Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Цаа бугаа хөлөглөсөөр цасан охидоо дагуулан ирэх өвлийн өвөөгөөс бэлэг авах агшныг хүүхэд бүр догдлон хүлээдэг. Бас болоогүй ээ, хэн нь олон бэлэг авснаараа өрсөлдөнө. “Манай эмээ, өвөө, ах, эгч, аав, ээж ийм гоё бэлэг өгсөн, шагнасан” гээд л яриа үүсгэдэг.
Харин та шинэ жилээр хүүхдэдээ ямар бэлэг өгдөг вэ. Уут дүүрэн амттан уу, бэлэг сонгохдоо яг юуг нь чухалчилдаг вэ?.
Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар шинэ жилийн баяраар олонх нь хүүхдэд өгөх бэлгээр амттан сонгодог бөгөөд тухайн бэлгэнд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна. Ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцэх юм. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 5-8 грамм сахар хэрэглэх стандарттай юм.
НЭГ УУТ БЭЛГЭНД ХҮҮХЭД ӨДӨРТ ХЭРЭГЛЭХ САХАРЫН НОРМООС 20-40 ДАХИН ИХ САХАР АГУУЛАГДАЖ БАЙНА
Дэлгүүрийн лангуунаа өнгө өнгөөр алаглах уут дүүрэн бэлгэнд хугацаа нь дууссан, чанаргүй бүтээгдэхүүн багтаасан байх нь олонтаа. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгороос тодрууллаа.
Тэрбээр “Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор шалгалтын ажил эхлүүлсэн байгаа. Хүүхдийн бэлэгтэй холбоотойгоор аж ахуйн нэгж дэлгүүр нь санаатай болон санаандгүйгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боох зөрчил илэрч байгаа. Урьдчилан сэргийлэх шалгалтад 85 аж ахуйн нэгж, 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна. Шалгалтаар 116 зөрчил илэрсэн. Тухайлбал, Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд хаяг шошгын зөрчилтэй 39 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авсан. Мөн эдгээр газруудаас хадгалалтын хугацаа нь дууссан 22 төрлийн 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан. Хүүхдийн бэлгэнд сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн сонгож байна. Тухайлбал, 500 гр ундаанд 54 гр сахар агуулагддаг. Тухайн бэлгэнд ундаанаас гадна дунджаар 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн байгаа. Ингээд тооцвол шинэ жилийн нэг уут бэлгэнд хүүхэд өдөрт хэрэглэх сахарын нормоос 20-40 дахин их сахар агуулагдаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бага насны хүүхэд өдөрт таван грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг. Тиймээс хүүхдэд бэлэг сонгохдоо бүтээгдэхүүнийх нь хаяг шошго, найрлагыг сайн харах шаардлагатай. Хуулийн дагуу Монгол Улсад худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний шошго нь англи, орос, монгол хэл дээр байх ёстой. Хэрэв ямар нэгэн зөрчилтэй бүтээгдэхүүн борлуулж байхтай таарвал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн биеэр мэдэгдэж болохоос гадна 70128012 дугаарын утсанд холбогдон мэдээлэл өгч болно” гэлээ.
САХАРЫГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭР ДАРХЛАА СУЛАРНА
Хүүхэд сахарын нормыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд нь ямар хөнөөлтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулаас тодрууллаа.
-Хүүхэд сахарыг хэтрүүлэн хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр шим тэжээлийн дутагдалд ордог. Учир нь сахар илчлэг ялгаруулдаг бөгөөд биед шаардлагатай, хэрэгтэй илчлэгийг хоол хүнснээс авч чадахгүйд хүрдэг юм. Сахарын хэмжээг хэтрүүлснээр цадсан мэдрэмж төрж, хоолонд дургүй болдог. Зөвхөн амттан идэх сонирхолтой болдог. Мах, жимс, хүнсний ногооноос авах ёстой уураг зэрэг шимт бодис, эрдэс бодис, амин дэмийг авч чадахгүйд хүрдэг. Ингээд шим тэжээл, амин дэмийн дутагдалд ордог.
-Сахар хэтрүүлэн хэрэглэдэг хүүхдийн зарим нь таргалалттай, зарим нь хэт туранхай байдаг. Үүний шалтгаан юу вэ?
-Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаа гарсан. Судалгаагаар хүүхдүүдийн илүүдэл жин, таргалалтын шалтгааныг гаргасан. Судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй гэж гарсан. Үүний шалгаан нь эрүүл бус хүнс хэрэглэдэгтэй холбоотой. Хүүхдүүд хийжүүлсэн ундаа, чипс, амттан, түргэн хоол их хэрэглэж байна. Хүүхдүүдийн 99 хувь нь эрүүл бус хүнс хэрэглэдэг нь судалгаагаар батлагдсан. Сахарын хэтэрсэн хэрэглээ нь илүүдэл жин, нөгөө талаас хэт турахад хүргэдэг. Учир нь шаардлагатай шим тэжээлээ авч чадаагүйгээс уураг, шим тэжээлийн дутагдалд ордог. Өөрөөр хэлбэл, далд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн үг. Ингэснээр хүний дархлааг дэмжиж, сайжруулдаг эрдэс бодис, амин дэм алдагдаж, дархлаа суларч, өвчлөмтгий болгодог.
Мөн илчлэгийн илүүдэл үүсч таргалалтад нөлөөлж байгаа юм. Таргалалтад өртсөнөөр цаашид зүрх судас, чихрийн шижинд нэрвэгдэх эрсдэлтэй.
-Сахарын хэтэрсэн хэрэглээ нь донтолтод хүргэдэг. Чихэрлэг зүйл тогтмол хэрэглэдэг хүүхэд түүнийгээ нэхэх, хэтрүүлэн хэрэглэхийг шаардах нь бий. Энэ тохиолдолд эцэг эх ямар арга хэмжээ авах вэ?
-Чихэрлэг зүйл нь хүнийг донтуулдаг. Хэтрүүлэн хэрэглэдэг хүний бие түүнийгээ нэхэж байдаг. Тиймээс байгалиасаа сахарын агууламжтай бүтээгдэхүүн жимс зэргийг орлуулан хэрэглэж болно. Нэрс, чацаргана, аньс зэрэг жимсийг буцалгаад бага зэрэг чихэр нэмээд өгч болно. Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх шаардлагатай. Тараг нь хүүхдийн гэдэсний бичил биетний хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Аль болох сахаргүй, байгалийн цэвэр сахартай бүтээгдэхүүн өгч байх хэрэгтэй.
-Аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо шошгыг нь сайн хар гэдэг. Шошгод ямар тэмдэглэгээ байвал аюулгүй гэж үзэх вэ?
-Насанд хүрсэн хүний өдөрт хэрэглэх сахарын хэмжээ дунджаар 30 гр байдаг. Энэ нь сахарыг өдөрт зургаан амны халбагаас хэтрүүлж болохгүй гэсэн үг. Харин монгол хүүхдүүдийн хувьд өдөрт 10-15 гр сахар хэрэглэж болно. Аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо хаяг, шошго дахь 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах чихэр, тос, давсны агууламжийг сайн харах хэрэгтэй.
Шошго дээр 100 гр бүтээгдэхүүнд 5-10 гр сахар агуулагдаж байвал анхаарал татахуйц, таваас бага байвал чихэр багатайд тооцогддог. Харин 10 гр-аас дээш сахар агуулагдаж байвал чихрийн агууламж ихтэйд тооцогддог. Тиймээс 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээ 10 гр-аас бага бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Харин энэ хэмжээ 30 гр-аас их бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй.
Тухайлбал, 500 гр ундааны шошго дээр 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээ 10 гр гэж бичсэн байгаа. Энэ нь тухайн ундаанд 50 гр гаруй сахар агуулагдаж байна гэсэн үг. Ундааг сонгож болох ч өдөрт хэрэглэх сахарын норм гүйцэж байгааг анхаарах хэрэгтэй.
Харин шинэ жилээр хүүхдэд ямар бэлэг сонгодог болон хүүхэд шинэ жилээр ямар бэлэг авахыг хүсдэгийг сонирхлоо.
ХҮҮХДИЙН ХҮСЧ БАЙГАА ЗҮЙЛИЙГ БЭЛЭГЛЭДЭГ БОЛСОН
-Би найман ач, зээтэй. Жил бүрийн шинэ жилээр тэдэндээ хор багатай, Оросын бүтээгдэхүүн авч өгөх сонирхолтой байдаг. Орчин үеийн хүүхдүүд хэт чихэрлэг зүйлд дургүй болсон байна лээ. Миний хувьд цагаан идээнээс гадна зөвхөн идэх зүйл биш, авахыг хүсч байгаа зүйлийг нь өгөхийг эрмэлздэг. Орчин үеийн хүүхдүүд их өөр болсон. Дээр үед хүүхдүүдэд байгаа зүйлээ бэлэглэдэг байсан бол орчин үед хүүхдүүдийн хүсч байгаа зүйлийг бэлэглэдэг болж байна.
БҮГД АМТТАНТАЙ БЭЛЭГ БАЙДАГ
-Шинэ жилээр таваас олон удаа бэлэг авдаг. Бүгд амттантай бэлэг байдаг. Надад өгч байгаа бэлэг амттай зүйлээр дүүрэн байвал гоё. Би жимстэй жигнэмэгэнд дуртай. Бэлгэнд маань жимстэй жигнэмэг байвал гоё.
Холбоотой мэдээ