Мах магнаг болох цаг айсуй | News.MN

Мах магнаг болох цаг айсуй

Мах магнаг болох цаг айсуй

Мах магнаг болох цаг айсуй

Багахан зохицуулалт хийсэн бол махны хомсдол үүсэхгүй байлаа

Хятадууд ямааны махыг гулууз гулуузаар нь худалдан авч байна гэнэ. Ашгүй дээ хэмээн баярлаж сууна. Өглөөд “Хүчит шонхор” зах дээр авчирсан малчдын малыг булаацалдаад л авдаг болжээ. Овоо доо, хэдэн малчдын маань орлого нэмэгдэх нь. Үнэнийг хэлэхэд саяхныг хүртэл ямааны мах шиг “хэрэггүй” зүйл байсангүй. Амархан царцдаг, амт шим муутай гээд монголчууд ямааны мах идэх тийм ч дуртай биш. Тиймээс ямааны мах хамгийн хямдхан нь байв. Ганц, хоёрхон жилийн өмнө “Хүчит шонхор” зах дээр ямааны гулууз мах кг нь 3000 хүрэхгүй төгрөгөөр зарагддаг байсныг бид мэднэ. Заримдаа 2500 хүртлээ үнэ нь унана. Гэвч малчид ноолуурын ашиг шимийг нь бодоод ямаагаа их хэмжээгээр өсгөсөөр байгаа. Социализмын үед хонь, ямааны харьцаа 2:1 байсан бол өдгөө 1:1 бараг хүрсэн нь үүний нотолгоо.

Өдгөө 80 саяд хүрээд буй мал сүргийн 45 орчим хувийг хонь эзэлж буй бол ямаа 41 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг тус тус эзэлж байна. Ямааны тоо өсөхийн хэрээр бэлчээр доройтож, ургамлын гарц муудаж, цөлжилт үүсдэг гээд сөрөг тал их. Тиймээс борлогддоггүй, хүн тоодоггүй байсан ямааны махыг хятадууд их хэмжээгээр аваад байгаа нь сайн мэдээ. Үүнд бид баярлах ёстой болохоос “муусайн хужаа нар хэдэн ямааг минь цөлмөөд  дууслаа” гэж цээжээ дэлдэн агсамнах шаардлагагүй.

Гэхдээ баярлахад эрт аж. Хятадууд адуу, ямааны мах бөөндөж авахтай зэрэгцэн дотоодын зах зээлд хомсдол үүсэж, махны үнэ талийгаад өгчээ. Уг нь жилийн өдийд ихэнх айл хөдөөнөөс идшээ базаачихсан байдаг. Тиймээс махны борлуулалт багасаж, дагаад үнэ нь буурдаг зүй тогтолтой. Махны үнэ хамгийн  хямдхан байдаг “Хүчит шонхор” зах дээр гэхэд хонины гулууз мах 3500-4000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байв. Ямааны мах үүнээс ч хямд гэдгийг дээр өгүүлсэн. Гэтэл өдгөө хонины мах таван мянгыг хэдийн даваад алга болжээ. Гайхал ямааны мах үүнээс ч өндөр үнэтэй байна. Зөвхөн бөөний үнийн хувьд шүү дээ. Харин зах, дэлгүүрүүдэд байгаа жижиглэнгийн үнэ бүр тэнгэрт хадсан. Адууны мах бүр олдохоо ч байлаа.

Уг нь бид ямааны махаа зарчих юмсан, махны экспортоо нэмэгдүүлмээр байна гэж олон жил ярьсан улс. Гэвч махны экспорт нэмэгдэх үед нь бэлтгэлтэй байж чадсангүй. Өөрөөр хэлбэл, махныхаа үнийг тогтвортой торгоон барьж чадсангүй. Ер нь ямар ч зүйл хомсдохоороо үнэ өсдөг нь зах зээлийн жам. Үнийг өсгөхгүйн тулд нийлүүлэлтдээ анхаарах ёстой гэдгийг дунд сургуулийн сурагч ч хэлээд өгнө. Харин энэ бүхнийг бодлогоор зохицуулж, шийдвэр гаргах ёстой салбарын яам өнгөрсөн хугацаанд юу хийв. Борлуулалт сайжрахын хэрээр нядалж зарах малынхаа тоог нэмэгдүүлж болсонгүй юу. Угаас малчид өвлийн их хүйтнээс өмнө хэдэн малаа гайгүй үнээр зарчих сонирхолтой байдаг шүү дээ. Үүн дээр багахан хэмжээний зохицуулалт хийхэд л махны хомсдол үүсэхээргүй байлаа. Ядаж л орон нутаг дахь салбарууддаа бэлтгэх махны хэмжээг нэмэгдүүлэх үүрэг өгч болох байв. Хомсдол үүсэхээр байгааг эрт мэдэрсэн бол үүнээс сэргийлж болох байлаа.

МОНГОЛЧУУД МАХНЫ ҮНЭД ДАРЛУУЛЖ, ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨХ БОЛОВ

Гэвч сайд нь ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бусад хурган дарга нар нь яахаа мэдэхгүй дүлэгнэж, өдөр хоногийг аргацаасан байдалтай өнгөрөөж суух зуур махны үнэ тэнгэрт хадлаа. Одоо ийм үнэтэй байгаа юм чинь эрэлт ихэсдэг Цагаан сарын үеэр хэрхэх бол. Тэгсэн атлаа малын тоо толгой түүхэнд байгаагүй өндөрт хүрлээ гэж хөөрцөглөх. Өрөвдөлтэй улс ч юм даа, бид.

ХХААХҮЯ-наас гаргасан статистик мэдээлэлд анхаарлаа хандуулъя. Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар 10,735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10,319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонь болон ямааны мах, 642.5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22,971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Улмаар махны экспортоос улсын төсөвт 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого орсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, адууны махны экспорт 1.4 дахин, хонь болон ямааны мах 4.3 дахин, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 7.1 дахин их буюу дунджаар 2.6 дахин нэмэгджээ.

Махны экспорт овоо нэмэгдэж, улсын төсөвт орж ирэх мөнгө тэр хэрээр өсөж буйг эндээс харж болно. Гэхдээ экспорт нэмэгдлээ гээд махны үнэ дагаад тэнгэрт хадаж болохгүй. Иргэд үнэтэй мах идэх ёсгүй. Харамсалтай нь, хамгийн чухал энэ ажлаа холбогдох албан тушаалтнууд нь хийж чадсангүй.

Нөгөөтэйгүүр бид махаа одоогийнх шиг гулууз болгон хөлдөөгөөд бөөндөж нь зарсан хэвээр байх уу. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож зарах асуудлаа хэдийд шийдэх вэ гэдэг нь бодох л асуудал. Үнэнийг хэлэхэд хятадуудын ачаар махны экспорт өслөө гэж байгаа ч энэ нь ажлын байр нэмэгдүүлсэн үү. Харамсалтай нь үгүй. Дунд нь хэдэн ченжүүд л хэдэн цаас халаасалсан байх. Уг нь бид мах боловсруулах 100 үйлдвэр барина, тэндээ орчин үеийн чанарын шаардлага хангасан технологиор малаа нядалж, экспортод гаргана. Энэ хэрээр ажлын байр нэмэгдэж, улсын төсөвт орж ирэх мөнгө өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй улс. Сэрчихгүй бол сайхан л зүүд гэдэг шиг үнэхээр биелдэг бол сайн л байна. Гэхдээ шийдвэр гаргагчдын, бодлого тодорхойлогчдын одоогийн байдлыг харвал энэ бүх зорилго, зорилт урьд өмнөх төлөвлөгөөнүүдийнхээ нэгэн адил замхран алга болох магадлал өндөр байна. Дээдчүүд нь ийм арчаагүй байгаа болохоор хятадууд хэдэн ченжтэй нийлээд л махны үнийг дур зоргоороо  тогтоож байна. Үр дүнд нь нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг монголчууд  өдрөөс өдөрт нэмэгдэх махны үнэд дарлуулж, өдөр хоногийг өнгөрөөх болов.

Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээс харвал арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.77 хувиар буюу 244 төгрөгөөр өссөн байна. Мөн үхрийн ястай махны үнэ 8.6 хувиар буюу 663 төгрөгөөр, үхрийн цул мах 11.66 хувиар буюу 1,067 төгрөгөөр, ямааны ястай мах 10.2 хувиар буюу 500 төгрөгөөр тус тус нэмэгджээ. Энэ бол нийслэлийн томоохон захуудад зарагдаж буй махны дундаж үнэ. Ганц долоо хоногийн дотор нэг кг махны үнэ 244-1067 төгрөгөөр нэмэгдсэнийг эндээс харж болно.

Хэрэв экспортоо дагаад үнэ нь өсөөд байвал, төр үүнд нь зохицуулалт хийж чадахгүй юм бол махаа гадагш гаргахаа боливол яасан юм бэ гэсэн тэрслүү бодол хүртэл орж ирэх юм. Үнэнийг хэлэхэд энгийн иргэдийн хувьд манай улс хэдэн тонн мах экспортолж, хэдэн төгрөгийн орлого олох, хятадууд хэдэн тонн мах худалдаж авах нь тийм ч чухал биш. Тэдний хувьд махны олдоц сайн, үнэ тогтвортой байхыг л хүсэж байгаа. Гэвч хэдэн нөхөд мах бөөндөж авангуут үнэ нь дагаад өсчихдөг өрөвдөлтэй, эмгэнэлтэй дүр зургийг бид сүүлийн өдрүүдэд хангалттай харлаа. Ийм байхад экспорт нэмэгдлээ гэж баярлаад ч яах билээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-18 202.131.242.254

10 жилийн өмнө доллар 800 байхад л мах 3000-5000 буюу 3-5 доллар байсан. Өнөөдөр доллар 2600 гарчаад байхад 5000-8000 буюу 2-3 доллар хэвээрээ л байна. Мах шиг үнэ нь тогтвортой, хямд бараа Монголд байхгүй. 80 сая мал, хямд махны ачаар л Монголчууд хэдий ядуурч байгаа ч өлсөхгүй байгаа. Одоо бүүр гэдэс дотор, толгой шийр иддэг хүн байхгүй, шууд хаядаг болсон. Соц үед шийрийг хүртэл хуйхалж иддэг байлаа.

Avatar

Зочин 2018-12-18 92.223.73.81

mahaa baga hergel oor ideh um zondoo bna

Avatar

Зочин 2018-12-18 124.158.94.88

дээдчүүд гэж хэлэх ёсгүй ээ, зүгээр бид нарын өөрсдийн сонгосон адилхан л хүн ш дээ. бид тэдэнтэй адилхан эрхтэй, тэд биднээс илүү үүрэгтэй болохоос илүү эрх байхгүй ёсгүй. дарга нарыг дээдчүүд энэ тэр гэж битгий хөөрөгд.

Avatar

gunj 2018-12-18 202.9.45.7

хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн буурах байхаа үгүй лаларуудаа

Avatar

Мал нь 80 сая гараад байхад 2018-12-18 65.49.68.205

Хүрэлсүх мэтийн гарууд Монголыг удирдаж чадахгүй ээ. Шал худалаа л орилоод. Мал нь 80 сая гарах гээд байхад л ард түмэн нь үнэтэй мах идэж бн. Энэ байгаль дэлхий, өвс ургамал, ус ганцхан малчдад зориулаагүй шүү дээ. Малчидаас татвал сайн авах хэрэгтэй. Тэгвэл махны үнэ буурна. Харж үзээд л хөнгөлөлт эдлүүлээд байх тусам махны үнэ нэмэгдээд.

Avatar

Зочин 2018-12-18 66.181.179.230

чи мал маллад үзхэд гэмгүй шүү.7 honog bhad hangalttai

Avatar

МАЛЧИН БАТСҮХ 2018-12-18 103.240.240.73

ХУДЛАА СҮРЖИГНЭХЭЭ БОЛЬ, ЖИЛ БҮРИЙН ӨДИЙД ЧЕНЖҮҮД ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ЗАХИАЛГААР ТАРААЖ МАХАА ХУРДАН ЗАРАХ ГЭСЭН АРГА ХЭРЭГЛДЭГ, ХАВАР ХАДАХ ЮМ БАЙНА ГЭД НӨӨЦӨЛДӨГ, ХЯТАДУУД ЗӨВХӨН АДУУНЫ МАХ ӨӨРСДӨӨ БЭЛТГЭЖ ГАРГАЖ БАЙГАА, МОНГОЛ ЧЕНЖҮҮД МАХ ХЯМД Л АВЧ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж