Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх I, II дугаар шатны төсөл 2009-2017 онд амжилттай хэрэгжсэн.
Тус төслийн 3 дугаар үе шат болох агаарын бохирдлыг бууруулах загвар төсөл буюу “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл” 2018 оны 11 дүгээр сараас эхэлж байгаа бөгөөд Төслийн нээлтийн семинар 12 дугаар сарын 10-нд Монгол-Японы төвд болж өндөрлөлөө. Нээлтийн семинарт ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, ЖАЙКА төслийн баг, НАББГ болоод бусад хамтран оролцогч байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд семинарын үеэр төслийн үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг танилцуулж, төсөлд оролцогч байгууллагуудын үүрэг оролцооны талаар санал хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Төслийн Удирдах Хорооны хурал 12 дугаар сарын 12-нд Хангарьд ордны хурлын танхимд болов. Хуралд Нийслэлийн Засаг Даргын захирамжаар батлагдсан төслийн удирдах хорооны гишүүд оролцсон бөгөөд хурлыг НАББГ-ын дарга Б.Цацрал удирдан явуулж төслийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх чиглэлүүдэд хамтран оролцох талуудын үүргийн талаар ярилцаж зарим чиглэл, төлөвлөгөөг тодорхой болгож баталлаа.
Энэхүү 3 дугаар шатны төслөөр шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм. Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд болон өмнөх төсөлд хийгдсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ