ШӨХТГ: Худалдааны байгууллагууд хуурамч хямдрал зарладаг

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

ШӨХТГ: Худалдааны байгууллагууд хуурамч хямдрал зарладаг

ШӨХТГ: Худалдааны байгууллагууд хуурамч хямдрал зарладаг

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) цаг үеийн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2018.12.17/ мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд таван шалгалтын дүнг танилцуулсан юм.

Төрийн өмчийн их, дээд сургууль нь  сургалтын төлбөрөө нэмж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд ШӨХТГ энэ оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 23-нд шалгалт хийжээ.  Шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

  • Их, дээд сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жилийн багц цагийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон нь цаг хугацааны хувьд ялгаатай гарсан, сургалтын төлбөрийн хэмжээ нь сургууль тус бүрийн онцлогоос шалтгаалан өөр өөр тогтоогдсон байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үгсэн хуйвалдсан, хэт өндөр үнэ тогтоосон гэх үндэслэл тогтоогдоогүй.
  • Шалгалтад хамрагдсан сургуулиуд нь сургалтын төлбөрөө тогтоохдоо бодит өртөг зардлыг тооцон, нарийвчилсан тооцоон дээр үндэслээгүй
  • Түүнчлэн сургалтын төлбөрийг 1999 оны аргачлалаар тогтоосон нь цаг үеийн шаардлагыг баримтлахгүй байна.
  • Оюутнууд сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн өөрчлөлтийн талаар хангалттай мэдээллээр хангагдаагүй, гэнэтийн шийдвэр гаргадаг.

Тиймээс их, дээд сургуулиудад дараах үүргийг өгсөн байна.

  • Сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит өртөг, зардалд үндэслэн тогтоох
  • Элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж, шинэ хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож байх
  • Тогтоосон сургалтын төлбөрийнхөө мэдээллийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд үнэн зөв мэдээлэх

Мөн Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яаманд Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөр тодорхойлох аргачлалыг шинэчлэн баталж, бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХЯМДРАЛ ЗАРЛАДАГГҮЙ

Мөн тус газраас хямдралтай худалдаанд шалгалт хийжээ. Шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна.

  •  Хямдралтай худалдаа зохион байгуулж буй байгууллагууд нь гаднаа 50, 70  хувь хүртэл хямдралтай гэсэн самбар байршуулсан ч бодит байдал дээр хямдрал зарлаагүй, хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн маш цөөн байна.
  • Бүтээгдэхүүний шошго дээр ямар бараа, хэдэн хувь хямдарч байгаа нь тодорхойгүй байгаа нь хямдарсан мэт, бодит биш сурталчилгаа явуулж байна.
  • Хямдрал эхэлсэн болон дуусах хугацаа тодорхойгүй
  • Эдгээр зөрчилд хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

ЦАХИЛГААН БАРААНЫ ЗААВАР МОНГОЛ ХЭЛ БИШ БАЙНА

ШӨХТГ-аас цахилгаан барааны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд  шалгалт явуулжээ. Шалгалтаар дараах зөрчил илэржээ.

  • Борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, аюулгүйн зааварчилгаа, анхааруулга зэргийг Монгол хэлээр хэрэглэгчдэд өгдөггүй.
  • “Арина” компани нь 50 хувь хүртэл хямдарсан гэсэн сурталчилгааг бүх барааг хямдруулсан мэт харагдахаар мэдээлсэн нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн.
  • Эдгээр зөрчилд хугацаат албан шаардлага хүргүүлсэн байна.

СУРТАЛЧИЛГААНД ЭХ СУРВАЛЖАА ДУРДААГҮЙ ТУЛ 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖЭЭ

Түүнчлэн зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтаар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн сурталчлахдаа бусдын мэдээ материалыг зөвшөөрөлгүйгээр ашиглан, эх сурвалжийг нь дурдахгүй байх зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн хэрэглэгч холбоо тогтооход шаардлагатай мэдээллийг байршуулаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Энэ үйлдэл нь Зар сурталчилгааны тухай хууль дээрх үйлдэлд холбогдсон иргэнийг 500 мянган төгрөгөөс торгосон байна.

ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГАД АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Гудамж, талбайд байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж байгууллагын нэр Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд шалгалт явуулсан байна. Шалгалтаар сурталчилгааны самбар, зар мэдээлэл, байгууллагын нэр зэргийг зөвхөн англи хэлээр бичсэн зөрчил илэрсэн байна. Тиймээс уг  зөрчлийг арилгах зорилгоор дүүргүүдийн Засаг даргад албан шаардлага хүргүүлжээ. Шаардлагад дараах зүйлс багтсан байна.

  • Сурталчилгааны самбар болон байгууллагын нэрийг кирил болон үндэсний бичгээр хослуулан эсвэл дангаар нь бичиж хэвших ажил зохион байгуулах.
  • Аж ахуйн нэгж байгууллагууд түгээмэл хэрэглэдэг англи үгийг үндэсний бичгээр бичүүлэх. Тухайлбал, “Tower” гэдгийг “Цамхаг” болгох, “Center” гэдгийг “Төв” болгох.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж