Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Наркологийн тасгийн сувилагч ажлын байран дээрээ амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаач нь арванхоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд ариун цэврийн өрөөнд хоолой нь уяагаар боомилогдсон байдалтай амиа алдсан байсан аж. Тухайн үед эмнэлгийн ерөнхий жижүүрээр Ц.Х гэх хүн ажиллаж байсан боловч ийм хэрэг гарсныг мэдээгүй байна. Харин маргааш өглөө 07.00 цагийн орчимд түүнийг амиа алдсаныг эмнэлгийнхэн мэдэж, дуудлага өгснөөр цагдаа нар 08.00 цагт очжээ. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн удирдлагууд нууцалж байгаа гэх мэдээлэл тархаад буй юм.
Иймээс бид Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараас энэ тухай тодруулахад “Нэгдсэн эмнэлгийн сувилагч амь насаа алдсан хэргийг нууцлаагүй. Цагдаа нар мэдэж байгаа. Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллага очиж, үзлэг шалгалт хийсэн, одоо ч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Би өнгөрсөн баасан гаригт дур мэдэж хүн халж сольсон зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрээр 2017 онд ажлаасаа гэнэт халагдсан 7-8 хүн эргэн ажилдаа орсон" гэх тайлбар өглөө.
Талийгаач Г нь 28 настай, Хэнтий аймгийн гаралтай, Сүхбаатар аймгийн бэр аж. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Холбоотой мэдээ