Хуучнаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны урд орших “Баянзүрх” захад өчигдөр 21.00 цаг өнгөрч байхад гал гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн.
Өнөөдөр өглөө биднийг сурвалжлага хийхээр тус захад очиход хаалга бүрийн урд тууз татсан байлаа. Зах руу хүн оруулахгүй байв. Учир нь зах дотор цагдаа нар үзлэг хийж буй юм. Шилэн хаалганы гаднаас харахад цагдаа нар лангуунууд руу гэрэл тусган, тэмдэглэл хийж байгаа харагдав. Харин захын гадна хэдэн эмэгтэйчүүд цугласан байсан нь худалдаачид юм. Тэднээс хэчнээн төгрөгийн бараа галд өртсөн талаар асуухад “Нэг хүнсний лангуунд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ дотор үзлэг хийж байгаа гээд биднийг дотогш оруулахгүй байна. Тиймээс чухам хэчнээн лангуу галд өртсөн, ямар хэмжээний хохирол учирсанаа мэдэхгүй байна” гэсэн тайлбар өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаас бид галын шалтгааны талаар тодруулсан юм. Тэрбээр “Баянзүрх дүүргийн VI хороо “Баянзүрх” захад гал гарлаа гэх дуудлагыг өчигдөр /2018.12.18/ 21.57 цагт авсан. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын I хэлтэс очиж, 25 минутын дотор галыг унтраасан. Биднийг очих үед хүнсний зургаан лангуу галд өртсөн байсан. Галыг унтраасны дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Тэд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” гэлээ.
Бидэнд олдсон нэмэлт мэдээллээр урьдчилсан дүгнэлтээр худалдааны төвийн нэг давхарт эхэлж гал гаран, хоёр, гуравдугаар давхруудад тархсан байна. Гал тархсан нэг, хоёрдугаар давхарт хүнсний, гэр ахуйн болон гоо сайхны барааны лангуунууд байрладаг аж.
Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэрэг нээн, галын бүсэд байсан худалдаа эрхлэгчдийг бүртгэн, холбогдох хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Холбогдох газрууд галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.
Холбоотой мэдээ