ОХУ-ын Якут улсын тэргүүн Айсен Николаев жил бүр парламентдаа тавьдаг илгээлтийн үеэр Арктикийг хөгжүүлэх яам байгуулахаар шийдсэнээ мэдэгдлээ хэмээн Хэвлэлийн алба нь мэдээллээ.
Якутын парламент болох Ил Түмэнд улсын тэргүүн жилдээ нэг удаа илгээлт явуулдаг бөгөөд энэ жилийн илгээлтийг өнгөрсөн Даваа гаригт /2018.12.17/ сонордуулсан байна.
“Арктик хавийг хөгжүүлэх нь цогц хандлага, арга барилыг шаардаж байна. Нэг удаагийн, эсвэл уялдаа холбоогүй арга хэмжээгээр энэ асуудлыг шийдэж чадахгүй. Шинэ түвшний хандлага, удирдлагыг шаардаж байна. Энэ бүхнийг цэгнэж үзсэний эцэст Якут улсад Арктикийг хөгжүүлэх яамыг байгуулахаар шийдлээ” Айсен Николаев илгээлтдээ өгүүлсэн байна.
Сүүлийн 7-8 жил Якутын хойд хэсгийн оршиг суугчдын тоо цөөрч байгаа юм. Якутын тэргүүний хэлснээр 2010 оноос хойш хойд нутгийн хүн ам найман хувиар буурчээ. Мөн уугуул иргэдийн уламжлалт аж ахуй болох цаа буга малладаг иргэд цөөрч, буу бугын тоо толгой ч буурч байгаа ажээ. Цаа бугын тоо толгой бараг 25 хувиар буурсан байна.
Нутгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах, амьдрах нөхцөлийг таатай болгох арга хэмжээ авч байгаа ч үр дүн муутай байгаа юм.
Харин тусгайлсан яам байгуулснаар цогц арга хэмжээг хэрэгжүүлж чадна гэж Якут улсын тэргүүн үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ