ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ. Гэвч Эрүүл мэндийн яам ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлийг хувь хүний байр суурь хэмээн хүлээн аваагүй байна. Энэ сарын 2-нд тус эмнэлэгт амаржихаар ирсэн эмэгтэй тусламж хүсч ирэхэд эмнэлгийн ажилтнууд хүнд суртал гаргаснаас болж гадаа төрсөн явдалд ёс зүйн хариуцлага хүлээж ийм шийдвэр гаргасан гэдгээ Ш.Энхтөр дарга тодотгосон.
Гэвч Эрүүл мэндийн яам Ерөнхий захирал Ш.Энхтөрийн хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ. Түүнээс энэ талаар тодруулахад “Миний зүгээс Эрүүл мэндийн яаманд албан үүргээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Эмнэлгийн зарим ажилтнуудад арга хэмжээ авсан” гэлээ. Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнуудын гаргасан харилцаа хандлагын асуудлыг шалган ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт одоогоор гарах болоогүй гэх мэдээллийг тус яамнаас өгсөн юм.