Нийслэлийн төр захиргааны байгууллагууд шинэ жилийн арга хэмжээтэй холбогдуулан хийж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр /2018.12.17/ мэдээлэл хийлээ.
САЛЮТЫГ ЗАРЖ БОРЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЁР КОМПАНИ БИЙ
Нийслэлийн Онцгой байдлын газрын /НОБГ/ дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ он гарахтай холбогдуулаад нийслэл Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээ томоохон худалдааны төв бар ресторан зэрэг хүмүүс олноор цугладаг газруудад хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэж байна. НОБГ-аас арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн бүх дүүргүүдийн томоохон шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байгаа газруудад галын аюулгүй байдлын хяналт шалгалт хийж эхэлсэн. Мөн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд өөрсдийнхөө чиглэлээр хяналт шалгалтуудыг хийгээд явж байгаа.
Перотехникийн хэрэгсэл буюу салютыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдан борлуулах тээвэрлэх хадгалах эрхтэй "Протек", "Очир-Ундраа" зэрэг хоёр компани бий.
Тус хоёр компани цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа гурваас доошгүй хоногийн дотор харьяа онцгой байдлын газарт хандаж улсын байцаагчийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулахыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, мөн Нийслэлийн засаг даргын 662 дугаар захирамжаар хориглосон.
Иймд,
- Зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх,
- Эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,
- Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,
- Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,
- Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,
- Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамитийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
- Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах,
- Тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна" гэв.
ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ОРЧМЫН КАМЕРУУДЫГ ЗАСВАРЛАХАД 110 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭСЭН
Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга хурандаа И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас иргэдийн аятай тухтай баярлах нөхцөлийг бүрдүүлэхээр “Шинэ жил” арга хэмжээ өнөөдрөөс эхлэн зохиогдож байна. Хотын гудамж талбай дээр нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн сонсогчдыг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна.
Цагдаагийн байгууллагаас Перотехникийн хэрэгсэл буюу салютыг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай тэмцэх зорилгоор Сүүлийн 2-3 жил Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газартай хамтарч үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Үзлэг шалгалтын үед гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй.
Мөн стандартын шаардлага хангахгүй архи согтууруулах ундаа худалдаж авч хэрэглээд хордох тохиолдлууд гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бөөний худалдааны төв болон дэлгүүрүүд дээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаад явж байна. Цагдаагийн байгууллагат өдөрт 1600-1700 дуудлага бүртгэгддэг байсан бол өнгөрсөн баасан гаригаас бямба гариг хүртэл дуудлага мэдээлэл 2000 гарсан. Эргүүлийн хүн хүчээ нэмээд иргэдийн аятай тухтай баярлах нөхцөлийг бүрдүүлээд ажиллаж байна.
Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд нийслэлийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавигдсан камеруудын эвдрэл гэмтэл их байдаг. Ашиглалтын зардал шийдэж өгөхгүйгээс болоод тухайн камер нь бүр ажиллахаа больдог асуудлууд их гардаг. Энэ жилийн хувьд Энхтайвны өргөн чөлөө орчмын камеруудыг засварлахад 110 сая төгрөг шийдвэрлэсэн учраас засвар үйлчилгээ нь хийгдээд эхэлсэн” гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай байгууллагаас шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын ажил хийж байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зэрэг зөрчлүүд голлон гарч байсан. Томоохон зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд зөрчил дутагдлыг арилгахыг анхааруулах, зөвлөмж өгөх, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллаж байгаа” хэмээлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ