"Google" компани Нью-Йорк дахь Хадсан-скверт баригдах оффисын шинэ байрандаа (кампус) тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. АНУ-ын хамгийн том хотод байрладаг тус компанид эдүгээ 7000 хүн ажиллаж байгаа бөгөөд дараагийн 10 жилд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч буй юм байна.
Хадсон-скверийн нийт талбай ойролцоогоор 157 мянган квадрат метр бөгөөд олон улсын бизнесийн үйл ажиллагаа зохион байгуулах "гол байршил" болох аж. Хадсон гудамжинд 2020 он гэхэд хоёр оффисын барилга баригдах бол гурав дахь нь хоёр жилийн дараа Вашингтоны гудамжинд нээгдэх юм байна.
"Google" компани өнгөрсөн хавар Нью-Йорк дахь өөрийн төв байрны эсрэг талд байрлах "Chelsea Market" компанийг 2.4 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээ байгуулжээ. Тус компаний санхүүгийн ахлах мэргэжилтэн Рут Порат энэ жилийн эхээр “Google” компани Детройт, Боулдер, Лос Анжелес, Теннесси, Алабамад шинэ салбарууд болон мэдээллийн төвүүдээ нээсэн талаар мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт “Apple” компани АНУ-ын нутаг дэвсгэр дээр баригдах шинэ оффисын байрандаа тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа зарласан байна. “iPhone” үйлдвэрлэгч тус компани Остин хотын хойд хэсэгт шинэ кампус барьж, 5-15 мянган ажлын байр бий болгон, Сиэтл, Сан Диего, Лос Анжелест шинэ оффиссууд нээхээр төлөвлөснөө мэдээлжээ.
Эх сурвалж: Вести