"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"

"У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүүдээ 1.3 тэрбумын зээл авч өгсөн"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2018.12.18/ мэдээлэл хийлээ. Тэрбээр "У.Хүрэлсүх ЖДҮХС-тай өөрөө холбоотой байсан хэр нь яагаад энэ мэдээллээ ил болгохгүй байгаа юм. Иймээс нотлох баримттайгаар дээрх мэдээллийг дэлгэж байна" гэсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын компани дээр 1.3 тэрбум төгрөгийг ЖДҮХС-аас зээл авсан. Тодруулбал, "Жаргалант мах" ХХК нь эхлээд нэг тэрбум төгрөгийн зээл авсан, түүний дараа 300 орчим сая төгрөг авсан баримт нь байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх 48 цагийн дотор өөрөө огцрохыг шаардаж байна. Хэрэв 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурна" гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:

-ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг би нотлох баримт дээр үндэслээд та бүхэнд өгөх нь зүйтэй болов уу гэж би хэвлэлийн хурал хийхээр шийдлээ. МАН-ын дарга, У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг сая тогтоолоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэрээр "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр 1.326 тэрбум төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, мөн  2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж, үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Үүнийг нотлоход хэцүү ч шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад үүнийг өгсөн. Шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөөд явж байсныг би сая үзлээ. Зээлийн санхүүжилтийнхээ 560 сая төгрөгийг нь одоогийн байдлаар авчихаад байгааг би мэдлээ.  Тухайн үед У.Хүрэлсүх дүүдээ зээл авч өгөх гэж хөөцөлдөж байсан байна. МАН ЖДҮ-чин даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй. Өөрөө Ерөнхий сайдын ажлаа өгөхгүй бол би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо хуулийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа сайн хиймээр байна. Магадгүй хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа байх. Гэхдээ ажлаа хурдан, сайн хийх хэрэгтэй байна.  Би хувь хүнийхээ хувьд нэлээд зориг гаргаж, энэ мэдээллийг хийж байна. У.Хүрэлсүх 48 цагийн дотор Ерөнхий сайдаасаа огцрох өргөдлөө өгөх хугацаа байна. Маргааш намын Бага хурал болно. Энэ хурал дээр ч гэсэн огцрох бүрэн боломж нь бий. Би өнөөдөр энэ мэдээллийг хийснээр маш их дайралтад өртөх байх. Миний талаар хар бараан гүтгэлэгүүд үргэлжилнэ. Би үүнд бэлэн байгаа.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Танай намын Бага хурал маргааш /2018.12.19/ болно. Бага хурлын өмнө ийм мэдээлэл хийж байгаа нь улс төрийн зорилготой юм шиг харагдаж байна. Хуулийн байгууллага ЖДҮ-тэй холбоотой асуудлыг маш их нууцалж байгаа. Та энэ мэдээллийг хаанаас олсон бэ?

– Би өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт энэ мэдээллийг цацах гэж байсан. Гэтэл Засгийн газрын тэргүүн маань Япон Улсад айлчилсан. Гадаадад улс орныхоо нэрийн өмнөөс айлчлал хийж байхад нь ийм мэдээлэл цацаад хэрэггүй гэж бодоод хойшлуулсан.  Өчигдөр бас хийх байсан ч болсонгүй. Тиймээс өнөөдөр хийж байна. Бага хурлын өмнө хийж байгаа нь цаг хугацаа нь л ингээд таарчихлаа. Надад энэ мэдээллийг жирийн нэг ажлаасаа халагдсан төрийн албан хаагч эмэгтэй өгсөн.

– Таныг болон хэсэг бүлэг гишүүдийг МАН-аас хөөх гэж байгаа гэсэн. Тиймээс та энэ мэдээллийг хийж байна гэсэн хардлага байна?

-Намаас хөөх шийдвэр аль эрт гарчихсан. Одоогоор намаас хөөх тогтоолоо албажуулаагүй л байгаа. Өнөөдөр намын хяналтын хороо хуралдах сураг байсан.

-Та олон сарын өмнө мотоциклтой иргэнийг мөргөсөн гэсэн асуудал гарсан. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн юм бэ?

-Мотоциклтой иргэний асуудал хууль ёсныхоо дагуу шийдэгдсэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас авсан зээлийн баримт хангалттай байгаа юу?

-Ухнаагийн Хүрэлсүхийн регистрийн дугаартай баримт надад бий. Хэн нэгэн хүн төрийн өндөр албан тушаалд очихоор хуулийн хамгаалалтад орчихдог. Одоо энэ байдлыг халах хэрэгтэй.

ЖДҮХС-гийн асуудал Ж.Эрдэнэбатын Засгийн газраас эхлэлтэй гэж яриад байсан?

-Аль ч Засгийн газрын үед ЖДҮХС-гийн зээл байсан. Магадгүй, ганц нэг эрх мэдэлтэн эндээс зээл авч байсан байх. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед дөрвөн гишүүнээс бусад нь нийтдээ 30 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна. АН-аас нэг гишүүн авсан байсан. Засгийн газар, У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн эрх ашиг дээр тогтож байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед У.Хүрэлсүх Шадар сайд байсан. Тэр үед У.Хүрэлсүх манай дүүгийн нэр дээр ийм асуудал байна гээд өөрөө хөөцөлдөөд явж байсныг сүүлд олж мэдлээ.

У.Хүрэлсүхийн төрсөн дүү ДЖҮХС-аас зээл авсан талаарх баримт /УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тараасан/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
5
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж