Хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүллээ | News.MN

Хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүллээ

Хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүллээ

Хүүхэд хамгааллын асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүллээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.12.18/ хуралдаж, Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо.

Хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ цаасан дээр төлөвлөснөөс цаашгүй, хэрэгжилт хангалтгүй байгаа талаар зарим гишүүд шүүмжилж байлаа. Өнгөрсөн онд хүүхдийн эсрэг гэмт хэрэг өмнөх оныхоос өсчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо буурахгүй байгаад олон нийтийн оролцоог татан оролцуулах хэрэгтэй гэж үзэж байв. "Хүүхэд хамгаалагч" төсөл хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо буурах хандлагатай болсон, эрсдлийг бууруулж байна гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга хэллээ. Ерөнхийлөгчийн зүгээс 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарлахаар төлөвлөж байгаа юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:

-Сургуулийн орчинд хүүхэд аюулгүй байх чиглэлээр холбогдох яамд хэрхэн ажиллаж байна. Одоогоор зургаан сарын өмнө сургуулийн хашаанд тоглож байсан хүүхэд санамсаргүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Хүүхдийн тоглоомын талаар Барилга хот байгуулалтын яам болон Нийгмийн хамгааллын яамтай хамтран шинэ журам батлахаар ажиллаж байна. Удахгүй мөрдөх журам гарахаар хэрэгжүүлээд явах боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА:

-Хүүхдийн асуудлыг хариуцаж байгаа төлөөллүүд салбар хоорондын уялдааг хангаж, эрэмбэлж харах зайлшгүй шаардлага байгаа. Хүүхэд эрүүл, боловсролтой, аюулгүй, ёс зүйтэй байх асуудлыг эрэмбэлж байна. Хий хоосон хайр яриад асуудал шийдэгдэхгүй. Өнөөдөр гэхэд би БСШУСЯ-ны сайдын зөвлөлийн хурлаа хийгээд, ЕБС-иудын эрсдлийн үнэлгээг хийлгэсэн. Асуудал гарахаар араас нь хөөж ажилладаг байж болохгүй. Тиймээс сургуулийн гадаад орчны стандартын асуудлаар шийдвэр гаргаад Стандарт хэмжилзүйн төвд хүргүүллээ. Хүүхдийн төлөө ажилладаг механизм, бүтцээ зөв болгох хэрэгтэй. Бид хүүхдийн гэмт хэргийг ирэх жил 30 хувь бууруулна гэдэг зорилтгүйгээр ажиллах бололцоо байхгүй. Эцэг эхчүүд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БИЛЭГТ:

-Бид хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэхэд алдсан. Монгол Улс хөгжих үндэс нь хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх юм. Тиймээс бид Монгол хойч ирээдүйгээ ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхийн төлөө явах ёстой гэлээ.

Ингээд Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Үүнд, хүүхэд хамгаалах үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хүүхдийг эрсдлээс хамгаалах зорилгоор ажилтнуудыг илүү цагаар ажиллуулахгүй байх, шаардлагатай үед чөлөө олгодог байх. 2019 оныг Хүүхэд хамгааллын жил болгох, хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлэх санхүүжилтийг олгох, цагдаагийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах, Хүүхдийн төлөө үндэсний төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй контентийг цахим орчинд хаях зэргийг байнгын хороо тогтоолдоо тусгасан байлаа.

Гишүүд үг хэлсний дараа Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт тодорхой чиглэлэ өглөө. Үүгээр өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж