Английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтед клубын удирдлагууд багийн дасгалжуулагч “Онцгой нэгэн” буюу Португал мэргэжилтэн Ж.Моуриньог ажлаас нь халж буйгаа өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэв.
55 настай Португал мэргэжилтэн Ж.Моуриньо 2016 оны зун Манчестер Юнайтед клубын дасгалжуулагчаар томилогдож байсан бөгөөд Карабао цом, коммунити шилд болон Европа лигт тус бүр нэг түрүүлсэн. Энэ бол түүний Манчестер Юнайтед клубт үзүүлсэн амжилт юм. Гэвч түүний удирдсан Манчестер Юнайтед клуб энэ улирал сүүлийн 28 жил байгаагүй муу амжилттай явж байна. Өнгөрсөн хугацаанд 400 сая фаундыг тоглогч авахад зарцуулсан ч өсөлт байхгүй байсаар өдийг хүрсэн. Өдгөө түүний удирдсан баг лигтээ 17 тоглолтын дараах байдлаар 7 хожил, 5 тэнцээ, 5 хожигдолтойгоор 26 оноотой хүснэгтийн 6-р байранд бичигдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд ривал болох Ливерпүүл клубт 3-1 харьцаатай хожигдсон. Ямартаа ч Манчестер Юнайтед клуб дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлж дараагийн хүнийнхээ эрэлд гарлаа.
Одоогоос 28 жилийн өмнө нутгийнхаа Бенфика клубыг удирдан дасгалжуулагчийн карьераа эхлүүлж байсан Ж.Моуриньо 2004 онд Порто клубыг удирдан Аваргуудын лигт түрүүлгэн хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн хүчтэй шинэ дасгалжуулагч гарч ирж буйгаа зарлаж байсан. Порто клубыг Аваргуудын лигт түрүүлгэсэн жилээ нэгэн удаагийн ярилцлагандаа би бол “Онцгой нэгэн” хэмээн хэлснээр энэ нэр Ж.Моуриньог илтгэх болсон. Өнгөрсөн хугацаанд тэр Португалын 3, Английн 2, Итали болон Испаний тус бүр 1 багийг удирдаад байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ