Монгол Ардын Нам/МАН/-ын хэсэг гишүүд сүүлийн үед намдаа үүсээд байгаа томоохон зөрчилдөөнтэй асуудлыг дотооддоо цэгцлэхийг шаардаж байгаагаа өнөөдөр/2018.12.17/ хэвлэлийн хурлаар хэллээ. Намын жирийн гишүүдийн төлөөлөл эвлэлдэн нэгдэж, Намаа цэгцлэх “100+” хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, нийт гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.
Уг хөдөлгөөнд МАН-ын гишүүнээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Мөнхтөр, Б.Лхагважав, 43 дахь жилдээ ажиллаж байгаа Б.Болормаа болон намын батлахаа аваад гурван жил болж байгаа Б.Болормаа нарын гишүүд нэгджээ.
МАН-ын гишүүд Намыг бусниулагч, ЖҮД-чин гишүүд албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлах гуйх ёстой гэж хэллээ. Мөн тэд хэлэхдээ “2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд олон түмнээс өгсөн итгэлийг хөсөрдүүлж, улс орны хөгжлийг урагшлуулах биш гацаанд оруулж, цөөн эрх мэдэлтний явцуу эрх ашгаас үүдэж намын 200 мянга гаруй гишүүд нийтээрээ цаашлаад Монголын ард түмэн хохирч болохгүй. Өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд хүргэхэд жинтэй хувь оруулж буй зарим улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхээс шаардаж, шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд Монгол улсын Үндсэн хууль, МАН-ын дүрмийн хүрээнд улс төрийн дараа дараагийн тэмцэл өрнүүлнэ. Мөн намын жирийн гишүүдэд боломж олддоггүй бөгөөд үргэлж миний, танай хүмүүс гэсэн хандлагаар гишүүдийг хохироож байна” гэв.
Намаа цэгцлэх “100+” хөдөлгөөнөөс намынхаа гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, удахгүй тохиох МАН-ын 100 жилийг ойг амжилт бүтээлээр дүүрэн угтахын төлөө хамтран зүтгэхийг уриалжээ. Мөн тэд шаардлага гаргаж, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын хяналтын хороонд тус тус хүргүүлж хариуг 24 цагийн хугацаанд багтаан албан ёсоор мэдэгдэж байгаа гэв.