МАХН ээлжит бус чуулганаа өнгөрсөн долдугаар сард хуралдуулж, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулж баталсан. Дээд шүүхэд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг есдүгээр сарын 24-нд хэлэлцэж бүртгэхдээ намын даргыг сонгосон бүртгэлийг хэвээр үлдээсэн юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ынхан намын бэлгэ тэмдэг, тамга, туг далбаанд өөрчлөлт оруулжээ. Өнөөдөр намын дарга болон 21 аймаг, есөн дүүргийн Түмт, Мянгатын дарга нар намын төв байрандаа андгай өргөж, тамгаа гардаж авлаа.
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тамга гардуулах ёслолыг нээж үг хэлсэн. Тэрээр “Энэ бол та бид үүрэг, хариуцлага хүлээж байгаа сайхан мөч. Манай намын хамт олон удахгүй болох УИХ-ын болон бусад сонгуульд өмнө оролцож байсан эрч хүчээ хадгалахын зэрэгцээ улам эрчимжүүлэх, андгай тангараг өргөх үйл явдал. Өнгөрсөн жилийн хувьд бид Дээд хуулийн төслийг танилцуулан сурталчлах ажлаар Монгол Улсын 21 аймаг, 139 сум, нийслэлийн есөн дүүрэгт ажиллалаа. Нийтдээ 35 мянга орчим км замыг тууллаа. Дэлхийг тойрвол 45 мянган км болдог, бид бараг дэлхийг бүтэн тойрсонтой адил замыг туулсан өрнүүн их ажил хөдөлмөрийн жил болж өнгөрч байна. Бид энэ хурдаа сааруулж болохгүй. Мянгат, Түмт, Аравт, Зуутын дарга нар тамгаа гардаж аваад гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, гишүүнчлэлээ нэмэгдүүлж, улам эрчимтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн нэг сарын хувьд бид Дээд хуулийн тайлбарыг хийхэд Гүйцэтгэх товчооны гишүүд, Мянгат, Түмтийн дарга нар, жирийн гишүүд, шинээр орж ирж байгаа хүмүүс баг болж хамтран ажиллаж байна. Энэ долоо хоногт багтаан дуусгах ёстой тул бүгд идэвхтэй оролцоорой ” хэмээн тэмдэглэв.
МАХН-ын бусад улс төрийн хүчнүүдээс ялгарах нэг онцлог нь төрд сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ ёс зүйн гэрээ хийж, андгай өргүүлэн ажиллаж байсныг олон нийт мэднэ. Тэгвэл энэ удаа шинэ жишиг тогтоолоо. Мөн өнөөгийн улс төрд үүссэн гажуудлыг арилгахад улс төрийн шинэ соёлыг харуулж чадлаа. Энэ нь тус намын удирдлагууд тамга тэмдгээ гардаж авахдаа намынхаа туг далбаанаас адис авч андгай тангараг өргөсөн энэхүү үйл явдал юм.
Андгай тангарагт “МАХН-ын ….дарга /гишүүн/ нь улс төрийн ямар ч нөхцөлд МАХН-ын үзэл баримтлал, үйл хэрэгт үнэнч байж, МАХН-ын дүрмийг сахиж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, улс орон, ард түмний эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, өнөөгийн төрийн гаж тогтолцоог засахын тулд Шинэ Дээд хуулийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулж, намынхаа эв нэгдлийг бататган бэхжүүлж, хүнйи эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөө мэдлэг боловсрол, бие сэтгэлээ бүрэн дайчлан манлайлж ажиллахаа илэрхийлэн энэхүү андгай тангаргийг өргөж байна. Хэрэв би өргөсөн андгай тангаргаасаа няцвал намайг эх орон, ард түмнийхээ эрх ашгаас урвасантай адил үзэж, улс төр, ёс суртахууны ямар ч хариуцлага хүлээлгэхэд гомдолгүй гэдгээ журмын нөхдийнхөө өмнө хариуцлагатайгаар батлан илэрхийлье” гэсэн байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ