Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр /2018.12.17/ цэргийн ёслолын жагсаалын бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “улс эх орноо гаднын түрэмгийллээс хамгаалахад туслах иргэний хамгаалалтын цэргийн тоо 1.6 саяд хүрээд байна” хэмээн хэлжээ. Тус цэргийн ёслолын жагсаал болон Мадурогийн хэлсэн үгийг нь Венесуэлийн телевизээр шууд дамжуулан хүргэсэн байна. Венесуэлийн иргэний цэргийн тоо 1.6 саяд хүрсэн гэдэг нь энэ оны эхэн үеэс даруй гурав дахин өссөн гэсэн үг юм.
Цэргийн тоо нэмэгдсэн тухай мэдээллийг Н.Мадуро АНУ Венесуэлийг эзлэхийг санаархаж байгаа тухай мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа өгч буй нь энэ юм. Тухайлбал, Николас Мадуро нь өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр өөрийнх нь амь насанд халдахыг завдсан хэргийн ард АНУ байгаа хэмээн ямар нэгэн нотлох баримтгүйгээр гүтгэсэн. Тэрбээр АНУ-ыг өөрийнх нь амийг хөнөөж, улсад нь төрийн эргэлт гаргах санаархалтай байгаа гэжээ. Венесуэл улс нь 20 гаруй жил үргэлжилсэн социалист дэглэмийн дараа эдийн засгийн хямралд өртөж, улс оронд нь эмх замбараагүй байдал газар авсан байгаа юм. Ерөнхийлөгч Мадурог өнгөрсөн наймдугаар сард Венесуэлийн нийслэл Каракас хотод болсон зэвсэгт хүчний ойн баярын жагсаалын үеэр хөнөөхийг завдсан хэрэг гарсан байна.
Н.Мадуро “Цэргүүд маань шүдээ хүртэл зэвсэглэх болно. Гаднын империалист гүрнүүд эх орныг маань булаан эзлэхийг завдаж байна. Гэхдээ тэд биднийг яаж ч чадахгүй гэдгээ мэдэж авах ёстой ” гэж хэлсэн ч улсынх нь зэр зэвсгийн нөөц ямар байгаа тухай огт дурдаагүй байна.
“Боливарын иргэний хамгаалалтын цэрэг” гэдгийг 2008 онд Венесуэлийн Ерөнхийлөгч асан Уго Чавес зэвсэгт хүчинд туслах зорилгоор, сайн дурын иргэдээс бүрдүүлсэн билээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ