"Компаниуд банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

"Компаниуд банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэнэ"

Сүүлийн жилүүдэд малын тоо өсч, бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярих болсон. Тийм учраас малаа цөөлөх бодлого баримталж байна

Засгийн газар мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх  зорилгоор Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Ингэснээр өвөлжилт хүндэрсэн аймгаас нөөцийн мах түлхүү бэлтгэх болсон юм. Өнгөрсөн жил 14 мянган тонн мах бэлтгэснийгээ энэ оны гуравдугаар сараас худалдаалсан байдаг.  Тэгвэл ирэх хавар нийлүүлэх нөөцийн махны бэлтгэл ажил ямархуу байгаа талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.

-Энэ өвөл хэчнээн тонн нөөцийн мах бэлтгэж,  хавар худалдаанд гаргахаар тооцож байна вэ?

Хаврын улиралд суурин газруудад махны хомсдол үүсэж, махны үнэ өсөхөөс сэргийлж, арилжааны банкуудаас хүүгүй хөнгөлөлт үзүүлэн махны үйлдвэрүүдээр нөөцийн мах бэлтгүүлдэг.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан тооцоогоор ирэх жилийн нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж 14-15  мянган тонн нөөцийн мах бэлтгэх шаардлага байгаа. Гэхдээ махны үйлдвэрүүдээс хэчнээн тонн нөөцийн мах нийлүүлэх боломжтой байгаа вэ гэдэг саналаа ирүүлсний дараа компани бүрээр нарийвчилсан тооцоо гарна.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас махны үйлдвэрүүдэд нээлттэй бүртгэл, сонгон шалгаруулалтыг явуулсан.  Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, махны үйлдвэрүүдэд нээлттэй бүртгэл зарлаад 10 хонож байна. Өнөөдөр үдээс хойш /2018.12.18/ шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагууд  хэчнээн тонн мах бэлтгэх боломжтой вэ гэдэг саналаа ирүүлэх ёстой. Сонгон шалгаруулалтад  аж ахуйн нэгж байгууллага нь махны үйлдвэртэй, хөргүүртэй, стандартын шаардлага хангасан агуулахтай, мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үйл ажиллагааны дүгнэлт, итгэмжлэлтэй байх зэрэг шаардлага тавигддаг. Бид шаардлагад нийцсэн үйлдвэрүүдийн талаарх саналаа арилжааны банк руу явуулна. Үүний дараа үйлдвэрүүд арилжааны банкнаас эх үүсвэрээ авч нөөцийн махаа бэлтгээд, хавар худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

-Махны чанар, эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороо, төрийн бус байгууллагууд махны үйлдвэрүүд хамтран ажиллаж, хяналт тавьдаг.  Эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэдгээс эхлээд бүхий л үйл явцад нь хяналт тавина. Нөөцийн мах гэхээр муу, амт чанаргүй, илчлэг муутай  гэсэн ойлголт ташаа юм.

-Махны үнэ нэмэгдсэнтэй зэрэгцээд ирэх хаврын нөөцийн махны үнэ нэмэгдэж магадгүй гэх таамаг иргэдийн дунд бий. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Нөөцийн махыг зорилтот бүлэгт зориулан бэлтгэж байгаа. Арилжааны банкны эх үүсвэрээр үйлдвэрүүд мах бэлтгэж, хавраас борлуулна. Бид үйлдвэрүүдээс махны үнэ борлуулах саналыг нь сонсоно. Энэ оны хавар ямааны махыг 1 кг-ыг нь 4400, үхрийн мах 5500, хонины мах 3500 төгрөгөөр борлуулсан. Ирэх хавар нөөцийн мах  хэдэн төгрөгийн үнээр худалдаанд гарах нь тодорхойгүй. Гэхдээ аль болох энэ үнээ барих л бодлого баримталж байна.

– Нөөцийн махыг ирэх оны хавар хэддүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөсөн бэ?

Нөөцийн махыг 2019 оны гуравдугаар сараас долдугаар сарын хооронд худалдаанд гаргадаг. Өнгөрсөн жил 200 гаруй цэгт борлуулалт хийсэн. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж байгууллага шаардлага хангахаас хамаарч борлуулалтын цэгүүдийн нарийвчилсан тоо гарна.

-Махны экспортын татварыг нэмж, өндөр үнээр гаднын орнуудад экспортлох боломж бий юу. Экспорт энэ онд ямар байна вэ?

-Монгол улс мах, махан бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, экспортолж байгаа. Одоогоор Монгол улсаас БНХАУ-д адууны түүхий мах, боловсруулсан мах экспортолж байгаа. ОХУ, Казахстанд үхрийн мах нийлүүлж байна. Өнгөрсөн онд  29 мянган тонн мах экспортолсон бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 50 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байна. Мах экспортлогч орнуудаас зөвхөн өөрсдийнхөө шаардлагыг тавьдаг. Тухайн газрын төрийн алба, мэргэжлийн хяналтын хүмүүс нь Монголд махны үйлдвэртэй нь танилцсаны дараагаар мах экспортолдог юм. Сүүлийн жилүүдэд малын тоо өсч, бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярих болсон. Тийм учраас ашиг  шим илүү өгөх мал аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж