“Хар” арваннэгдүгээр сар буюу хувийн хэвшлийнхэн гайхсаар сууна

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

“Хар” арваннэгдүгээр сар буюу хувийн хэвшлийнхэн гайхсаар сууна

“Хар” арваннэгдүгээр сар буюу хувийн хэвшлийнхэн гайхсаар сууна

“Bloomberg Finance Forum 2018”-ын хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид, судлаачид санхүүгийн зах зээлийн тулгамдсан асуудлуудыг хөндөж ирэх оны төлөв байдал, Монголын эдийн засагт тулгамдаж буй эрсдэл сорилтуудын талаар ярилцаж байна.

Энэ үеэр Дэлхийн банкны Монгол дахь салбарын эдийн засагч Б. ДАВААДАЛАЙ: Гадаад тэнцэлд дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай

-Дотоод орчноос гадна гадаад орчноос ханш сулрах дарамт нэлээд ихэсч байна. Төв банкны зүгээс макро зохистой бодлого, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэх зэрэг бодлогын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Харин хэрэгжүүлэх талаар зарим асуудал бий. Тухайлбал, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх хугацааг ирэх оны нэгдүгээр сараас гэсэн нь оройтсон байж мэдэх юм. Төсвийн тухайд сүүлийн хоёр жилд ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш нэлээд хязгаарлагдмал болсон. Ирэх онд төсвийн зардал талдаа нэлээд өсөлттэй байх нь. Дотоодоос санхүүжсэн хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр байна. Ялангуяа импортыг өдөөх хөрөнгө оруулалтууд тусгагдсан. Хувийн хэвшлийнхнээ дэмжих, гаалийн салбарт шинэчлэл хийх зэргээр гадаад тэнцэлдээ дэмжлэг үзүүлэх бодлогуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж болов уу. Түүхий эдийн үнэ ирэх онуудад алгуур буурахаар байгаа юм. Тиймээс нэлээд болгоомжтой, ялангуяа 2020, 2021 оны эдийн засгийн хүндрэл үүсч болзошгүй байгааг заавал анхаарах ёстой гол мессежүүд гэж ойлгож байна. Мөн үүн дээр сонгуулийн жилийг угтсан гэдгийг зайлшгүй анхаарах нь чухал. Өмнөх 2016 оны сонгуулийн жилд яаж төсөв нэмэгдлээ, уршиг нь ямар байлаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотой зохицуулалт хийж яагаад болохгүй гэж.  Перугийн туршлагаас харахад сонгуулийн жилд төсвийн зардлыг  40 хувиас дээш нэмэгдүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Эндээс харахад манайд ч гэсэн сонгуулийн жилд төсвийн зардлыг бага зэрэг хязгаарлах нь зүйтэй байдаг гэдэг хувь хүний саналаа илэрхийлэхэд илүүдэхгүй болов уу.

Эдийн засгийн ухааны доктор Ч.ХАШЧУЛУУН: Ирэх онд эдийн засаг 6,9 хувьд хүртэл өснө гэсэн таамаглал бий

-2019 он бол манай эдийн засгийн хувьд сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой. Ямар ч эрх баригч нам сонгуулийн өмнөх жилд мөрийн хөтөлбөртөө зарласан зүйлүүдээ ондоо багтааж хэрэгжүүлэхийг хичээдэг. Сүүлийн арав гаруй жилд ийм зүй тогтол бий болоод байгаа юм. Дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажил энэ онд явагдахаар төсөвт ч тусгагдсан. Олон улсын байгууллагууд, гадны болон дотоодын шинжээчдийн үзэж байгаагаар 2019 оны эдийн засгийн өсөлт нэлээд өндөр байхаар тооцож байна. Тэр ч байтугай саяхан дэлхийн эдийн засгийн судалгаанаас харахад ирэх онд Монголын эдийн засаг 6,9 хувьд хүртэл өсч, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой гэж үзээд байна. Мөн сонгуулийн өмнөх жилүүдэд нийгмийн халамжийн зардлууд өсдөг.  Цалингийн доод хэмжээг өсгөлөө. Гол нь төлбөрийн балансын хувьд эдийн засаг эрчимтэй тэлж байгаа учраас гарах урсгал нэлээд нэмэгдэж байна. Орох урсгал талаасаа баланс сайн үзүүлэлттэй байгаа. Харин хөрөнгө оруулалт, гадаадын дээд  зээл тусламжийг татах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Эдийн засагч Л.БОЛД: Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдлыг “тэжээнэ”

-2018 оны хувьд ханшийг ярихдаа эхний улирал буюу энэ оны дөрөвдүгээр сар хүртэл ямар байсныг эргээд санах хэрэгтэй. Тогтвортой, алгуур чангарах төлөвтэй, Төв банк захаас их хэмжээний доллар худалдаж авч байсан цаг үе. Дөрөвдүгээр сарын дунд төгрөг сулрах хандлагатай болж, энэ нь наадмын дараа, наймдугаар сараас эрчимжсэн. Төв банк 1.2 тэрбум ам.долларын интервенц хийгээд байгаа нь нийт нөөцийн гуравны нэгтэй тэнцэхүйц байна. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үед 400 сая ам.долларын ашигтай байсан бол одоо 470 сая ам.долларын алдагдалтай, 900-аад сая ам.долларын огцом шилжилт харагдаж байна. Урсгал данс дээр гарч байгаа энэ том өөрчлөлтийн эсрэг Төв банк 1.2 тэрбум ам.долларын интервенц хийгээд байхад төгрөгийн ханш 8-9 хувиар суларчихлаа. Он дуустал ноцтой өөрчлөлт орохгүй байх. Ирэх оны нэгдүгээр сард хил удаан хугацаагаар хаагддаг,  тэгж байтал зээлийн мөчлөг таарч, эдийн засгийн идэвхжилийг дагасан валютын суурь эрэлт бий болно. Дотоодын эдийн засгийн хувьд юу болж байна вэ. Энэ арваннэгдүгээр сар бол Монголын эдийн засгийн түүхэнд “хар сар” гэж нэрлэхүйц олон үйл явдал боллоо. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, улсын төсвийг ингэж  хурдан баталж байхыг би амьдралдаа хараагүй. 2019 оны улсын төсвийг маш хурдан баталсан шүү дээ. Гол мессеж нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай 11.6 их наяд төгрөгийн зардалтай энэ төсвийн суурь нь инфляци 8-9 хувь, төгрөгийн ханш 8-9 хувь суларсан орчинд, мөн банкны системийн чанаргүй зээлийн хувь хэмжээ нь нийт зээлийн үлдэгдлийнхээ 12 хувьтай тэнцэж байгаа ийм гурван тоон дээр төсвийн маш том тэлэлт сонгуулийн өмнөх жилд явагдах гэж байна. Тэгэхээр хувийн секторын хүлээлт юу болох вэ. Есөн хувь гээд байгаа инфляцийн таван хувь нь гуравхан төрлийн бүтээгдэхүүн буюу нүүрс, шатахуун, махны үнэ дээр нэмэгдсэн. Энэ гурван бүтээгдэхүүний үнэ хөдлөөгүй байсан бол инфлци тав хүрэхгүй хувьд байж болохоор байлаа. Дөрвөн хувийн инфляцийн орчинд Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах биш нэг оронтой тоонд ч барьж болохоор орон зайтай байх байв. Гэвч сая арваннэгдүгээр сард Монголбанк зах зээлд сигнал өгч бодлогын хүүгээ нэг хувиар нэмж нөхцөл байдал тийм ч сайхангүй байна шүү гэдгийг санууллаа. Ханшийн нөлөөллийн дарамт ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлэх болов уу гэж харж байна. Гуравдугаар сараас нүүрсний экспортын орлого нэмэгддэг үе. Одоогоос яг 14 сарын өмнө Засгийн газрын төгрөгийн үнэт цаасыг шинээр арилжаалахаа больсон. Энэ хугацаанд юу болов? Засгийн газрын үнэт цаасан дээр хуримтлагдаж байсан төгрөгийн эх үүсвэр Төв банкны үнэт цаас руу шилжсэн. Төв банкны үнэт цаасны өнөөгийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг байгаа юм. Түүхэндээ ийм өндөр хэмжээнд хүрч байгаагүй. Төв банк байнгын эх үүсвэрээрээ зах зээлд байгаа эх үүсвэрийг татаж авахаас өөр замгүй. Энэхүү өндөр хэмжээний хөрвөх чадвар нь зээл болж гарна гэж бодоод байх шиг байна. Харамсалтай нь зээл болж гарахгүй” гэсэн юм.

Энэхүү форумын “шинэ сэдэв” нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос хэрэгжүүлж эхэлсэн макро эдийн засгийн тогтвортой бодлогын арга хэмжээ байлаа. Тухайлбал “Банкны системийн зээлийн өсөлтийг хязгаарлахаас илүүтэй хэрэглээний зээлийг хязгаарлахын тулд макро зохистой бодлогын арга хэмжээ авч цалин, тэтгэвэр, хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын дээд хязгаарыг 70 хувь, хугацааны хязгаарыг 30 сар байхаар тогтоосон” явдал. Мөн “Гадаад валютын орлогогүй иргэд, ААН-үүдийн гадаад валютын зээлтэй холбоотойгоор банкны систем болон макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилгоор ханшийн эрсдэлтэй зээлдэгчдэд олгосон валютын эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувь болгон нэмэгдүүлсэн” арга хэмжээний талаар оролцогчид төвлөрч ярьсан.

Тэр ч байтугай бараг нэг их наядын багцтай ББСБ дээр энэ яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Нөхцөл байдлыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцээд тэднийх ч бас давхар мөрдөх ёстой гэдгийг хэлж байв. Гол асуудал нь ирэх жилийн хувьд хүлээлт тогтворгүй байна. 2019 он үнэхээр 2020 он, 2021 оны болзошгүй эрсдэлийн өмнөх жил байх уу, эсвэл зургаан хувийн өсөлттэй эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой үргэлжлэх үү гэдэг дээр хувийн секторынхон эргэлзээд байгаа явдал юм. Засгийн газар бол бүр найман хувийн өсөлттэй эдийн засаг төлөвлөчихсөн. 42 сая тонн нүүрс экспортолно гээд тооцчихсон. Долоон хувиар уул уурхайн салбарын орлого өснө гээд тооцчихсон. Гэтэл эсрэгээр эргэвэл яах вэ. Төв банкны хувьд эрсдэлд дургүй, болзошгүй эрсдэлийн эсрэг арга хэмжээ авах чигт ажиллаад, энэ дунд хувийн сектор гайхаад сууж байна. Тэдэнд инфляци өсөх вий, төгрөгийн ханш унах вий гэсэн болгоомжлол хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж