Төв Америкаас АНУ-ыг зорих дүрвэгсдийн цуваанд явж байсан долоон настай Гватемал охин хилийн харуулынханд баригдан, хоригдож байх үедээ нас барсан байна.
Төв Америкаас гарсан тэдгээр цагаачид Мексикийн Тихуана хотод, АНУ-ын хил дээр тулж ирээд байгаа бөгөөд АНУ-ын зүгээс тэднийг зөвхөн хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж, виз даруулахаас нааш оруулахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 160 орчим цагаачид АНУ-ын хилийг хууль бусаар давах оролдлого хийж байгаад хилийн харуулуудад баригдаж, хоригдсон бөгөөд тэдний дунд Жакелин Каал гэх долоо настай охин, аавынхаа хамт байжээ.
Жакелин охин хоригдож байхдаа өндөр халуурч, бөөлжиж эхэлсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг хараахан албан ёсоор тодруулаагүй байгаа ч олон хоног юм идэж, ус уугаагүй байснаас болсон хэмээх урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
Жакелин охин аавынхаа хамт АНУ-ыг зорих дүрвэгсдийн цуваанд нэгдсэн бол ээж нь бусад гурван хүүхдийнхээ хамтаар Гватемалд үлджээ. Тэдний гэр бүл нь маш ядуу амьдарч байсан тул аав нь ажил хийж, мөнгө олохоор АНУ-ыг зорихоор шийдсэн аж.
АНУ-ын улс төрийн сөрөг хүчин буюу Ардчилсан намынхан охины үхлийг “хүний эрхийн хямрал” гээд, зовж зүдэрсэн, “эмзэг” гэр бүлийнхнийг АНУ-ын хилээрээ аюулгүй нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн Бүгд Найрамдах намыг буруушааж байгаа юм.
Бүгд Найрамдах намаас сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цагаачлалын бодлогоо өөрчлөхгүй хэмээн байр сууриа хатуу илэрхийлээд байгаа бөгөөд Мексикийн хил дагуу хана босгох төлөвлөгөө нь хэвээр байгаа гэжээ. Харин Жакелин охины үхэл АНУ-ын эрх баригчдыг цагаачлалын талаарх бодлогоо эргэн харахад хүргэж магадгүй байгаа юм.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ