболд ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгөх чиглэлийг Бага хурлаас өгөх утга бүхий тогтоолын төслүүдийн агуулгыг батлуулахаар мандат өргүүлж, дэмжсэн байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд болон түүний  талын 27 гишүүн эсэргүүцэж, хурлыг орхин гарлаа. Энэ үеэр намын дарга У.Хүрэлсүх намын Удирдах зөвлөлийн хурлыг зарласнаар Бага хурал түр завсарласан байна.

19 : 44
2018-12-19

Бага хурлын гишүүд саналаа хэлж дууслаа

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан илтгэлтэй холбогдуулж Бага хурлын гишүүд санал хэлж дууслаа. Эх сурвалжийн мэдээллээр одоо редакцын комиссын дүгнэлт гарах юм байна. Энэхүү дүгнэлтээс шалтгаалж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх эсэх асуудлаар Бага хурлын гишүүдээр санал хураалгах эсэхийг шийдэх аж.

Хуульд зааснаар УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг намын Бага хурлаар хэлэлцэх ёсгүй. Иймээс санал хураах шийдвэрт хүрвэл хуулийн дээрх эл заалтыг үндэслэн УИХ-ын дарга М.Энхболдын талынхан Бага хурлыг хаяж гарч болзошгүй юм байна.

19 : 09
2018-12-19

С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой

МАН-ын Бага хурал хаалттай горимоор үргэлжилж байна.

Улаанбаатар хотын дарга асан С.Батболд “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүс бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Өөрсдөө аваагүй. Ах дүүс нь авсан гэж ярих юм. Тийм зүйл битгий ярь. Ард түмний өмнө хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээцгээ. Д.Амарбаясгалан намаа хагалдаг үйлдлээ таслан зогсоо. Хэвлэлээс материалаа татуулдаг байдлаа зогсоо. Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг хэлэлцэх биш Д.Амарбаясгаланг ярих ёстой байсан юм” гэжээ.

Одоо УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар үг хэлэх юм байна. 

18 : 50
2018-12-19

МАН-ын Бага хурлын хамгаалалтад боксчид хамааралгүй гэв

УИХ-ын гишүүн А.Ундраа Бага хурлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ “Бага хурал өндөр хамгаалалт дор болж байна. 200 боксчин хамгаалалтад гарсан гэж хэллээ” гэх тайлбар өгсөн. Энэ талаар бид Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай холбогдож тодруулахад “Монголын боксын холбооны тамирчид МАН-ын Бага хурлын хамгаалалтад гараагүй, улс төрийн үйл явдалд тамирчдыг оролцохгүй байхыг хүсье” гэсэн тайлбар өглөө. 

18 : 32
2018-12-19

Ж.Мөнхбат: Нам гэдэг нэг хүний хувийн компани биш

МАН-ын Бага хурал үргэлжилж байгаа бөгөөд гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний нэрийг Бага хурлын гишүүнээс хасах хүмүүсийн тоонд оруулсан гэх юм. Би дөнгөж сая Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Батбаатартай уулзлаа. Гурав дахь хэлэлцэх асуудал дээр хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хасахаар оруулна. Чиний нэр Бага хурлын гишүүнээс хасагдах хүмүүс тоонд багтсан гэж хэллээ. Энэ одоо юу болж байна аа. Нам гэдэг чинь нэг хүний хувийн компани биш. Үүнийг би М.Энхболд даргын үед ч хэлж байсан. Одоо бид Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргах гээд сууж байна. Нөхцөл байдлаа хар л даа" гэжээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр хоорондоо ойлголцоод 60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой асуудлаа УИХ, намын бүлэг, Удирдах зөвлөл дээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсголоо хийж, хуулийн байгууллагад шалгуулж тогтоосны дараа хариуцлагын асуудлыг ярих нэг сарын хугацаатай үүрэг өгөх шийдвэрийг Бага хурлаас гаргах ёстой. Тиймээс бид асуудалд эрүүл ухаанаар хандмаар байна. Тэгэхгүй хүч түрсэн, эрүүл бусаар асуудалд хандах юм бол мордохын хазгай болно шүү. Цааш цаашдаа 2020 онд бидний ялалт 2021 оны 100 жилийн ой алга болно. Тиймээс Бага хурлын гишүүд асуудалд эрүүл саруул ухаанаар хандана уу гэж хүсмээр байна. Энэ Бага хурлаас УИХ-ын даргыг ажлаа өгөх шийдвэр гаргавал төрийн дээр нам гарсан байна гэдэг л мессежийг нийгэмд өгнө шүү. МАН-ыг татан буулгах, УИХ-ыг тараах асуудал газар авч, хүчийг авна. Төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах нь УИХ-ын гишүүдэд бий. Асуудлыг эв зүйгээрээ зөвшилцөх, ойлголцох энэ зарчмаа барьж шийдэх нь зөв юм шүү” гэлээ. 

17 : 57
2018-12-19

Л.Энх-Амгалан: У.Хүрэлсүх, М.Энхболд хоёулаа огцор

МАН-ын Бага хурал хаалттай горимоор Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл танилцуулсантай холбогдуулан Бага хурлын гишүүд саналаа хэлж, асуулт тавьж буй юм. Сая УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд та хоёр  өргөдлөө өгөөд огцор. МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ бас огцоръё" гэсэн санал гаргасан байна. 

17 : 12
2018-12-19

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд дарга та хуулийнхантай холбоотой нь үнэн

Нэрсээ өгсөн гишүүд үг хэлж байгаагаар МАН-ын Бага хурал үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид цагаа сунгаад шөнөжингөө хэрэлдээд ч хамаагүй яриад  шийдэлд хүрэх хэрэгтэй. Ингэж байж бид цаашаа явах ёстой гэж  бодож байна. УИХ-ын дарга М.Энхболд хууль хяналтын байгууллагатай холбоогүй гэж хэллээ. Холбоотой нь үнэн. АТГ-ын Х.Энхжаргал дарга хэрвээ миний асуудлаар оролдох юм бол гурав байсан асуудлыг 30 болгоно гэж хэлж байсан ийм зүйл болсон. Зунаас хойш өдөржин, шөнөжингөө бид асуудал дундуур явж байгаа. Ингэж явах нь гоё зүйл биш. Үүнийг би ирээдүйн намынхаа төлөө хийж байгаа зүйл гэж би  залуу гишүүний хувьд бодож байгаа. Одоо эв нэгдэл гэж ярьж байна. Залуучуудын холбооны НАМЗХ-ны хурлаар энэ бүх зүйлийг зохион байгуулсан хүн бол М.Энхболд дарга та өөрөө. Манай зарим нөхдүүдтэй уулзаад явж байгааг нь би ердөө ойлгодоггүй байсан. Үүнийг чинь МАНАН гэж байгаа юм. МАНАН гэдэг МАН, АН хоёр Засгийн газрыг хамтарч байгуулах тухай хэлж байгаа юм биш. Намаас, төрөөс , парламентаас дээгүүр, хууль хяналтын байгууллагаас дээгүүр байгаа эрх мэдлээр Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг аваад хязгааргүй эрх мэдэлдээ цаашаа явах, яг Сингапур, Мексикийн хар тамхичид шиг тийм зүйл хийж байгааг нь харсан учраас бид арга буюу үүний төлөө зогсож байгаа юм.

Тийм учраас өнөөдөр энэ асуудлыг бид Бага хурал дотроо шийднэ. Үгүй бол нийгмийн асуудал болж хувирна” гэлээ.

Ш.АДЪЯАМАА

15 : 57
2018-12-19

Завсарлага дуусаж, хурал үргэлжиллээ

МАН-ын Бага хурал хаалттай горимоор дөнгөж сая үргэлжилж эхэллээ.  Үүний өмнө Бага хурлыг 15 минут түр завсарлуулсан юм. Хуралд нийт 360 гаруй гишүүд оролцож байгаа бөгөөд 40 гаруй нь үг хэлнэ.

МАН-ын Бага хурлын үдээс өмнөх хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын илтгэл тавьсны дараа гишүүд нь санал хэлж, асуулт асууж эхэлсэн. Үүний үргэлжлэл болж, одоо 40 гаруй гишүүн санал хэлэх юм.

15 : 13
2018-12-19

Бага хурлыг завсарлууллаа

МАН-ын Бага хурлыг түр завсарлууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд нар илтгэл тавьсны дараа Бага хурлын гишүүд саналаа илэрхийлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та 2 намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна" гэжээ. 

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл "Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хууль гэж байдаг гэдгийг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй.

Завсарлагыг 15 минутын хугацаатай өгсөн байна. Завсарлагын хугацаа дууссаны дараа Бага хурал үргэлжлэнгүүт нийт 44 гишүүн санал хэлэх юм байна. 

15 : 10
2018-12-19

А.Ундраа: Боксын 200 орчим тамирчдыг авчирсан гэж байна

МАН-ын Бага хурлын талаар УИХ-ын гишүүн А.Ундраагаас тодрууллаа.

-Бага хурлаар ямар асуудал хэлэлцэж байна вэ?

-УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэсэн асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Намын Бага хурлын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд  ч тэр ийм санал хураалт явуулах нь  хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг намын Бага хурлаар шийддэггүй. УИХ-аар шийддэг. Тиймээс Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү  турхирч, түлхэж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлээд гарч ирлээ. Намын бага хурлын гишүүд хууль зөрчих вий гэдгээс би болгоомжилж байна.

-Бага хурал өндөр хамгаалалт дор явагдаж байна. Дотор хурлын уур амьсгал ямар байна вэ?

-Би олон удаагийн хуралд оролцож байсан, гайхаж байна. Өмнө нь Бага хурлын хуралдаанууд хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хурлын танхимаас гараад үүдэнд ирэхэд хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Энэ хүмүүстэй хэн  хэн гэрээ хийсэн, яагаад ийм хамгаалалттай байгаа юм гэхэд боксын 200 орчим тамирчдыг авчирсан гэж байна. Хэнийг хэнтэй маргалдаан, тэмцэлдээнд уриалаад байгаа нь ойлгомжгүй, түгшүүртэй байна л даа.

Бага хурлаар нэр бүхий гишүүдийг хөөнө гэсэн мэдээлэл байна. Танд мэдсэн зүйл байна уу?

-Хяналтын ерөнхий хорооны  хуралдаанаар нэр бүхий гишүүдийг намаас хөөх тухай яриа нэлээд хэд хоногийн өмнө  гарсан. Өнөөдрийн байдлаар гишүүдийг хөөх шийдвэр гараагүй байгаа гэж ойлгож байна.

Ш.Адъяамаа

14 : 40
2018-12-19

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх санал гаргана

МАН-ын Бага хурал хурал хаалттай горимоор үргэлжилж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Бага хуралд оруулах юм байна. Тиймээс энэ саналаар санал хураалт явуулах аж. Одоо Бага хурлын гишүүд намын даргаасаа асуулт асууж, саналаа илэрхийлж байна. 

14 : 02
2018-12-19

М.Энхболд: Харамсалтай нь бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан

enkhbold

МАН-ын Бага хуралд УИХ-ын дарга үг хэллээ. Тэрбээр  "60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог" хэмээлээ. 

13 : 21
2018-12-19

У.Хүрэлсүх: Хувийн компани намын томилгоог зурж байна

hurelsuh

МАН-ын Бага хурал хаалттай горимоор үргэлжилж байна. Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавив. Тэрбээр “Ардын нам ардын нам байх ёстой, олигархуудын биш. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсч байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байна. МАНАН бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд мордохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан.

М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Би нөхдөө бодож болно, зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ, шалтгаан байсан өөрсдөө хэлсэн. Гэвч Засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл

Д.Хаянхярваа дарга бүлгээ 2 хуваасан, сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай, гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй. Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” гэлээ. 

Харин одоо УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. 

12 : 01
2018-12-19

МАН-ын Бага хурал 66,7 хувийн ирцтэйгээр эхэллээ

МАН-ын Бага хурал дөнгөж сая 66,7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Бага хурал 369 төлөөлөгчтэй бөгөөд хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Хуралдааны эхэнд намын дарга У.Хүрэлсүх тодорхой саналуудыг хурлын гишүүдэд танилцуулах юм. 

Мөн хуралтай зэрэгцээд Тусгаар тогтнолын ордны гадаа МАН-ын гишүүд дэмжигчид тус намын генсек Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрохыг шаардан, жагсч байна. 

10 : 27
2018-12-19

МАН-ын Бага хурал гишүүдээ бүртгэж байна

МАН-ын III Бага хурал өнөөдөр /2018.12.19/ 11.00 цагт товлогдсон, гэхдээ хараахан эхлээгүй гишүүдээ бүртгэж байна. Тус хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох бол түүний дараа Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм байна.

Мөн Бага хурлаар Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүдээс зарим гишүүдийг чөлөөлөх, нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Мөн сүүлийн үед МАН дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний ээлжинд долоон гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх бөгөөд үүнээс тав нь УИХ-ын гишүүн юм байна. Гэхдээ Бага хурлын гишүүнээс зарим гишүүдийг хасвал М.Энхболдын талын гишүүд бүгдээрээ хасагдсан нь дээр гэдэг байр суурь баримтална гэж ярилцжээ.

Бага хурал 369 төлөөлөгчтэй. Удирдах зөвлөл болон намын даргын санал оруулснаар асуудлыг хэлэлцэнэ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралддаг уламжлалтай ч энэ удаад хуралдсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж