Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 6,4 хувьд хүрсэн, энэ өсөлт ирэх онд хадгалагдаж чадах эсэх эдийн засагчдын хувьд эргэлзээ дагуулж эхлээд байна. Зарим эдийн засагчид ирэх онд эдийн засаг өснө гэж таамаглаж байхад зарим нь эдийн засаг тийм ч таатай байхгүй, хүнд сорилтуудтай тулгарах болно гэж дүгнээд байгаа юм. Энэ талаар VS буландаа эдийн засагч Ч.Хашчулуун, Л.Болд нарын байр суурийг онцолж байна.
Ч.ХАШЧУЛУУН:
Эдийн засгийн ухааны доктор
-2019 он бол манай эдийн засгийн хувьд сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой. Ямар ч эрх баригч нам сонгуулийн өмнөх жилд мөрийн хөтөлбөртөө зарласан зүйлүүдээ ондоо багтааж хэрэгжүүлэхийг хичээдэг. Сүүлийн арав гаруй жилд ийм зүй тогтол бий болоод байгаа юм. Дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажил энэ онд явагдахаар төсөвт ч тусгагдсан. Олон улсын байгууллагууд, гадны болон дотоодын шинжээчдийн үзэж байгаагаар 2019 оны эдийн засгийн өсөлт нэлээд өндөр байхаар тооцож байна. Тэр ч байтугай саяхан дэлхийн эдийн засгийн судалгаанаас харахад ирэх онд Монголын эдийн засаг 6,9 хувьд хүртэл өсч, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой гэж үзээд байна. Мөн сонгуулийн өмнөх жилүүдэд нийгмийн халамжийн зардлууд өсдөг. Цалингийн доод хэмжээг өсгөлөө. Гол нь төлбөрийн балансын хувьд эдийн засаг эрчимтэй тэлж байгаа учраас гарах урсгал нэлээд нэмэгдэж байна. Орох урсгал талаасаа баланс сайн үзүүлэлттэй байгаа. Харин хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийг татах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Л.Болд:
Эдийн засагч
-2018 оны хувьд ханшийг ярихдаа эхний улирал буюу энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ямар байсныг эргээд санах хэрэгтэй. Тогтвортой, алгуур чангарах төлөвтэй, Төв банк захаас их хэмжээний доллар худалдаж авч байсан цаг үе. Дөрөвдүгээр сарын дунд төгрөг сулрах хандлагатай болж, энэ нь наадмын дараа, наймдугаар сараас эрчимжсэн. Төв банк 1.2 тэрбум ам.долларын интервенц хийгээд байгаа нь нийт нөөцийн гуравны нэгтэй тэнцэхүйц байна. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үед 400 сая ам.долларын ашигтай байсан бол одоо 470 сая ам.долларын алдагдалтай, 900-аад сая ам.долларын огцом шилжилт харагдаж байна. Урсгал данс дээр гарч байгаа энэ том өөрчлөлтийн эсрэг Төв банк 1.2 тэрбум ам.долларын интервенц хийгээд байхад төгрөгийн ханш 8-9 хувиар суларчихлаа. Он дуустал ноцтой өөрчлөлт орохгүй байх. Ирэх оны нэгдүгээр сард хил удаан хугацаагаар хаагддаг, тэгж байтал зээлийн мөчлөг таарч, эдийн засгийн идэвхжилийг дагасан валютын суурь эрэлт бий болно. Дотоодын эдийн засгийн хувьд юу болж байна вэ. Энэ арваннэгдүгээр сар бол Монголын эдийн засгийн түүхэнд “хар сар” гэж нэрлэхүйц олон үйл явдал боллоо. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, улсын төсвийг ингэж хурдан баталж байхыг би амьдралдаа хараагүй. 2019 оны улсын төсвийг маш хурдан баталсан шүү дээ. Гол мессеж нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай 11.6 их наяд төгрөгийн зардалтай энэ төсвийн суурь нь инфляци 8-9 хувь, төгрөгийн ханш 8-9 хувь суларсан орчинд, мөн банкны системийн чанаргүй зээлийн хувь хэмжээ нь нийт зээлийн үлдэгдлийнхээ 12 хувьтай тэнцэж байгаа ийм гурван тоон дээр төсвийн маш том тэлэлт сонгуулийн өмнөх жилд явагдах гэж байна. Тэгэхээр хувийн секторын хүлээлт юу болох вэ. Есөн хувь гээд байгаа инфляцийн таван хувь нь гуравхан төрлийн бүтээгдэхүүн буюу нүүрс, шатахуун, махны үнэ дээр нэмэгдсэн. Энэ гурван бүтээгдэхүүний үнэ хөдлөөгүй байсан бол инфляци тав хүрэхгүй хувьд байж болохоор байлаа. Дөрвөн хувийн инфляцийн орчинд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах биш нэг оронтой тоонд ч барьж болохоор орон зайтай байх байв. Гэвч сая арваннэгдүгээр сард Монголбанк зах зээлд сигнал өгч бодлогын хүүгээ нэг хувиар нэмж нөхцөл байдал тийм ч сайхан биш байна шүү гэдгийг санууллаа. Ханшийн нөлөөллийн дарамт ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх болов уу гэж харж байна. Гуравдугаар сараас нүүрсний экспортын орлого нэмэгддэг үе. Одоогоос яг 14 сарын өмнө Засгийн газрын төгрөгийн үнэт цаасыг шинээр арилжаалахаа больсон. Энэ хугацаанд юу болов? Засгийн газрын үнэт цаасан дээр хуримтлагдаж байсан төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаас руу шилжсэн. Төв банкны үнэт цаасны өнөөгийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг байгаа юм. Түүхэндээ ийм өндөр хэмжээнд хүрч байгаагүй. Төв банк байнгын эх үүсвэрээрээ зах зээлд байгаа эх үүсвэрийг татаж авахаас өөр замгүй. Энэхүү өндөр хэмжээний хөрвөх чадвар нь зээл болж гарна гэж бодоод байх шиг байна. Харамсалтай нь зээл болж гарахгүй.