Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Хуучирсан мэдээ: 2018.12.18-нд нийтлэгдсэн

Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Иргэдийг туйлдуулсан эрх баригчдын “зодоон”

Эрх баригч намын дотоод “зодоон”-оос болж, улс орны амьдрал ундуй сундуй боллоо. Хууль тогтоох дээд байгууллага нь хуралдаж чадахгүй 20 гаруй хонож байгаа бол яам нь сайдгүй сар гаруй, хот нь удирдлагагүй долоо хонов. Хоёр ч яамны сайдыг чөлөөлөх ёстой ч УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс гацаад байна. Улс орноо бүхэлд нь харах юм бол эзэнгүй айл болж хувирлаа.

Хэдийгээр эрх баригчид өдөр алгасахгүй мэдэгдэл хийх ч тэр нь ард түмний төлөө бус зөвхөн У.Хүрэлсүх ба М.Энхболдын талын кнопыг нэмэх, фракцын “арьсаа” хамгаалсан, уралдаан болов. Гэтэл энэ зодоон дунд валютын ханш өсч, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэн, иргэдийн халаасыг хоосолж байна.

Валют арилжааны төвд өнөөдөр ам.долларын ханш өссөөр 2639 төгрөгтэй тэнцлээ. Төв банк валютын ханшийг тогтворжуулахын тулд 1.2 тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлсэн нь нөөцийнх нь гуравны нэгтэй тэнцэв. Нүүрснээс орж ирэх орлогоор экспортын орлого нэмэгдэнэ гэж тооцож байсан ч Хятадын талын хилийн боомтын шаардлагаар нүүрс ачилт хумигдав. Өмнөд хөрштэй ярилцаад нүүрс татан авалтыг эрчимжүүлэх болов уу гэтэл ажил хийгдсэнгүй.

Гадаад худалдаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 400 сая ам.долларын ашигтай гарч байсан бол өнөө жил 470 сая ам.долларын алдагдал хүлээв.

Төгрөгийн ханш 8-9 хувиар суларсан тухай эдийн засагчид сануулж байна. Засгийн газраас 2019 он гарангуут төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмнэ гэж байгаа ч өрсөөд инфляцад “идүүлчихлээ”. Ид идэш бэлтгэх цагаар нэг кг мах 10 мянган төгрөг давж байсан тохиолдол үгүй. Хаврын цагт ч ингэтлээ “галзуурсан” тохиолдол гараагүй. Гэвч нийслэлчүүд энэ сард 10 мянган төгрөгөөр нэг кг мах худалдан авч, хүнсээ залгуулж байна.

Хятад руу мах их хэмжээгээр экспортолж байгаагаас энэ өвөл махны үнэ өслөө гэсэн тайлбар хийх ч хятад ченж монгол ченжүүдээс хямд үнээр мах бөөнддөг, нийслэлийнхэн нэг кг махыг 10 мянган төгрөгөөр худалдан авах нь Монгол төрийн бодлого юм уу. Бэлчээртээ багтах шингэхгүй болтлоо өссөн 80 сая толгой малтай ч иргэд нь үнэтэй мах хэрэглэнэ гэдэг нь төр ажлаа хийж чадахгүй байгаагийн л илрэл шүү дээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс ч мах, гурил, будааны үнэ өмнөх жил болон өмнөх сарынхаас хэдэн хувиар өссөн тухай нарийн харж болохоор байна.

Махны үнэ 2018.12.13-ний байдлаар:

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6680,  үхрийн /ястай/ мах 8420, үхрийн цул мах 10210, адууны /ястай/  мах 6450, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байна.  Өмнөх долоо  хоногтой нь харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар тус, тус өсчээ.

Махны үнэ 2017.12.13-ны байдлаар:

1 кг хонины /ястай/ мах дунджаар 5175 төгрөг, үхрийн /ястай/ мах 6525 төгрөг, үхрийн цул мах 8015 төгрөг, адууны /ястай/  мах 4900 төгрөг, ямааны /ястай/ мах 3535 төгрөгийн үнэтэй байв.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сараас 0.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махнб үнэ 6.1 хувиар буурч, үхрийн цул мах болон адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Гурил, будааны үнэ 2018.12.12-ны байдлаар:

Гурилын үнэ өмнөх сарынхаас бүгд 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй харин өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Гурил, будааны үнэ 2017.12.13-ны байдлаар:

Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Цагаан будааны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.  Эндээс http://www.1212.mn/ дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн өдийд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой, буурч байсан бол өнөө жил зогсолтгүй өсч буй нь эрх баригч намын хэрүүл улс орны эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйд ямар их өртөг дагуулж, олсон орлогоос нь хумсалж байгааг харуулсан тод жишээ юм.

Ийм УИХ, ийм Засаг үзсэнгүй гэж ард иргэд цөхрөнгөө барж ярьж байна. Итгэл үзүүлж, 65-ууланг нь сонгосон атал Засгийн газар нь УИХ-аа бойкотолж, хууль тогтоогчдынхоо ч ажлыг хийдэггүй, өөрсдийнхөө ч ажлыг хийхгүй хэр олон хоног алдах гэсэн юм бэ. Ард түмэн туйлдаж байна шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж