Сар шинийн өдрүүдэд айл хэсч, бууз, салат, чихэр гуравтай гайгүй сайн найзалсан бүсгүйчүүд бидэнд “нэмэгдэл” жин нэлээд бэлэг барьсан гэдэг нь гарцаагүй биз. Би гэхэд битүүн болон шинийн нэгэнд баярласныхаа маргааш 1 кг нэмчихсэн сэрсэн шүү. Харин найз маань шинийн гурван хүртэл айл хэссэний дүнд 4 кг өөх өөртөө наачихсан тухайгаа хуучилсан.
Нэгэнт нэмэгдчихсэн жинг зүгээр хараад суух уу. Мэдээж, юу ч хийхгүй суучихвал бэлхүүсээ нэлээд хэдэн см-ээр бүдүүрүүлэхээс өөр сонголт үлдэхгүй л болов уу. Тиймээс амтат ширээнээс авч үлдсэн таргалалтаа хэрхэн ор мөргүй үдэх хэдэн зөвлөгөөг хуваалцъя.
-Өнгөрсөн өдрүүдэд хэвшил болох шахсан хооллолтынхоо дүрмийг багахан өөрчлөхөөс эхэлье. Гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг зүйлс, будаа, төмсийг эхний ээлжинд хоолныхоо цэснээс авч хая. Эдгээр хүнс нь идсэн даруйд шууд өөх болон хувирдаг. Ялангуяа, хэвийн боов иднэ гэж санасны ч хэрэггүй. Шар тос, чихэр, давс, гурил гээд таргалалтыг хамгийн ихээр агуулсан хүнс гэдгийг бүү мартаарай. Тэгээд ч энэ хүнсийг идсэний дараа үүссэн таргалалтыг арилгахад илүү их цаг шаардана шүү.
-Аль болох ногоон өнгийн хоол сонгоорой. Далайн байцаа, цэцэгт байцаа, броколи, ногоон сонгино, өргөст хэмх, салад навч гээд л ходоодоо “хуурах” бас гоолигжих хүнс маш олон бий. Энэ хүнсийг хүссэнээрээ идэж болно гээд бодохоор догь байгаа биз.
-Үхрийн өөхгүй мах идэхийг зөвлөж байна. Хонь, гахай, адууны мах нуугдмал өөх тос ихээр агуулсан байдаг учраас таргалуулах нь их. Тиймээс хоолоо үхрийн махаар амтлаарай.
Үхрийн өөхгүй махыг өдрийн аль ч үед идэж болно. Ялангуяа, үхрийн хэл, бөөр, элэг.
-Сүүтэй цайны амтанд ороод салж чадахгүй сууна уу. Тэгвэл халуун сав хоослох ажилтай суугаад л байвал гүзээтэй болохоос өөр ид шидгүй гэдгийг сануулъя. Оронд нь нимбэгтэй ус уу. Нимбэгтэй ус нь дотор өөхийг хайлуулах гайхалтай үр дүнтэй арга шүү. Өдөрт 2-3 аяга усыг ганц зүсэм нимбэгтэй уугаад байвал гэдсэн дотор “үүрэлсэн” таргалалтыг хөөх чухал арга болно шүү.
-Ус сайн уу. Өдөрт 6-8 аяга бүлээн ус ууж заншаарай. Ус хүний бие дэх хорт бодисыг хөөн гаргагч хүчирхэг зэвсэг юм шүү.
-Аль болох хөдөлгөөнтэй бай. Баяр дуусч байна гээд нозоороод, нойрмоглоод сууж болохгүй шүү. Тоосоо соруул, хогоо шүүрд, шатаар явган алх. Өдөрт дор хаяж 20 минутыг явган алхахад зориулаарай.
-Хөнгөн дасгал хий. Заавал фитнес танхимд очиж хийнэ гэж хойшлуулалгүй өнөөдрөөс эхлэ. Өдөрт ядаж 10 удаа сунаж мөргөхөд таргалалтыг зогсоодог төсөөлшгүй их өөрчлөлт бие дотор маань явагдаж байдаг юм шүү.
Монголхатагтай