Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрт хальжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрт хальжээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ. Тэрээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээн газар төрсөн байдаг. Монголын яруу найргийн нэгэн тод од тэнгэрт хальж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ум сайн амгалан болтугай.

ТӨРИЙН ШАГНАЛТ, МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВ

"ТЭНГЭРИЙН ХҮҮ"

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан

Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн

Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж

Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч

Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч

Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч

Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан

Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь

Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан

Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин

Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан

Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан

Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан

Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан

Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан

Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур

Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм

Сэрэхтэй нь зэрэг би явна

Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж

Морин толгойтой хууранд тань

Монгол аялгууг хоршин дуулж сууна

Хүмүүс минь ээ

Газрыхан минь ээ

Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй

Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна

Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи

Ганцхан энэ мөрийг минь

Гайгүй сайн тогтоож аваарай

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж