Монгол Улс халамжид жилд 700 тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн давхардсан тоогоор 1.1 сая иргэн халамжид хамрагддаг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэдийн бараг тал хувь нь халамжид хамрагдаж байгаа юм. Мөн халамжид хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст очиж байгаа мөнгө нь хэтэрхий бага, сарын хэрэглээний 15-20 хувьд л хүрдэг аж. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэх шаардлага тулгараад байгаа билээ. Нийгмийн халамжийн асуудал болон хөдөлмөр, халамжийн салбарт 2019 онд хэрэгжих шинэ журмын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар өнөөдөр хэлэлцэж байна. Чухам яагаад уг хуулийг өөрчлөх шаардлагатай вэ?
-Нийгмийн халамжийн тогтолцоог 1995 онд бүрдүүлж байсан. Үүнээс хойш хоёр удаа нэмэлт өөрчилж, гурван удаа шинэчлэн найруулсан. Гэвч нийгмийн халамжийн тогтолцоо нь эерэг болон сөрөг талтай байгаа.
Нэг талдаа халамж хавтгайрлаа гэж үздэг. Давхардсан тоогоор 1.1 сая хүн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, туслалцаа зэрэг ямар нэгэн хэлбэрээр халамж авчээ. Нөгөө талаас халамж нь тухайн хүний амьжиргааны түвшнээс доогуур, сул байна. Энэ нь ядуурлаас гарахад сөрөг нөлөө үзүүлж байгаа. Бидний судалгаагаар нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт нь тухайн хүний сарын хэрэглээний 15-20 хувийг л хангаж байна. Манайд олгож байгаа халамжийн хэмжээ нь европын орныхоос 2-3 дахин бага байдаг.
Эндээс дүгнэхэд, халамжийн хамрах хүрээ өргөн, иргэдэд олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь амьжиргааны түвшнээс бага байна. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад, эрдэмтэн судлаачдын дунд өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хуулийг иргэн, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг олон удаа хуралдаж зөвшилцөлд хүрсний дараа эцсийн байдлаар Засгийн газар, УИХ-д өргөн барина.
Бидний баримталж буй бодлого нь төр зайлшгүй халамжлах ёстой, анхааралдаа авах ёстой зорилтод бүлгээ зөв тодорхойлох. Тэдэнд олгож багаа тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, туслалцаа нь амьжиргааны төвшинд нийцсэн, амьдарлаа хэвийн хэмжээнд аваад явахад хүрэлцэхүйц байх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн ядуу, ажилгүй байгаа хөдөлмөрийн чадвартай иргэд халамжид хамрагдаж байгааг өөрчлөх ёстой. Хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажилтай, орлоготой болгох чиглэлээр амьжиргааны төвшнийг сайжруулах шаардлагатай.
-Халамжийг амьжиргааны төвшинд хүргэхийн тулд ямар алхам хийж байна вэ?
-Бид 2019 оны улсын төсвийг батлахдаа Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэхээр тусгасан. Ингэснээр ирэх 2019 оны хоёрдугаар сараас эхлэн халамжийн хэмжээ амьжиргааны төвшний доод хэмжээнд хүрч нэмэгдэнэ.
-Халамжид жилд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-Халамжид жилд 700 тэрбум төгрөг зарцуулж байна.
-Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа. Энэ нь ирээдүйд иргэдэд тэтгэвэр олгож чадахгүйд хүргэх юм биш биз?
-Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай явдаг. Энэ жил гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн татаас авч үйл ажиллагаагаа явуулсан. Тиймээс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг шаардлагыг бидэнд тавьж байгаа. Нийгмийн даатгалын сангийн шинэчилсэн хуулийн найруулгыг 2019 онд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.
Ирээдүйд тэтгэвэр олгоход хүндрэл үүсэхгүй. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг улсын төсвөөс татах замаар явж байгаа.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2019 онд ямар шинэ тогтолцоо нэвтрэх вэ?
-Ирэх жил буюу 2019 оны төсөвт хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд нэлээд хэдэн өөрчлөлт туссан байгаа. Нэгдүгээрт, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ажиллаж байна. Хоёрт, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцаж байгаа оюутан залууст сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан. Энэ тэтгэлгийн журам Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй орно. Гуравт, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлнэ. Ингэснээр хоёрдугаар сараас эхлэн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр нэмэгдэнэ. Тухайлбал, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэнэ.
Зарим хуульд өөрчлөлт орсон. Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон, тэтгэвэрт гарахдаа дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгодог байдсан бол зургаан жил болсон.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах үүднээс ажилтны болоод ажил олгогчийн төлж буй шимтгэлийг тус бүр 0.5 хувиар нэмж байгаа. Энэ нь Олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн үүргээ Засгийн газар хүлээж байгаа гэсэн үг юм. Мөн тэтгэврийн насыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараар нэмэгдүүлсэн байсныг сонголттой болгосон. Ингэснээр иргэд өөрийн хүссэнээр 50, 55 эсвэл 60 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болсон. Мөн тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлсэн байсныг гурван сар болгосон.
-Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт орох уу. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Хүүхдийн мөнгө олгох журам өөрчлөгдөхгүй. Хүүхдүүдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байгаа. Хүүхдийн мөнгөнд хамрагдах шалгуур нь нэгдүгээрт, өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх, хоёрт, амьжиргааны төвшинд тогтоолгосон байх шаардлагатай. Амьжиргааны түвшин тогтоох босго оноог 700-гаар зааглан түүнээс доош босго оноотой айлын хүүхдүүд энэ мөнгийг авна. Энэ журам 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ журмын дагуу олгогдох болно.