Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 315 хүүхэд амьдардгаас 154 нь сургууль, цэцэрлэгт сурдаг гэж Боловсролын газраас гаргасан мэдээлэлд дурджээ. Үүний 58 нь ердийн сургууль, цэцэрлэгт сурдаг. Үлдсэн нь VII сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын анги, “Найдвар” төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны “Хүүхэд хөгжлийн төв”-д суралцдаг. Дээрх байгууллагууд нь нэмж элсэлт авах боломжгүй байгаа талаар хариуцсан мэргэжилтнүүд нь ярьж байна. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй 160 гаруй хүүхэд сурч, боловсрох эрхээ эдэлж чаддагүй. Сургууль, цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүд хэн нэгнээр асруулж гэрийн мухар сахиж өдрийг өнгөрөөнө.
Мөн тэднийг өдрийн турш асрамжилж буй ойр дотны 150 гаруй хүний хөдөлмөрлөх эрх давхар зөрчигдөж байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна.
Мөн тэднийг өдрийн турш асрамжилж буй ойр дотны 150 гаруй хүний хөдөлмөрлөх эрх давхар зөрчигдөж байгаа нь асуудлыг улам хурцатгаж байна. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаанд дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч буй иргэд нь 24-60 насныхан байна. Дээрх хүмүүсийн тав нь л тэтгэвэрт гарсан бол үлдсэн нь бүгд хөдөлмөрийн насныхан юм. Гэртээ хүүхдээ хардаг иргэдийн тодорхой хувийнх нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх ажил өнгөрсөн онд эхэлжээ. Өөрөөр хэлбэл 150 гаруй айл өрхийн дийлэнх нь зөвхөн нэг хүний цалин болон төрөөс өгч буй тэтгэмжийн мөнгөөр амь зууж байна гэсэн үг юм. Хөгжлийн бэрхшээлтэй С.Сайнжаргал хүүгийн ээж Л.Цэцэг /нэрсийг өөрчлөв/ “Би хүүгээ сургуульд өгч үзсэн. Харамсалтай нь анги танхимын зай талбай нь хангалтгүй. Багш нар нь хүүхэд бүрт хүрч чаддаггүй юм шиг санагдсан. Тэгээд л сургуулиас нь гаргасан” хэмээн ярьлаа.
Яг энэ асуудлыг Баянхонгор аймаг тун ухаалаг шийджээ.Тус аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүүхэд хөгжлийн төвийг байгуулж байрыг нь шийдэж өгсөн байна. Байр барих зардлыг нь олон улсын байгууллага болон орон нутгийн засаг захригаанаас санхүүжүүлсэн байна. Харин төвийн үйл ажиллагааны зардалд нь 100 гаруй сая төгрөг зарцуулж, 10 гаруй хүнийг ажиллуулдаг аж. Энэ төвд явдаг “Дауны синдром”-той сурагч анх явдаггүй , хоолоо идэж чаддаггүй байсан бол тодорхой хугацааны дараа өөрөө хооллож, хувцасаа тайлдаг болсон байна. Энэ мэт ахиц сурагч бүрт нь гарч байгааг Баянхонгор аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн тайланд дурджээ. Манай аймагт сургууль, цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөгжлийн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй. “Хөгжлийн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй бүх хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдэх боломж бий. Харин хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах нь хүндрэлтэй” гэж Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт хэллээ.Одоогоор манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, хөдөлмөр, сэргээн заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж төрөөс дэмжлэг авч буй ТББ-уудыг нэгтгэх нь асуудлыг шийдэх гарц гэж холбогдох албан тушаалтнууд нь үзэж байна.
“Дауны синдром”-той сурагч анх явдаггүй , хоолоо идэж чаддаггүй байсан бол тодорхой хугацааны дараа өөрөө хооллож, хувцасаа тайлдаг болсон байна.
Өнгөрсөн онд АЗДТГ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус найман байгууллагатай гэрээ байгуулж санхүүжилт өгсөн. Эдгээр найман байгууллагаас “Найдвар” төв болон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо нь боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс “Найдвар” төвд 32, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоонд 15 сая төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн дээрх хоёр байгууллагын үйл ажиллагаа явуулах байрыг төрөөс шийдвэрлэж өгчээ. Хэрэв энэ хоёр байгууллагын үйл ажиллагааг нэгтгэж сургууль эсвэл цэцэрлэгийн “статус”-тай болговол хүүхэд бүрийн хувьсах зардлыг төрөөс олгож санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Багш нар ч цалингийн нэмэгдэл авна.
Аймагт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль нэг хичээлийн жилд сурагч тус бүрийн хувьсах зардалд 275-399 мянга, цэцэрлэг 709 мянган төгрөг авах боломжтой. Харин хөгжлийн бэрхшээлтэй сурагч тус бүрийн нэг хичээлийн жилийн хувьсах зардал нь үүнээс 30 хувиар их байдаг аж. Харамсалтай нь “Найдвар” төв болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны үйл ажиллагааг нэгтгэх гэтэл ашиг сонирхол нь зөрчилддөг талаар дээрх асуудлыг хариуцдаг төрийн байгууллагын мэргэжилтнүүд ярьлаа. Харин уг асуудлыг “Найдвар” төвийн тэргүүн Г.Ганчимэгээс тодруулахад “Манай төвийн хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоотой нэгдэхэд бэлэн байна.
Харин хөгжлийн бэрхшээлтэй сурагч тус бүрийн нэг хичээлийн жилийн хувьсах зардал нь үүнээс 30 хувиар их байдаг аж.
Гол нь нэгдэж үйл ажиллагаа явуулахад төсөв захиран зарцуулах болон удирдах албан тушаал хаших сонирхол зарим хүнд байгаа юм шиг санагддаг. Түүнээс нэг дээвэр дор өөр, өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бол хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг хамруулах боломж бий болно” гэсэн юм. Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Д.Одгэрэл хэлэхдээ “Бид нэгдэж ажиллах боломжтой гэж боддог. Хэрэв нэгдвэл үйл ажиллагааны чиглэлүүдээ давхцуулалгүй тодорхой болгох хэрэгтэй гэж үздэг. Нэг нэртэй байгууллагад хүүхдүүд ирээд сэргээн засах үйлчилгээг биднээс боловсролын үйлчилгээг “Найдвар” төвийн мэргэжилтнүүдээс авдаг зарчим л хэрэгтэй” гэлээ. Үүнээс үзэхэд уг хоёр байгууллага харилцан ойлголцолд хүрчихвэл манай аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ ихэнх хувийг боловсролын үйлчилгээнд хамруулж чадах нь ээ.
Эх сурвалж: erdenetinfo.mn