Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Монгол Улс дахь Хятад Цагаач Иргэдийн Холбооноос санаачилж хамтран зохион байгуулсан "Дулаан өвөл-2019" төслийн хандивын арга хэмжээ арванхоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Хятад-Монголын Найрамдал сургуульд боллоо. Тус арга хэмжээнд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Улс төрийн зөвлөх Ли Яньжүнь, Монгол Улсын нийслэлийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний Газрын дэд дарга Б.Отгонжаргал, Монгол Улс дахь Хятад Цагаач Иргэдийн Холбооны дарга Бай Шуанжань, Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн зөвлөлийн байнгын дарга Ян Жи-Юн, Монгол Улс дахь "Жүнхуа" Бизнесийн Холбооны дарга Ян Шяочи болон Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, түүний гишүүн байгууллагууд, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Улаанбаатар хотын дүүргүүдийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, "Дулаан өвөл-2019" төслийн сайн дурынхан, хандив хүртэгчдийн төлөөлөл зэрэг 120 гаруй хүн оролцжээ.
Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн зөвлөлийн байнгын дарга Ян Жи-Юн “Дулаан өвөл” арга хэмжээний бэлтгэл ажил, өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа товч танилцууллаа. Тэрбээр: энэ удаагийн “Дулаан өвөл” төсөл 2018 оны арваннэгдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудтай тусгай хурал хуралдуулж, 2019 оны төслийн хэрэгжилтийн зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулж, ядуу амьдралтай иргэдийн мэдээлэл авах, айл өрхөд шинжилгээ хийх, хандивын эд бараа худалдан авах зэрэг бэлтгэл ажлыг хийсэн юм. Бид хоёр долоо хоног шинжилгээ хийж, нийт 201 өрхийг төсөлд хамруулахаар шийдэн, тэдэнд 31 сая 220 төгрөгийн үнэ бүхий хүнс, ахуй хэрэглээний бараа зэрэг шаардлагатай зүйлсийн тусламж үзүүлж байна гэжээ.
Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Санг Хятадын банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас санаачилж, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай пүүс компаниудтай хамтран, 2014 оны хоёрдугаар сард байгуулсан юм. "Дулаан өвөл” төсөл нь тус сангийн байнгын төсөл бөгөөд жил бүр тогтмол зохион байгуулагддаг гэж тэрбээр тэмдэглэлээ.
БНХАУ-аас Монгол Улс суугаа Элчин сайдын яамны Улс төрийн зөвлөх Ли Яньжүнь тус арга хэмжээнд, "Дулаан өвөл-2019" арга хэмжээг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаад Элчин сайд Шин Хаймин болон Элчин сайдын яамны нэрийн өмнөөс халуун баяр хүргэлээ. Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч, энэ арга хэмжээг энд зохион байгуулж, бие биедээ тусалж, харилцан дэмжиж байгаа Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан, Монгол Улс дахь Хятад Цагаач Иргэдийн Холбоонд их баярлаж байна гэсэн юм.
Энэ жилийн арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой болж байгааг бид харж байна. Ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдол их байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүнээс гадна, утаагүй нүүрсийг зарим иргэдэд өгч байгаа нь хэдийгээр тоо хэмжээгээр бага ч гэсэн, агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 2019 онд Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэр үеэр хоёр орны хооронд олон том арга хэмжээ зохиогдоно гэлээ.
Улаанбаатар хотын Нийгмийн Халамж, Үйлчилгээний Газрын дэд дарга Б.Отгонжаргал: Юуны өмнө Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулан зүтгэж байгаа Хятадын талд нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон хувийнхаа зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэжээ.
Тэрбээр: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16-р тогтоолоор батлагдсан зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, “Дулаан өвөл” арга хэмжээнд оролцож байгаадаа их баяртай байна. Хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 5786 өрхөд өрхийн сургалт, үнэлгээ хийж өрхийн хэрэгцээг тодорхойлон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлсэд давхардсан тоогоор 473 удаагийн арга хэмжээ зохион байгуулж 5000 иргэнийг, нийгмийн хамгааллын чиглэлээр 1136 удаагийн арга хэмжээнд 3400 гаруй иргэнийг хамруулсан. Эдгээр арга хэмжээний үр дүнд 33 мянга 283 өрхийн аж байдалд ахиц гарч, 728 өрхийн амьжиргаа сайжирсан. Энэ бол бидэнтэй хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Жил бүр Хятад-Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сантай хамтран, "Дулаан өвөл-2019" төсөл хэрэгжүүлж, зорилтот өрхийн аж байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөжиж хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Монгол Улс дахь “Жүнхуа” Бизнесийн Холбооны дарга Ян Шяочи: Энэ жилийн хувьд бусад жилийг бодвол илүү хүйтэн жил болж байна. Хэдийгээр гадаа хүйтэн байгаа ч "Дулаан өвөл" арга хэмжээ энэ хүйтэн өвлийг бага ч гэсэн дулаацуулж байгаа юм. "Дулаан өвөл” төслийг энэ жил зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Энэ арга хэмжээг Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа нь Хятад, Монголын хамтын ажиллагаанд маш их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай байгууллагын хувьд, Элчин сайдын яамны удирдлагаар үйл ажиллагаагаа улам өргөтгөж, илүү хичээнгүйлэн ажиллана. Бид цаашид ч гэсэн үүнтэй төстэй арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байна. Энэ арга хэмжээгээр дамжуулан, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллуудад эергээр хандахын тулд хичээн ажиллаж, хувь нэмрээ оруулна гэжээ.
Энэ төсөл Монгол Улсын нэн ядуу амьдралтай иргэд, хятад цагаач иргэдэд өвлийн хүйтэн улирлыг өнтэй давахад туслах зорилгоор зургаан жил дараалан хэрэгжиж байгаа бөгөөд нийт 617 сая төгрөгийн тусламжийн эд барааг ядуу амьдралтай 3674 өрхөд үзүүлээд байна. Үүний үр дүнд, 2014 онд бага ангийн сурагчдад зориулан, "Дулаан өвөл” төслийн хүрээнд Улаанбаатар хотын ЕБС-ийн 1, 2-р ангийн 3014 хүүхдэд 1.3 сая юаний үнэ бүхий өвлийн дулаан хүрэм бэлэглэжээ.
Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан байгуулагдсан цагаасаа эхлэн, 100 гаруй төсөл хэрэгжүүлж, нийт 1 тэрбум 665 сая төгрөгийн хандив олгож, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн санаа сэтгэлийг холбосон гүүр болж, Монгол Улсын ард иргэдийн амьдрал ахуй, боловсролын хөгжил, нийгмийн байгуулалтад тус дэм үзүүлэн, хоёр орны соёлын солилцоо, уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Холбоотой мэдээ