Эрүүл мэндэд хоргүй сав байсан ч иргэд хэрэглэж дадсанаа сонгож байна

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндэд хоргүй сав байсан ч иргэд хэрэглэж дадсанаа сонгож байна

Эрүүл мэндэд хоргүй сав байсан ч иргэд хэрэглэж дадсанаа сонгож байна

Засгийн газраас  нэг удаагийн гялгар уутны хэрэглээг худалдаанд гаргах, ашиглахыг хориглох шийдвэрийг гаргасан. Энэ журам ирэх 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2018.12.18/ “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж өндөрлөсөн эл арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 300 орчим хүн оролцсон юм. Энэ үеэр салбарын хүмүүс эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлсэн гялгар уут, хуванцар савлагаанаас татгалзаж, цаасан болон даавуун баглаа боолт хэрэглэхэд өнгө үзэмжээс илүү чанартай байх нь чухал гэдгийг онцолсон. Учир нь үйлдвэрлэгчид өнгө үзэмжид илүү ач холбогдол өгч, чанарт анхаарал хандуулахгүй орхиж байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлж, эрэлтгүй болох эрсдэлийг бий болгодог. Хамгийн гол нь  байгальд ээлтэй сав баглаа боодол үйлдвэрлэхэд Засгийн газрын бодлого үгүйлэгдэж байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байв.

ЗАСГИЙН ГАЗАР НИЙЛЭГ УУТ, ХУВАНЦАР САВЫГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАЖ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

 “Аргил сувд” ХХК-ны Ерөнхий захирал И.АЛТАНХУЯГ:

-Манай компани эко 20 литрийн савыг бөөний үнээр нь 18 мянган төгрөгөөр борлуулж байгаа. Зах зээлийн үнэ нь 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Учир нь түүхий эд үнэтэй ирдэг ч хүний эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй. Гэтэл тэр зориулалтын бус хортой савыг нэг удаа хэрэглээд хаях ёстой байтал монголчууд 10 мянган төгрөгөөр зарж, үүнийгээ ахуйн хэрэгцээндээ ашиглаж байна. Засгийн газар үүнийг зах зээлээс халах бодлого баримталбал бид нараас иргэд худалдан авалт хийнэ. Манай үйлдвэр хэрэглэгчдийг ундны саваар хангах хүчин чадалтай боловч өнөөдөр яавч нийлүүлэлтийн 50 хувийг нь хангаж, хэрэглээнд нэвтрэхгүй байна. Худалдан авалт ердөө 10-20 хувьтай л байгаа юм. Энэ нь хүмүүс өнөө л химийн олон найрлагатай, эрүүл мэндэд хортой хямд үнэтэй хуванцар саваа хэрэглэж дадсантай холбоотой. Дотоодын үйлдвэрлэгчдээ эрх баригчид дэмжиж ажиллах хэрэгтэй.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЭРЭГЦЭЭНД ШААРДЛАГАТАЙ САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГГҮЙ

ШУТИС-ийн үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.ТУЯАЦЭЦЭГ:

-Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн асуудалд анхаарч, татварын асуудлаар нь дэмжлэг үзүүлж хөгжүүлэх нь зүйтэй. Тиймээс биш шинээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад янз бүрийн дарамт шахалт үзүүлбэл хөгжихгүй. Бид гялгар уут, хуванцар савыг хэрэглэж болохгүй гэдгийг нь бүгд л мэдэж байгаа. Гэвч үүний оронд ямар сав, баглаа боодол хэрэглэх вэ гэсэн хэрэгцээ шаардлага үүсч байна. Зарим нь нийлэг уут, хуванцар савны хор нөлөөг мэдсэн ч эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүний нийлүүлэлт байхгүй. Хэрэглэгчдэд сонголт алга байна. Олон нийтэд нийлэг уутны хор нөлөөг таниулах, соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Хор нөлөөг нь мэдэж байгаа хүн үүнийг хэрэглэдэггүй. Мэдэхгүйн улмаас хүнсний бүтээгдэхүүнээ савлаж байна. Үйлдвэрлэл дээр ажиглахад сав баглаа боодол нь бүтээгдэхүүнээсээ илүү үнэтэй болчихдог.  Монголд зах зээл бага байгаа нь үйлдвэрлэгчид хүч түрэн орж ирж чадахгүй байгаа юм. Иргэдийн ахуйн хэрэглээнд ашигладаг  цэнхэр усны сав шиг сав баглаа боодол үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчид алга байна.  Ойролцоогоор 1-20 литр сав үйлдвэрлэж байгаа юм. Гэтэл хөдөө орон нутгийн цагаан идээ боловсруулдаг айл өрхүүдэд 40-200 литрийн багтаамжтай сав баглаа боодол хэрэгтэй байдаг. Дотоодын үйлдвэрлэгчид энэ хэрэгцээг хангах хэмжээнд байж чадахгүй байна гэсэн үг. Түүнчлэн нийлэг уутыг хэрэглээнээс хаслаа ч цаасан сав баглаа боодлыг зах зээлд нэвтрүүлэх нь бас л учир дутагдалтай. Монгол улс цаас үйлдвэрлэгч орон биш учраас импортын асуудал яригдана. Үүнийг дагаад байгаль экологид сөрөг талтай. Иймд даавуун уут хамгийн зөв юм. Үйлдвэрлэгчдийн хувьд эрэлтийн судалгаа, зах зээлийг судалж үйлдвэрлэлээ явуулах нь зүйтэй юм болов уу. Монголчууд өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд сав баглаа боодлын асуудлыг бодлогын түвшинд заавал зохицуулах шаардлагатай байна”

               МОНГОЛ УЛС САВ БАГЛАА БООДЛЫН 75 ХУВИЙГ ИМПОРТООР АВДАГ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.ГАНТОГТОХ: 

– Засгийн газар 2016 оны 280 тоот тогтоолоор сав баглаа боодол үндэсний хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэхийг зорьсон. Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсон хүчнийг нэмэгдүүлэх, хүнсний зориулалтын бус сав баглаа боодлыг халах зорилготой юм. Хөтөлбөрийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас сав баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчид оролцсон анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол улсад дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна гэсэн тооцоо байна. Үүний 75 хувийг импорт эзэлж байгаа юм. Үлдсэн 25 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэсэн үг. Одоогоор сав баглаа боодлын үйлдвэрүүд хөгжиж эхэлж байна. Иймд үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн уялдаа холбоог сайжруулж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ уулзалтыг зохион байгууллаа. Бид өнөөдөр импортоор маш их сав баглаа боодлыг авч байна. Сав баглаа боодол бол хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцогчид үзэмж, чанартай байхад анхаарах, дэмжих тал дээр илүү ажиллахыг санал болгож байна.

Гаалийн мэдээгээр манай улс 2014 онд дэлхийн 17 улсаас 160 тэрбум төгрөгийн сав, баглаа боодол, цаасан бүтээгдэхүүн зэрэг 100 орчим тэрбум төгрөгийн хаяг шошго импортоор оруулж иржээ. Тодруулбал, 2010-2015 онд импортоор оруулж ирсэн нийт хуванцар савны 97 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн бөгөөд түүний 91 хувь нь 20 литрээс бага багтаамж бүхий канистр буюу монголчуудын ундны сав байжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага төрөл бүрийн нийлэг уут, хүнсний зориулалттай хуванцар сав, хайрцаг, цаас, даавуун тор, уут зэргийг үйлдвэрлэж байгаа ч эрэлт нийлүүлэлт алга гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж