Биатлоны дэлхийн цомын энэ улирлын II гараа Австрийн Хохфельценд үргэлжилж байгаа. Өчигдөр тэмцээний пасьют буюу хөөх гараа явагдаж медалийн эзэд тодорсон. Пасьют уралдаан нь ойрын зайн спринт уралдаанд үзүүлсэн цагийн амжилтаар гараанаас гарч уралддаг онцлогтой.
Иймд эрэгтэй спринт уралдаанд эхний хоёр байранд орсон Й.Бьо болон М.Фуркад нарын дунд үзүүштэй өрсөлдөөн өрнөх төлөвтэй байсан. Гэвч М.Фуркад туршлага илүү болохоо харуулан дөрвөн удаагийн буудлагаар ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 32 мин 22.3 сек-д туулан барианд орсноор ялагч болсон. Харин түүний өрсөлдөгч Норвеги залуу Й.Бьо II буудлагаасаа эхлээд л байгаа алдаж байсан нь түүнийг торгуулийн тойрог тойрч хугацаа алдах гол нөхцөл болсон. Й.Бьо IV удаагийн буудлагаар зургаан сум алдсан нь нэг минутын торгуулийн тойргийг зургаан удаа тойрсон нь медаль хүртэх боломжийг нь үгүй хийсэн. Харин дэд байранд олимпийн аварга Германы А.Пайффер орсон бол Норвегийн В.Кристиансен III байранд орж таван жилийн дараа дэлхийн цомд хувийн төрөлд медалийн тавцан дээр гарав.
ЭРЭГТЭЙ 12.5 КМ-Н ПАСЬЮТ ГАРААНЫ ТОП-10 БИАТЛОНЧ
- М.ФУРКАД (ФРАНЦ) – 0-0-0-0, 32 мин 22.3 сек
- А.ПАЙФФЕР (ГЕРМАН) – 1-0-0-0, 32 мин 36.0 сек
- В.КРИСТИАНСЕН (НОРВЕГИ) – 0-0-0-0, 32 мин 38.4 сек
- Ж.Эберхард
- Л.Хофер
- Б.Вегер
- А.Логинов
- С.Шемпп
- Й.Бьо
- Ф.Клауд
Эмэгтэй 10 км-н пасьют уралдаанд мөн л хашир туршлагатай Финланд бүсгүй К.Макарайнен тэргүүлэв. Тэр спринт уралдаанд дэд байранд орсон байсан бол пасьют уралдаанд үнэхээр ур чадвар, туршлага илүү гэдгээ харуулан тэргүүн байр эзэлсэн. Кайса хэдийгээр гурван сум алдсан ч тэшилтийн хурд, техникээр илүү байгаагаа харуулж урдаа байгаа өрсөлдөгч нараа гүйцэж чадсан. Тэгвэл Славак биатлонч П.Фиалкова маш сайн байр урагшилж дэд байранд орсон бол спринт уралдаанд тэргүүлсэн Д.Вирер хүрэл медаль хүртэв.
Хохфельцен дэх сүүлийн өдөр буухиа уралдаан байсан. Эрэгтэй буухиа уралдаанд залуу бүрэлдэхүүнтэй Шведийн шигшээ баг тэргүүлэн алтан медаль хүртсэн бол Норвеги болон Германы шигшээ баг удаалсан. Харин эмэгтэй буухиа уралдаанд Итали тэргүүлж Швед болон Францын шигшээ багууд эхний гурван байранд багтсан байна. Ийнхүү Австри улсад биатлоны дэлхийн цомын энэ оны ээлжит гараа явагдаж өндөрлөсөн бол дараагийн гараа ирэх долоо хоногт Чехийн Нове-Местод спринт, пасьют болон масс старт уралдаанаар үргэлжилнэ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ