Гаднын шалтгаант нас баралтаар жилд 15-17 мянган хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Гаднын шалтгаант нас баралтаар жилд 15-17 мянган хүн амиа алджээ

Гаднын шалтгаант нас баралтаар жилд 15-17 мянган хүн амиа алджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/ хамтран "Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвд хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримтаас харахад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж,  300-400 хүн зам тээврийн ослоор нас барж, 2,000 гаруй хүн золгүй байдлаар амиа алдаж, 600-700 хүн амиа хорлож байна гэсэн статистик тоо байна.

Энэ тоо сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа. Үүний шалтгаан гэвэл олон хүчин зүйл бий. Хамгийн анхны хөндлөнгийн шалтгаан юу вэ гэвэл архидалт. Аливаа хүний амь хохирсон хэрэгт архи шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг судалгааны дүнгээс харагддаг. Статистик тооноос харахад золгүй байдлаар амиа алдаж байгаа хүний тоо өндөр байгаа аж. Үүнд үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын асуудал зэрэг нөхцөл байдал нөлөөлдөг. Мөн өндөр барилга дээр ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс унаж байна, зуны цагт гол усанд амиа алдах, өвлийн цагт осгож нас барах зэрэг тохиолдлууд байдаг гэдгийг албаныхан хэлж байлаа.

Хэлэлцүүлэгийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр “Хүний амь нас хохирсон, амиа хорлосон, болгоомжгүйгээр хүнийг алах хэргүүд сүүлийн гурван жилд өссөн хандлага ажиглагдаж байгаа. Энэ гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл нь ажилгүйдэл, стрес бухимдал, мансууруулах бодисын хэрэглээ, цахим орчны шууд болон шууд бус нөлөөллөөс үүдэлтэй.  Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад архидалтын замбараагүй хэрэглээг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүүхдийн аюулгүй байдлыг бий болгох, хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарал тавьж чадах юм бол хүний амь нас хохирох бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

2012-2016 оны хооронд 2055 хүн амиа хорлосны хамгийн бага настай нь арван настай хүүхэд байна. УЕПГ-аас явуулсан судалгаанд амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлахад 70 орчим хувь нь нээлттэй бус, асуудлаа бусдад ярьдаггүй, 29.3 хувь нь цочмог ууртай гэсэн дүн гарсан. Ерөнхий боловсролын сургуульд мэдлэг олгох хэт их сургалт явуулж, төлөв түвшин томоотой хүн болгож хүмүүжүүлснээс хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж байгааг албаныхан онцолж байлаа. Дэлхий нийт хүүхдийг хүн байх, амьдралыг ойлгох, бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд анхаарч байна. Манай улсад ч ийм боломж бий бөгөөд хүүхдийг эрсдлээс хамгаалах, аливаа асуудлыг даван туулах чадвартай болгохыг ерөнхий боловсролын тухай хуульд заасан байдаг. Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэлзүйчтэй байх шаардлагатай, хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар өнөөдөр 10, 11 настай хүүхдүүд амиа хорлох алхмыг сонгож байгаа жишээнүүдийг албаныхан онцолж байсан юм.  Түүнээс гадна насанд хүргэчдийн дунд ч амиа хорлох тохиолдол архидан согтуурахтай холбоотойг судалгаа харуулж байна. Энэ талаар УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Насанд хүрсэн амиа хорлосон тохиолдлын 40 хувь нь хөнгөн болон хүнд хэлбэрийн согтолттой байсан байна. Манай улсад жилд нэг хүнд ногдож байгаа согтууруулах ундааны зүйл 9,3 литр байна гэж байна. Энэ бол бодох асуудал. Сэтгэл гутраад амиа хорлосон байна уу эсвэл согтсон үедээ буруу сонголт хийсэн үү гэдэг өөрөө шалгах асуудал. Гэтэл 21 хүртэлх насны хүүхдүүдийн цоо эрүүлээр энэ үйлдлийг хийнэ гэдэг яг тэр нөхцөлд маш хүнд байсан гэдгийг харуулаад байгаа юм. Амиа хорлосон тохиолдлуудын 33 хувь нь өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан. Нэгдсэн мэдээллийн сантай байсан бол тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан. Монголчууд нийгмийн стрессээс үүссэн сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болчихож.  Өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага гээд бүх газарт сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газар алга. Үүнийг сэтгэцийн өвчин болох хүртэл явж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулиас нь эхлээд сэтгэлзүйч ажиллуулах, өрхийн эмнэлэг, байгууллагууд багадаа сард нэг удаа сэтгэлзүйчтэй уулзуулж, сэтгэл санааны байдлыг хянаж байх хэрэгтэй байна. Судалгаанаас харахад амжиргааны түвшин доогуур нөхцөлд амиа хорлолт өндөр байна. Ядуурал хүмүүст, тухайн өрхөд маш хүндээр тусч байна” гэлээ.

Сүүлийн үед өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ амиа хорлосон тохиолдол байсан ч нийт тохиолдлын дунд цөөн тохиолдол гэнэ. 21-25 насны залуус хар тамхи, мансууруулах бодисоос хамааралтай болж улмаар амиа хорлосон тохиолдолууд ч гарчээ. Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 17 тохиолдол байна. Харин бусдын нөлөөгүй амиа хорлосон хүмүүсийн 80 хувь нь эрэгтэйчүүд байдаг аж. Эрчүүд эмэгтэйчүүдээс 5,2 дахин амиа хорлож байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж