Агаар цэвэршүүлэгч эрэлттэй барааны нэг болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Агаар цэвэршүүлэгч эрэлттэй барааны нэг болжээ

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хамгийн бохир агаартай нийслэлийн тэргүүн эгнээнд жагсах болсон.  Нийслэлд агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10, зарим үед хэдэн арав дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд заналхийлж байна.

Иргэд нэг үеэ бодвол утаанаас өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд тодорхой оролдлого хийдэг болжээ. Тухайлбал, амны хаалт зүүж, гэр болон албан байгууллагадаа агаар цэвэршүүлэгч ашиглаж байна. Гэр хорооллын олон мянган айлыг нүүрс түлэхийг нь болиулж чадахгүйгээс хойш энэ нь бараг хамгийн зөв хамгаалалтын арга байх. Ядаж гэрийн нөхцөлд үр хүүхдээ хороос хамгаалах энгийн арга нь агаар цэвэршүүлэгч гэж хүмүүс үзэж байна. Харин агаар цэвэршүүлэгчийн хэрэглээ, ач холбогдол, үр дүнгийн талаар иргэд хэр мэдлэгтэй байна вэ? Өнөөдөр бид эргэн тойрныхоо хүмүүсээс асууж, судалдаг болсон хамгийн түгээмэл асуудал энэ болж.


Ингээд электрон барааны дэлгүүрүүдээр орж агаар цэвэршүүлэгчийн үнийг сонирхлоо. Эхлээд Улсын Их дэлгүүрийн таван давхарт байрладаг Номин электроникс цахилгаан барааны дэлгүүрийг зорьсон юм. Энд Hitachi болон Enjoy, Philips брэндийн агаар цэвэршүүлэгч худалдаалагдаж байна.

Худалдааны зөвлөх Ц.Дашбалжираас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ХУДАЛДАН АВАХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС ИХЭССЭН

Номин электроникс цахилгаан барааны дэлгүүрийн худалдааны зөвлөх Ц.Дашбалжир

Хүмүүсийн ямар агаар шүүгчийг хамгийн их худалдан авч байна вэ?

-Үнийн хувьд боломжийн, үйлдэл олонтой Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгч сүүлийн жилүүдэд их зарагдаж байна. Энэ агаар цэвэршүүлэгч нь үнийн хувьд агаар шүүх багтаамжаасаа /20,30,60 метр квадрат/ хамаараад 300, 400, 700 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгч нь бактери устгах хеппа шүүлтүүртэй, мөн үнэр дарж, бактери устгадаг нүүрсэн шүүлтүүр, том тоосонцор шүүдэг гурван давхар шүүлтүүртэй. Мөн давхар ариутгах болон ионжуулах, чийгшүүлэх үйлдэлтэй. Өнгөрсөн жилээс эхэлж Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгч оруулж ирсэн. Тухайн үед нэгдүгээр сар гэхэд  ихэнх оруулж ирсэн загвараа дууссан. Сүүлийн гурван жил агаар цэвэршүүлэгч худалдан авах, сонирхох хүмүүс ихэссэн.

-Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгчийн бусад агаар цэвэршүүлэгчээс онцлог давуу тал нь юу вэ?

-Энэхүү брэнд нь үнийн хувьд бусад брэндээсээ хямдхан. Тухайлбал, Sharp, Hitachi брэндийн агаар цэвэршүүлэгч нь сая гаруй төгрөгөөс эхэлдэг. Hitachi брэндийн 60 метр квадрат шүүх чадалтай агаар шүүгч нэг сая 700 мянга төгрөг бол Sharp брэндийн агаар цэвэршүүлэгч нэг сая 300 төгрөгийн хооронд байна. Агаар цэвэршүүлэгч нь үнэтэй болохоор буцаад филтер буюу шүүлтүүрийн мөнгө нь үнэтэй болоод ирдэг. Hitachi брэндийн шүүлтүүр нь 200 орчим мянган төгрөг бол, Sharp брэндийн шүүлтүүр 400 мянган төгрөгийн үнээр зарагддаг. Харин Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгчийн хоёр шүүлтүүр нь нийлээд 100 мянган төгрөгөөр зарагддаг.

Ер нь агаар цэвэршүүлэгчийн  шүүлтүүрийг нь жилдээ хэд солих шаардлагатай вэ?

-Sharp брэндийн агаар цэвэршүүлэгч нь үйлдвэрээсээ шүүлтүүр нь арван жилдээ огт солихгүй гэсэн баталгаатай орж ирдэг. Гэхдээ Монголын нөхцөлд нүүрсэн шүүлтүүр нь хамгийн дээд тал нь л гурван жил болно. Харин хеппа шүүлтүүр нь хагас жил болоод солих шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр агаарын бохирдол манай улсад асар их байгааг харуулж байгаа юм. Шүүлтүүрийг манайх тогтмол зардаг.

Өдөрт хэдэн цагаар асаалттай байлгах ёстой бол ?

-Агаар цэвэршүүлэгч байнга залгаатай байсан ч болно.

Ер нь агаар цэвэршүүлэгч тогны зарцуулалт нь маш бага. Тухайлбал, тогны зарцуулалт нь 59 ватт гэж байна. 59 ватт гэдэг чинь 60-ын лампны чийдэн гээд байдаг түүнтэй л адилхан гэсэн үг. Харин сэнсний хувьд гурван тохиргоотой. Шөнийн горимоо тааруулахад нэг сэнс ажиллах учраас дуу чимээ багатай. 15 ДБ  гэдэг нь  хөргөгчөөс гурав дахин дуу чимээ багатай ажиллана.

Hitachi брэндийн агаар цэвэршүүлэгч нь бүгд хямдралтай зарагдаж байна. Тухайлбал, 53 метр квадрат шүүх хүчин чадалтай агаар шүүгч  үндсэн үнээсээ хямдраад 1 сая 599 мянган төгрөг, 46 метр квадрат 1 сая 299 мянга 990 төгрөг, 25 метр квадрат цэвэршүүлэх шүүгч хямдраад 499 мянга 990 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Тус брэндийн агаар цэвэршүүлэгч нь тансаг зэрэглэлд тооцогддог учир бусад агаар цэвэршүүлэгчийг бодвол илүү үнэтэй зарагддаг гэнэ.

Харин баруун дөрвөн замд байрладаг PC mall дэлгүүрт зарагдаж байгаа агаар цэвэршүүлэгчийн зураг болон ажилтнуудаас нь  мэдээлэл авах гэсэн боловч маркетинг хариуцсан хүн нь байхгүй гэсэн шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Энд Air Pro брэндийн агаар цэвэршүүлэгч 299 мянгаас 499 мянган  төгрөгийн үнээр зарагдаж байна.

Бид дараа нь баруун дөрвөн замд байрладаг Next electronics-ийн салбар дэлгүүрт очлоо. Энд ОХУ-ын Ballu үйлдвэрийн агаар сэлгэх төхөөрөмж, Philips брэндийн цэвэршүүлэгчтэй, чийгшүүлэгчтэй, ионжуулагчтай гэсэн гурван загварын агаар цэвэршүүлэгч  зарагдаж байна. Мөн БНСУ-ын  Magic  брэндийн хоёр өрөө байрнаас гурван өрөө байр шүүх хүчин чадалтай том оврын агаар цэвэршүүлэгч зарагдаж байна.

Тус газрын худалдааны зөвлөх А.Чулуунбаатар “ОХУ-ын Ballu үйлдвэрийн агаар сэлгэх төхөөрөмжийн онцлог нь гаднаас хүйтэн агаар аваад дотогш нь цэвэршүүлээд буцаад дулаан агаар гаргадаг. Зургаан давхар шүүлтүүртэй. хамгийн гадна талын хэсэгт нүүрсэн шүүлтүүр бий. Нүүрсэн шүүлтүүр нь агаарт тархсан хатуу бодисыг шингээдэг бол нүүрсэн шүүлтүүрийн цаад хэсэгт хамгийн гол шүүлтүүр болох хеппа шүүлтүүр байна. Хорт бодисыг устгадаг хамгийн их утаа шингээдэг чухал шүүлтүүр. Агаар сэлгэх төхөөрөмжийг Орост жилийн дөрвөн улиралд ашигладаг. Учир нь, энэхүү төхөөрөмж нь дулаацуулахаас гадна үнэр оруулагчтай учраас хүссэн үнэртүүлэгчээ тэрхүү саванд хийх боломжтой” хэмээн онцолж байсан юм. Үнийн хувьд 999 мянган 900 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Агаар сэлгэх төхөөрөмжийн нүүрсэн шүүлтүүрийг жилдээ нэг удаа сольдог бол хеппа шүүлтүүрийг хоёр жил тутамд шинээр солих шаардлагатай гэнэ. Энд нүүрсэн шүүлтүүр 69 мянга 900 төгрөг, хеппа шүүлтүүр нь 169 мянга 900 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Монголын нөхцөлд зөвхөн өвлийн улиралд ашиглаж байгаа бол 3-4 жил ашиглах боломжтой юм байна.

Тус газрын худалдааны зөвлөх А.Чулуунбаатараас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

ИОНЖУУЛАГЧТАЙ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙГ СОНГООРОЙ

Next electronics-ийн салбар дэлгүүрийн худалдааны зөвлөх А.Чулуунбаатар

-Агаар цэвэршүүлэгч үнийн хувьд хэдэн төгрөгөөр зарагдаж байна?

-Philips брэндийн 2018 оны шинэ загвар 799 мянга 900 төгрөгөөр зарагдаж байсан бол хямдраад 499 мянга 900 төгрөг болсон. Энэхүү агаар цэвэршүүлэгч нь 63 метр квадрат талбайг цэвэршүүлэх боломжтой. Гурван давхар шүүлтүүртэй. Мөн мэдрэгчтэй удирдлагатайгаас гадна агаарын чанар мэдрэгч индикатор буюу гэрэлтэй байгаа. Бохирдол ихтэй үедээ улаан гэрэл аслаад хэвийн ажиллаж байгаа үедээ цэнхэр, цэвэршүүлээд дуусах юм бол ногоон өнгийн гэрэл асдаг.

-Хүмүүс агаар цэвэршүүлэгч сонгохдоо юуг анхаарах ёстой вэ

Ионжуулагчтай агаар цэвэршүүлэгчийг сонгоорой л гэж зөвлөе. Ионжуулагч нь агаарт тархсан хатуу бодис буюу нэмэх  цэнэгийг өөртөө татдаг. Хатуу бодис гэдэгт  утаа ордог. Ер нь зүгээр цэвэршүүлж байгаа бол хэншүү сорогчтой төстэй байна гэсэн үг. Сороод үлээгээд цэвэршүүлээд байна гэсэн үг.

Энд зарагдаж байгаа агаар цэвэршүүлэгч үнийн хувьд 499 мянгаас 999 мянга 900 төгрөгийн хооронд зарагдаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж