“Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” маргааш (2018.12.18) Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Зөвлөлдөх уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нар үг хэлсэн юм.
ХАМТЫН АЖИЛЛАГАА, БҮТЭЭЛЧ ЧАНАР ЧУХАЛ БОЛОХЫГ ОНЦЛОВ
Монгол Улсад жилдээ 520 тэрбум төгрөгийн сав, баглаа боодлын хэрэгцээ шаардлагатай гэсэн судалгаа тооцоо байдаг. Одоогийн байдлаар манай улс сав, баглаа боодлын хэрэгцээний 75 хувийг импортоор, 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Эндээс харахад бид өөрийн орны сав, баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, сав, баглаа боодлын салбарыг тогтвортой хөгжүүлэх нөхцөл, шаардлага тулгарч байна. Тиймээс Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой ажил, арга хэмжээ авч байна. 60 жилийн түүхтэй, бие даасан салбар болтлоо хөгжсөн сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын ажлын уялдаа, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн санаачилга, бодитой оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле онцлон тэмдэглэлээ.
Аливаа хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол гэдэг бол зөвхөн хадгалалт, тээвэрлэлтийн үед үүсэх эрсдэлийг бууруулах дайвар эд гэхээсээ илүү хэрэглэгчийн анхаарал, сонирхлыг татахуйц, худалдан авах сэдлийг төрүүлэхүйц өнгө, загварын өргөн сонголттой, чанартай байхыг зах зээл шаардаж байна. Энэ нь эргээд бүтээгдэхүүний өртөг, үнэ цэнийг нэмэгдүүлж, түүний амин чухал бөгөөд салшгүй нэгэн хэсэг болжээ. Тиймээс манай үйлдвэрлэгчид энэ чиг хандлагыг мэдрэх нь зүйтэй гэсэн байр суурийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа илэрхийллээ.
“Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” нь сав, баглаа боодлын салбарын тогтвортой хөгжлийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн хамтын ажиллагааг өрнүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг борлуулалтаар дэмжих нөхцөл бүрдүүлэх зорилготой. Энэ ч үүднээс уг зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөл, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Заша өвс” ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Анхдугаар зөвлөлдөх уулзалтад дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, сургалт эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл 100 гаруй хүн оролцож байгааг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох мэдээллээ.
Зөвлөлдөх уулзалтаар дотоодын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, өнөөгийн байдал, тус салбарыг хөгжүүлж ирсэн олон улсын туршлага, цаашдын зорилт зэрэг сэдвээр холбогдох төлөөлөл илтгэл тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Батбаатар оролцогчдод мэдээлэл өгсөн юм.
Мөн “Монгол Улсын сав, баглаа боодлын салбарын өнөөгийн байдал” сэдвээр Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар илтгэл тавилаа.
“Сав, баглаа боодлын салбарыг хөгжүүлсэн олон улсын туршлагаас” сэдвээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Хулан нар мэдээлэл хийсэн.
"МӨНГӨН БОГЦ"-ЫН ЭЗЭД ТОДОРЛОО
"Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт"-ын үеэр дотоодын сав, баглаа боодлын салбарын “Мөнгөн богц” шагнал гардуулах ажиллагаа боллоо.
Шалгаруулалтад уул уурхай, хүнд үйлдвэр, хүнс, хөнгөн, худалдаа, нийтийн хоол гэсэн таван салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээс дотоодын сав, баглаа боодол үйлдэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж ирсэн хугацаа, худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажил зэрэг шалгуур үзүүлэлтийг удирдлага болгосон юм.
Ийнхүү хүнсний үйлдвэрийн салбарт “Талх чихэр” ХК, хөнгөн үйлдвэрийн салбарт “Lhamour” ХХК, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Оюу толгой” ХХК, худалдааны салбарт Скай хайпермаркет /И-март/ ХХК, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Микс пицца ХХК тус тус “Мөнгөн богц” шагналаар шагнагдлаа.
Хөнгөн үйлдвэрийн салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Lhamour” ХХК нь сав баглаа боодолдоо хаяг, шошго, наалт, цаасан хайрцаг, уут зэрэг 10 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн ашигладаг бөгөөд Виндзор ХХК-тэй жилд дунджаар 100 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Оюу толгой” ХХК нь жилдээ 450 мянга орчим баяжмалын хүнд даацын шуудайг гурван дотоодын хэрэглэгч компаниас худалдан авдаг. Үүнд: “Баян-Уул” ХХК-иас жилдээ 3 тэрбум, “Минерал байг” ХХК-иас жилдээ 5 тэрбум, “Цасодо Пластик” ХХК-иас 4 тэрбум төгрөг, нийтд 12 тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг байна.
Худалдааны салбарын “Мөнгөн богц” шагналтан: “Скай хайпермаркет/И-Март/” ХХК нь нийт 14 нэр төрлийн бүтээгдэхүүндээ сав баглаа боодол худалдан худалдан авдаг бөгөөд жилд 315 сая төгрөгийн худалдаа авалт хийжээ.
ОРОЛЦОГЧДОД ХАНДАН УРИАЛГА ГАРГАЛАА
Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтын хоёрдахь хэсэг болох хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Б.Батбаатар хөтлөн явууллаа. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Сав, баглаа боодлын зөвлөлийн дарга Ж.Отгонбаяр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нар хүндэт зочноор оролцсон.
Хэлэлцүүлэгт сав, баглаа боодлын салбарын холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллөөс үг хэлж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал дэвшүүлэв.
Оролцогчид сав, баглаа боодлын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглэгчид хамтран уялдаатай ажиллах, сав, баглаа боодол үйлдвэрлэгчид кластерын зарчмаар ажиллаж зардлыг бууруулах, дотоодын сав, баглаа боодлын бүтээгдэхүүний загвар, дизайн, чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэв. Мөн хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг хязгаарлах, сав, баглаа боодлын ач холбогдлыг олон нийтэд болон үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд таниулж, сурталчлахад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах талаар онцолж, санал, зөвлөмж хэлж байсан юм.
Зөвлөлдөх уулзалтаас дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид болон хүнс, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны салбар, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод хандаж дараах уриалгыг гаргасан.
МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТААС ГАРГАСАН УРИАЛГА
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос хамтран, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Заша өвс” төрийн бус байгууллагаас дэмжин зохион байгуулсан “МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-д оролцогчдоос 2019 онд хэрэгжүүлэхээр дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “САВ, БАГЛАА БООДОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
- Монгол Улсын дотоодын сав, баглаа боодлын салбарыг тогтвортой хөгжүүлэх, салбарын ач холбогдлыг хэрэглэгч, үйлдвэрлэгчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон олон нийтэд сурталчлан таниулахын чухлыг онцлон “МОНГОЛ УЛСЫН САВ, БАГЛАА БООДЛЫН ӨДӨР” тэмдэглэлт өдрийг бий болгох, энэ өдрийн хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулах.
- Сав, баглаа боодлын үйлдвэрлэл нь захиалгад тулгуурлан явагддаг өвөрмөц онцлогтойг харгалзан, дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийг борлуулалтаар нь дэмжих зах зээлийн шаардлага тулгарч байгааг анхаарч дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт түлхүү ашиглах, энэ талын тэргүүн туршлагыг дэлгэрүүлэн сурталчлах, дотоодын сав, баглаа боодлын загвар, дизайн, чанарыг сайжруулах.
- Монгол Улсын сав, баглаа боодлын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалт, мөн дотоодод үйлдвэрлэсэн сав, баглаа боодлыг үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж заншсан, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг “МӨНГӨН БОГЦ” оны шагналтнаар өргөмжлөх арга хэмжээг цаашид жил бүр уламжлан зохион байгуулах, тус арга хэмжээнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах.
- Монгол Улсын сав, баглаа боодлын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах, гадаад харилцааг хөгжүүлэх, экспортын баримжаатай сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд “ДЭЛХИЙН САВ, БАГЛАА БООДЛЫН ХОЛБОО”-нд гишүүнээр элсэх, тус холбооны үйл ажиллагаанд тууштай оролцох, санаачилгатай хамтран ажиллах.
- Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахын онц чухлыг тэмдэглэн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас татгалзах, хүнсний зориулалтын савыг амьдрал, аж ахуй, үйл ажиллагаандаа хэрэглэж хэвших.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Холбоотой мэдээ