Тавантолгойн үнэн ба худал

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Тавантолгойн үнэн ба худал

Долларын ханш өссөнд МАН-ын залуус Н.Золжаргалыг шүүмжилдэг. Доллар хэвлэх эрх  байхгүйгээс хойш зүй нь Н.Золжаргалыг бус, мөнгө олж ирэх ёстой Засгийн газар нь олигтойхон ажиллаж чадахгүй байгааг буруутгамаар, хөрөнгө оруулалтыг татах Засгийн газрын бодлогод дандаа тээг болдог УИХ болон саарал ордон доторх хэдэн улстөрчийг хараамаар санагддаг.

Арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш өнөөдрийн байдлаар 1994 төгрөгт хүрээд байгаа. Цаашдаа манай улсын хөрөнгө оруулалт сэргэж, дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өсөхгүй бол долларын ханш үүгээр хязгаарлагдахгүй. Муу ёрлож байгаа юм биш л дээ, гол нь манай эдийн засаг өөрөө тун эмзэг, эрдэс баялгийн экспорт болон уул уурхай дахь гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай болохоор тэр юм.

Чуулган завсарлаж, саарал ордон эл хуль мэт болсон ч Тавантолгойг тойрсон талцал улам ширүүсэх төлөвтэй байна. Стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ гурав дахь шатандаа орсон ч сар шинийн өмнө гэрээ байгуулахаар яригдаж байсан Тавантолгойн төсөл цаг алдсаар, энэ асуудлыг тойрсон сайн муу яриа, үнэн худал хов жив үргэжилсээр.

Тавантолгойн төслийг урагшлуулахаар Шинэчлэлийн Засгийн газар 2014 оны наймдугаар сард стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн тендерийн ялагчдыг зарласнаас хойш энэ сэдэв улстөрчдийн анхаарлыг татсан гол асуудал болжээ.

Түүнээс хойш Тавантолгой гэх том сэдвийг олон жижиг асуудал болгон хувааж, улстөржүүлэх хандлага ч улам идэвхжиж байна.  

Хэлэлцээ дөнгөж эхлэх үед Засгийн газрын журамд заасан “Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгоно” гэсэн заалтыг саарал ордон дотроос ил далдаар эсэргүүцэгчид гарч ирэв. Чухам энэ заалтаас болж УИХ-ын дарга З.Энхболд “М.Энхсайханыг огцруулах эрх нь парламентэд” байгааг сануулж, заавал УИХ-аар оруулах хэрэгтэйг анхааруулсан бол М.Энхсайханы хувьд энэхүү төслийг парламентаар хэлэлцүүлэх шаардлагагүйгээ хэлж байв. Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэж, Монголын парламент мега төсөлд учрах эрсдлийг өөр дээрээ үүрэх хэрэггүйг өнөө ч тэрбээр сануулсаар байгаа юм. Саарал ордонд өдөлж байгаа, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн дундах “зодоон” дунд бутрах эрсдэл нүүрлээд буй Тавантолгойн хэлэлцээний явцад гарч ирсэн дараагийн асуудал “Чалко”. “Чалко”-той хийсэн гэрээнээс болж, ордын үнэлэмжийг бууруулах, үгүй бол арбитрын шүүхэд дуудагдах асуудал үүсч болзошгүй, тиймээс талууд маш болгоомжтой, няхуур хандаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ энэ бол Тавантолгойг гацаах том асуудал биш юм.

Тавантолгой гэх том сэдвийг олон жижиг асуудал болгон хувааж, улстөржүүлэх хандлага ч улам идэвхжиж байна.

Хамгийн сүүлд бас нэгэн жижигхэн асуудлыг улс төрийн хүрээнийхэн дэвэргэж байгаа нь энэ маягаараа Тавантолгойг явуулахгүй байх сонирхол дээр нэгдсэн бүлэглэлүүдийн зорилго биелж магадгүй шинжтэй. Учир нь юу  вэ гэвэл, Тавантолгойн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахгүй, зээл өгөхөөр болсон тухай мэдээллээр олон нийтийн тархийг угаахаар оролдож байна. Зээл авах өгөх асуудал Засгийн газрын тогтоолд нэн ойлгомжтойгоор тусгаж өгчээ.

Уг тогтоолд Хөрөнгө оруулагч нь улсын төсөвт төлөх татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцахаас гадна борлуулалтын орлогын тодорхой хувийг Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний төлбөрт төлөх, шаардлагатай тохиолдолд нэмж төлөх борлуулалтын орлогын тодорхой хэсгийг  урьдчилан төлөхөөр хэлэлцэх хэмээн тусгажээ.

Гэхдээ энэ нь хэлэлцээрийн хүрээнд яригдах хамгийн сүүлийн асуудал. Тавантолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс эхний ээлжинд 150 сая долларыг урьдчилгаа төлбөрт өгч болох юм гэсэн саналаа Монголын талд тавьжээ. Гэхдээ ажлын хэсгийнхэн урьдчилгаа төлбөр авах тухай хэлэлцэл огт хийгдээгүйг онцолсон. Энэхүү урьдчилгаа төлбөр хэлэлцээрийн хүрээнд яригдаж буй олон асуудлын хамгийн сүүлийнх. Одоогоор Монголын тал урьдчилаа төлбөр авах тухай ямар нэгэн яриа хөөрөө гаргаагүйг ажлын хэсгээс ийнхүү үгүйсгэж буй юм. Монгол Улсын сайд М.Энхсайханы хэвлэлийнд өгч байгаа мэдээллээр хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа дөрвөн лиценз түрээсэлэх аж. Мөн үүн дээр "Энержи ресурс"-ийн эзэмшиж байгаа “Ухаа худаг”-ийн нэг тусгай зөвшөөрөл нэмэгдэх аж. Тодруулбал, Тавантолгойн бүлэг ордын таван лиценз бүхий газарт олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хөрөнгө оруулагчид хариуцах аж. Нийтдээ500 тэрбум төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хуультай. Энэхүү хуулийн дагуу 30 жилийн хугацаанд хэрэгжих Тавантолгойн төслийн хүрээнд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирнэ.  Дээрх мөнгөнөөс эхний байдлаар төмөр замд 1.1 тэрбум ам.доллар, үйлдвэр барихад 600 сая гаруй ам.доллар, тоног төхөөрөмж худалдан авахад 140 сая ам.доллар, уул уурхайн барилга барихад 710 сая ам.доллар зарцуулахаар тооцжээ.

Тавантолгойд орж ирэх хөрөнгө оруулалтыг олон улсын банкуудаас авахаар, үүний тулд маш сайн боловсруулсан бичиг баримт шаардлагатайг, арга ядвал ҮАБЗ-ийн дэмжлэгийг авах болно гэдгээ М.Энхсайхан сайд нэг бус удаа хэлж байгаа. Энэ нь саарал ордонд өдөлж байгаа улс төрөөс шалтгаалж, төсөл нуран унах вий гэж болгоомжилсных биз.  Дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтын тухайд "Энержи ресурс" компаниас нэг тэрбум ам.доллар, “Шиньхуа”-гаас 650 сая ам.доллар, олон улсын банкуудаас 1.2 тэрбум ам.долларыг зээлэхээр талууд хэлэлцээний явцад тохиролцжээ. Мөн “Сумитоми”-гоос болон бусад эх үүсвэрээр мөнгө орж ирэх боломжтойг ажлын хэсгийнхэн  хэлж байна.

Монгол шиг эрсдэл ихтэй, тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг,  олон улсын дүрмээр тоглож чаддагүй улсын хувьд хөрөнгө оруулагчид эрсдлээ тооцон зарим нэг санхүүжилтийг олон улсын банкнаас авахаар тохиролцжээ. Хэдийгээр  хэлбэр нь зээл хэдий ч дөрвөн тэрбум доллар бол Монголд орж ирж байгаа хөрөнгө оруулалт мөн юм.

Тавантолгой гэх том сэдвийг ийнхүү олон жижиг асуудал болгон хуваах нь төсөлд тун сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Тэдгээр, жижиг, жижиг асуудлыг улстөржүүлж, ийм замаар Тавантолгойг  ямар ч аргаар хамаагүй нураахаар өчигдөрхөн бие, биенээ үзэж чадахгүй байсан нөхдүүд хүртэл өнөөдөр өөр хоорондоо “тэврэлдэх” болсон гэх сураг ч дуулдаж буй. Гэхдээ ямар ч байлаа гэсэн өнөөдрийн хувьд Тавантолгой Монголд доллар авчрах эхний гарц болоод буй юм. Тавантолгойг урагшлуулснаар дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэх, нөгөө талаар экспортын орлого өсөх эерэг боломж бий.  Уурхайн аман дээрээсээ 35 доллараар зарагддаг коксжих нүүрсийг 70-110 доллараар зарахаар тооцсон гэвэл жилийн 30 сая тонндоо үржүүлэхээр багагүй мөнгө Монголд орж ирэхээр харагдаж байна.

Ийм боломжуудаа үгүйсгэн байж, “Станд бай” хөтөлбөр рүү шилжихээс аргагүйд хүрэх нөхцөлийг манай улстөрчид яагаад хүсээд байна вэ. Эдийн засгаа борцлох “Станд бай”-г сонгох уу, эсвэл ирээдүйд 94 тэрбум долларын ашиг өгөх Тавантолгойгоо урагшлуулах уу? Доллар олж ирэх Засгийн газрынхаа бодлогод тээг тавьчихаад долларын ханш өсөөд байна гэж орилох улстөрчдийн цаад сонирхол нь юу юм бол.

Стратегийн хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газар ямар шаардлага тавьж байгааг эндээс хараарай.

Ж.НЯМСҮРЭН


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 20-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 268

ТАВАН ТОЛГОЙН ОРДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

“Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, Таван толгойн ордыг ашиглах эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд 2010 оны 12 дугаар сарын 8-нд зарлан явуулсан “Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт”-ын үйл ажиллагааг дор дурдсан нөхцөл, шаардлага, зарчмыг баримтлан үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсүгэй:

     а) Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшилд байгаа Таван толгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах;

     б) Хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох, тэдгээр талбайд нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх;

     в) Хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2,5 жилийн хугацаанд багтаан Таван толгойн бүс нутагт 30.0 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг 2-оос доошгүй орны зах зээлд нийлүүлэх;

     г) Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах;

     д) Хөрөнгө оруулагч нь улсын төсөвт төлөх татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцахаас гадна борлуулалтын орлогын тодорхой хувийг Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний төлбөрт төлөх, шаардлагатай тохиолдолд нэмж төлөх борлуулалтын орлогын тодорхой хэсгийг  урьдчилан төлөхөөр хэлэлцэх;

     e) Эхний ээлжинд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Таван толгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах;

     ж) Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн 5 жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консерциум өмчилдөг байх.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан нээлттэй уралдаант шалгаруулалтын урьдчилсан сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтад үлдсэн 6 оролцогчийг дээрх нөхцөлөөр дараагийн шатны шалгаруулалтад үргэлжлүүлэн оруулахыг зөвшөөрсүгэй.

3. Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж, хөрөнгө оруулагчийг эцэслэн шалгаруулах, гэрээ байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, гишүүдээр Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг тус тус томилсугай.

4. Хөрөнгө оруулагчийг сонгох уралдаант шалгаруулалтыг 2014 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан үргэлжлүүлэн явуулж дүгнэх, шалгарсан хуулийн этгээдтэй холбогдох гэрээг 2014 оны 12 дугаар сарын 15-ны дотор байгуулахыг Ажлын хэсэг (Ч.Сайханбилэг)-т даалгасугай.

5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Ч.Сайханбилэг)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.АЛТАНХУЯГ    

Уул уурхайн сайд                                                           Д.ГАНХУЯГ

Монгол, Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын  дарга                                                     Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж