Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэх хүлээлт байна. 2016 оны УИХ-ын сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдсэн ч улстөрчид их сунгаандаа эртнээс гарсан. Энэ хэрээр сонгууль дөхөхөөр л ярианы сэдэв болоод тэгсгээд намждаг хэд хэдэн хуулийн төсөлд анхаарал хандуулах шаардлагатай боллоо. Үүний нэг нь Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль. Өнөөөдөр намуудын санхүүжилт ил тод биш, тайлан бланс тодорхойгүй, намд хандивлагчдын мэдээлэл нууц хэвээр байна. Уг нь улс төрийн соёлтой, зөв бодлоготой улс орны залуур нь намын төлөвшил гэж судлаачид үздэг. Харамсалтай нь нам гэгч төрийн дээр сандайлсан гэх тодотголоос гадна хандив нэрээр авлига авдаг, нэр дэвшүүлдэг, албан тушаал наймаалцдаг гэх муу нэртэй болжээ. Тиймээс парламентын засаглалтай улс орны улс төрийн намын санхүүжилт ямар байх ёстойг хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэж үзэж буй. Хууль зүйн байнгын хорооноос өгсөн мэдээллээр Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг ирэх сард эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх аж. Одоогоор Ажлын хэсгүүд дээр зөвшилцөх, санал авах шатанд яваа бөгөөд нэгдсэн байр суурьт хараахан хүрээгүй байгаа гэнэ.
Манай улс намын санхүүжилтыг зохицуулсан бие даасан хуульгүй. Тиймээс энэ асуудлыг Улс төрийн намын тухай хууль, 2011 оны УИХ-ын сонгуулийн тухай, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, НИТХ-ын сонгуулийн тухай, Аймаг сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай болон бусад холбогдох хууль, намын дүрэм журмын дагуу зохицуулж байна. Харин ардчилал хөгжсөн улс төрийн санхүүжилтыг бие даасан хуулиар нарийн зохицуулдаг аж. Бие даасан хуульгүй, бусад хуулийн ганц хоёрхон заалтаар намын санхүүжилтыг зохицуулах нь хяналтгүй мөнгөний урсгал, улс төр дэх авлигыг өөгшүүлэн дэмжиж байна гэж судлаачид үздэг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн 16.2.2-т намд түүний гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив нь улс төрийн намын санхүүжилтын нэг эх үүсвэр байхаар заасан. Өөрөөр хэлбэл нам нь иргэн, хуулийн этгээд, гишүүн гэсэн гурван субьектээс хандив авч болох нь. Хандивын хязгаарлалтыг тогтоохдоо нэг удаа намд өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээд 10 сая, иргэн нэг сая төгрөгөөс хэтрэхгүй, нэг хандивлагч жилд 2-оос дээш удаа хандив өгөхгүй байхаар зохицуулжээ. Харин энэ хязгаар орон нутгийн ИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн үед харилцан адилгүй байхаар тусгасан байна. Тодруулбал орон нутгийн сонгуулийн үеэр иргэнээс 1 сая, хуулийн этгээдээс 3 сая, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид иргэнээс 10 сая, хуулийн этгээдээс 50 саяас илүүгүй хандив авч болно гэж заасан.
Тэгвэл дэлхийн улс орнууд намын санхүүжилтыг хуулиар хэрхэн зохицуулдаг, яаж хяналт тавьдаг талаар цухас дурдая.
Молдав, Польш зэрэг улсад намын гишүүн намдаа зөвхөн татвар төлнө, хандив өгөхгүй, Герман улсад татвар, хандивын аль алийг нь өгч болохоор тусгажээ. Ингэхдээ ил тод байдал, тайлагналыг тусгайлан зохицуулсан байна. түүнчлэн олон улсад чанарын болон тооны гэсэн хоёр хязгаарлалтыг түгээмэл хэрэглэдэг юм байна. Намд хандив өгч болохгүй этгээдүүдийг тодорхой зааж өгдөг чанарын хязгаарлалтыг европын ихэнх улсууд хэрэглэдэг аж. Тухайлбал өөр улсын Засгийн газар, хуулийн этгээд болон төрийн оролцоотой аж ахуй нэгж, үйлдвэрчний эвлэл, нэр хаяггүй этгээдээс хандив авахыг хориглосон нь ихээхэн үр дүнд хүрчээ. Үүнээс гадна тооны хязгаарлалт буюу хандивлагч бүрийн хандивын хэмжээ, нийт хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоох замаар намын санхүүжилтыг хянадаг жишиг бий.
Тиймээс манай улс хаврын чуулганаар Улс төрийн намын санхүүжилтын тухай хуульд намд хандив өгөх хандивлагч нэг бүрийн болон нийт авах хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоох зохицуулалт оруулах нь зүйтэй. Ингэснээр намууд томоохон хандивлагчдаас хараат бус байх нөхцөл бүрдэх юм. Мөн улс төрийн намд хуулийн этгээд хандив өгөхийг хориглох. Энэ нь улс төрийн нам бизнесээс хараат байх, улс төрд хувийн хэвшлийн нөлөөллийг багасгах ач холбогдолтой талаар судлаачид бичжээ. Энэ мэт жишгийг тусгайлан хуульдаа тусгахыг хуулийн төсөл боловсруулагчид, ажлын хэсгийн гишүүдээс хүсье.
Намын санхүүжилтэд чухал нөлөөтэй намыг төрөөс санхүүжүүлэх асуудлаар дараагийн нийтлэлээ хүргэнэ.
С.ОТГОНСҮРЭН