С.Эрдэнэ: Засгийн газар цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө явж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Засгийн газар цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө явж байна

Төрийн ордонд өчигдөр болсон Ардчилсан хүчний холбооны их хурлын талаар УИХ-ын гишүүн, тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар хэвлэлийн бага хурал хийлээ. Их хуралд тус холбооны салбарыг байгуулж амжаагүй Увсаас бусад аймаг, нийслэлийн 800 гаруй төлөөлөгч оролцжээ. Харин Баянхонгорын төлөөлөгчдийн машин замдаа эвдэрснээс саатаж хуралдаа оролцож амжаагүй байна.
Холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар холбооны зорилго чиглэл, хийх ажлын талаар товч мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Ардчилсан намыг шүүмжлэх чиглэлээр Ардчилсан хүчний холбоог байгуулсан гэж үзэж болох уу?

З.Энхболд: -Зөвхөн Ардчилсан нам төдийгүй бүх салбарт шийдэх олон асуудал эзнээ хүлээж байна. Байдал бидний бодсон шиг түргэн өөрчлөгдөхгүй байна.

С.Эрдэнэ:
-Ганц Ардчилсан нам биш нийгэмд шинэчлэх олон асуудал бий. Баялгаараа дэлхийд 10-т ордог Монгол Улсын ард иргэдийн амьжиргааны төвшин маш доогуур байгаа нь эмгэнэлтэй хэрэг. Улс төрийн бүлэглэл, олигархиуд эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьж байна. Яавал илүү идэж уух вэ, яавал байгалийн баялгаас илүү хүртэх вэ гэж байна. Иймд нийгэмд хурцадсан асуудлыг гаргаж тавина.

Г.Баярсайхан: -Монголд улс төр, бизнес хоорондоо нийлж нэг “хөнжил”-д орж олигархи бүлэглэл үүссэн. Үүнийг байр байранд нь буцааж тавина. Монголын төрийн мөнхийн бодлого нь экологи, байгаль орчны бодлого байх ёстой. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих талаар ярилцсан. Хөвсгөл далайг төрийн хамгаалалтад авах санал дэвшүүлсэн.

-МАХН-аас 1,5 сая, Ардчилсан намаас нэг сая төгрөгийн амлалтыг нэхэх, улстөржсөн тэмцэлд нийгмийг уриалах хүч гарч ирээд байна. ҮШН тийм уриа гаргаад байгаа. Үүнийг юу гэж үзэж байна?

С.Эрдэнэ: -МАХН 1,5 сая төгрөг амласан хариуцлагаа хүлээх ёстой. Харин Ардчилсан нам нэг сая төгрөг амласан гэдгийг зөвшөөрмөөргүй байна. Манай нам бэлэн мөнгө яриагүй, байгалийн баялаг, ашигт малтмал, уул уурхайн баялгаас нийт иргэддээ доод тал нь нэг сая төгрөгийн үл худалдаалагдах хувьцаа олгоё гэсэн. Одоо үүнийг бэлэн мөнгө амласан мэтээр мушгиж, МАХН-ын амласан 1,5 сая төгрөгтэй хутгаж байна. МАХН 1,5 сая төгрөгийн амлалтыг гэнэт гаргаж ирж Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн. СЕХ-ны дарга асан Б.Баттулга үүнийг цээжээрээ хамгаалаад өнгөрсөн.

-Танайх Ардчилсан намаас тусгаарлаж тусдаа нам байгуулбал дээр биш үү?

С.Эрдэнэ: -Манай холбоо Засгийн газрыг л шүүмжлэхийн төлөө байгууллага биш. Бид сандал суудлын төлөө яваагүй. Болохгүй зүйлийг л шүүмжилж байна. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд нийгэм, ард түмэнд хүрсэн яг ямар ажил хийсэн юм бэ. Дорвитой юу ч хийгээгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн шинэчлэлт зэргийг хийх боломж байсан, өнөөдөр ч байна. Гэтэл цөөн хэдэн хүний хувийн эрх ашгийн төлөө яваад байна. Бидэнд Ардчилсан намаас тусгаарлах бодол байхгүй. Бид өөрсдөө энэ намыг байгуулж 20 жил зүтгэсэн. Ардчилсан намын үйл хэргээс ухарсан хэсэг л гарна уу гэхээс бид лав биш. Ардчилсан нам бол улс төрийн маш том институц.

-Оюутолгойн гэрээний талаар танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

С.Эрдэнэ: -Хууль зөрчсөн, Монголын эрх ашгийг хөндсөн гэрээ болсон. Эхлээд Техник, эдийн засгийн үндэслэлийг баталж гаргаад гэрээ байгуулдаг. Хуулийн шаардлага нь энэ. Гэтэл Оюутолгой дээр гэрээгээ хийчихээд Техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж байна. Тэнд дурдсан тоо баримтууд Монголд үнэхээр хохиролтой байна. Төлөвлөсөн нөөцийн 50 хувийг л ашиглана гэжээ. Бас усны нөөцөө буруу тооцсон. Энэ чигээрээ яваад байгаа учир Засгийн газарт асуулга тавьж хариу авна.

З.Энхболд: -УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж Техник, эдийн засгийн үндэслэлийг яагаад буцаасантай танилцаж байна. УИХ-аар хэлэлцээд хоёр хувийн рояльти байхгүй гэсэн байхад гэрээнд оруулсан. Үүнийг судалж байна. Хаврын чуулган эхэлмэгц дүнг танилцуулна. Гэрээг хуульд нийцүүлж хийхийг УИХ шаардаж байгаа. Татвараас зугтах үүд нээгдэж хууль зөрчиж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар асуудал тодорхой болно.

-Хилийн цэргүүд буудалцаж, сүүлийн үед амиа хорлох боллоо. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үүний шалтгаантай танилцах уу?

З.Энхболд: -Хилийн цэрэг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд байдаг. Тиймээс манай байнгын хорооны мэдэлд арми байдаг, хилийн цэрэг байхгүй. Армид буудалцаан гараагүй, хилийн цэрэгт гардаг. Хилийн цэргийн удирдлагад хариуцлага тооцож огцруулсан, гэтэл дэвшүүлээд дипломат албанд тавьсан. Ийм л Засгийн газартай байна. Иймд хариуцсан сайд нь огцрох ёстой. Хил дээр буудалцаан тасрахгүй байна. Гадаадад гольф тоглосон сайд огцордог, манайд дэлхий нурсан ч байж л байна.

-Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарах ёстой юу?

З.Энхболд:
-Үндсэн хуулиа биелүүлье. Олонхи Засгийн эрхээ авах ёстой, өөрсдөө засгаа бариач гэж хэлж байна. УИХ-ын гишүүн сайд байх нь буруу. Манай холбоо нэг  Засгийн газрыг огцруулахын төлөө биш, хуулиа сахидаг болгоё гэж үүнийг хэлж байна.
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж