Ангийн даргын “сонгуульд” эрэгтэй хүүхэдтэй өрсөлдөж, ганцхан саналын зөрүүгээр ялагдсан Марта Кеннеди Моралес гэх охин нэгэн өглөө өөрт нь хаягласан захиа ирсэн байхыг үзээд маш их гайхширсан байна. Түүнд захиа илгээсэн хүн бол АНУ-ын тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, Дональд Трампт ялагдсан Хиллари Клинтон байлаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй хүн байсан юм.
Марта Моралес нь АНУ-ын Мэрилэнд мужийн нэгэн хувийн сургуульд сурдаг гуравдугаар ангийн охин бөгөөд ангийн даргыг сонгох сонгуульд ангидаа төдийгүй сургуульдаа алдартай гэгддэг, олны танил нэгэн хүүтэй өрсөлдсөн байна. Түүнийг ангийнхан нь ангийн даргын сонгуулиа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай адил зарчмаар зохион байгуулсан байна. Мартагийн аавын хэлснээр тэрбээр “сонгууль”-д ялахын тулд кампанит ажлаа маш идэвхтэй явуулж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн аж. Марта охин өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө тухай мэдээллийг Фейсбүүк хуудсандаа оруулсан байсныг нь АНУ-ын Ардчилсан намын идэвхтнүүд олж харан Хиллари Клинтонд хэлжээ /Хиллари Клинтон нь Ардчилсан намын гишүүн юм/. Охины тухай сонссон Хиллари Клинтон түүнд урам зориг өгөхөөр дараах захидлыг бичихээр шийдсэн байна:
Хайрт Мартад,
Ангийнхаа “Ерөнхийлөгч”-өөр сонгогдохын тулд кампанит ажлаа явуулж байгааг чинь Фейсбүүкээс олж харлаа. Юуны өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүй ч сонгуульд амжилттай оролцон, дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.
Магадгүй чи Ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүйдээ сэтгэлээр унаж байж болох юм. Гэсэн ч сонгуульд өрсөлдөх зориг гаргасан чинь магтууштай юм. Зөвхөн эрэгтэй хүүхдүүд өрсөлдөн, ялж чадахуйц уралдаанд оролцон, өөрийгөө олны өмнө илэрхийлэн, тэдний итгэлийг олж авах амаргүй гэдгийг би маш сайн мэдэж байна. Гэвч хамгийн чухал зүйл нь чи өөрийн итгэж, найдаж байгаа зүйлийнхээ төлөө тэмцэж чадсанд оршино.Чиний ирээдүй уртаас урт харагдаж байна. Харин тэдгээр он жилүүдэд зөв зүйлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, удирдагч байх боломжийг хэзээд эрэлхийлж байгаарай. Ирээдүйд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье!
Хүндэтгэсэн,
Хиллари Родхам Клинтон
Эх сурвалж: Washington Post
Холбоотой мэдээ