Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ”Азийн түншлэлийн хуралдаан болон Үндэсний, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НҮБ-ын төлөөлөгч н.Цэцэгмаа нар оролцоод ирлээ.
Энэ удаагийн хуралдаанд бүс нутгийн 20 улсын Засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын төрөлжсөн 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгууллага, хувийн хэвшлийн зэрэг нийт 150 төлөөлөгч оролцсон байна.
Азийн түншлэлийн хуралдаанд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал, онцлох зорилт болон Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаарх” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон юм. Энэхүү хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн төлөвлөгөөний /2017-2020/ хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцон, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Азийн бүс нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойллоо.
Харин “Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт болон Үндэсний стратегийг орон нутгийн төлөвлөлтөд уялдуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцсон байна.
Тус хуралдаанаар үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт, түүний хэрэгжилт бүс нутгийн хэмжээнд ямар түвшинд байгаа талаар хэлэлцэн, гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн сайн туршлага, мэдээллээ хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ