Хуучирсан мэдээ: 2015.03.08-нд нийтлэгдсэн

Ээж, бүсгүйчүүддээ

Ээж, бүсгүйчүүддээ

Он цаг өөрөөсөө бусдыг элээдэг гэдэг. Он цаг гэгч тэр эрхмийн элээж, элдэг хатуухан хувь тавиланд өртөхгүй нандин сайхан зүйл гэгч хаана ч үгүй. Тэр бүхний ард ямагт харуусал дагана. Сайн сайхан зүйлээ хайрлаж, энхрийлж чадаагүй харамсал харуусал ямагт дагана. Өнөөдөр ч би тэр гашуун дурсамж мэдрэмжийн харуусалд хүлэгдэн байна.

Салаа хархан үсэнд нь цагийн хяруу унаагүй, сайхан чилгэр нуруу нь бөхийж нугараагүй, саалийн үнэртэй дээлийнх нь үнэр арилаагүй, санаж бэтгэрсэн хайранд нь үүлэн сүүдэр дайраагүй ижийнхээ залуу сайхан цагийг би дурсан санаж сууна. Гуравхан арваны өмнө ижий минь яг л ямар байсан тэр л хэвээрээ. Миний л төлөө хорвоод ирж, надаар л амьдралынхаа утга учрыг хийж явсан, аарцаг бор толгод шиг болтлоо намхарсан миний муу ижий. Унаж өгсөх амьдралд “Яах вэ хүү минь алдвал алдаа л биз. Онох цаг гэж бас бий” гэх урам хайрласан ухаарлын үгээрээ богинохон бодлыг минь тэтгэдэгсэн.

Он цагийн эрхээр… он цагийн ч гэж дээ. Тэр бурхан хүн та, намайг өсгөх гэж, намайг эрийн цээнд хүргэж гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэх гэж өдийг хүрэхдээ байгаа бүхнээ надаас харамлаагүй. Тэгш чилгэр нурууг нь би л бөгтийлгөж, сүмбэн сайхан хурууг нь би л моонийлгож, тас хархан үсэнд би л цагийн он тоос буулгасан.

Тийм ээ. Тэр он цаг чинь би. Эрх заяагаараа хатуурхаж өширхсөн тэр он цаг чинь би. Ижийнхээ нас буянаар жигүүр хийн амьдрал хэмээх огторгуйд бусдын буян сэхээрлийг үл тоомсорлон дураар цэнгэгч тэр шувуухай чинь би. Сайн сайхан бүхнийг нь өөрөө л авсан хэрнээ эдүгээ навсгар бор гэрийнх нь зууханд өвдөг бохирдуулан суулгаж, ганц домбохон бүгээн цайг нь залгуулж, хатуурхан яваа нүгэлтэн нь би.

Тэглээ гээд ижий минь ганц ч өргөст үг надад хэлж үзээгүй. Ийм их нүглийн өмнө голдоо ортлоо гомдмоор атал тэгээгүй ээ, миний буурал. Тэнүүн энгэртээ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг тэвэрч байгаа юм шиг миний муу хүү гэсээр тэвэрч үнсдэг. Аяа энэ аугаа бүхний өмнө хүн бид чинь ямар өчүүхэн ч амьтас вэ дээ.

Тэнгэр уйлагнасан намар оройн жихүүн үдшүүдэд та минь шар тос самарсан хийцтэй шаргал цайгаа уудалж ойр зуурыг хүүрнэх дуртай. Олон ч бүрхэг саарал үдэш бид хоёр ингэж хуучилж суусан даа. Үлгэр домог, эцэг өвгийн тухай сонин хачин хууч яриа заримдаа үүр цайтал үргэлжилнэ. Хэчнээн сайхан гээч.

Тэр болгон нь надад ухаарал өгнө. Уул усны маань тухай, ширхэг чулуу, мод, мяралзах өчүүхэн горхи хүртэл амьтай гэж сургана. Хийцтэй цайны аагинд духных нь хөлс дааварласан ижий яриандаа улайрчихсан эгээ л өөрөө үзчихсэн юм шиг дүрсэлж ирээд л ярина гээч. Аргаар болдоггүй орчлонд алдаж эндээд ирэхэд аашлаж, зэмлэхийн оронд алгадаад авах шиг аугаа үгээрээ ухаарал хайрлаж, уужуу хэлдэгсэн. Одоо хэр нь ухаарал хайрласан утга төгөлдөр намуухан яриа нь ухаан санаанаас минь сонсогдсоор…

Та санаж байна уу?

-Ижий нь хүүгээ мэхээрийн оготны хөеө хураагаад ир гэж хэлээд явуулсан гэдэг. Гэхдээ хөеө олмогцоо дөрөв хуваагаад зөвхөн нэгийг нь аваад л үлдэх гурван хэсгийг нь буцаагаад хийгээрэй гэж захиж л дээ. Хүү ч уухайн тас дэгдэж одвоо. Тэр өдөржин л хонинд явахын хажуугаар мэхээрийн оготны хөеөг хоосолж гарлаа. Олон ч оготны хөеө хоосоллоо. Бялууртлаа идэж аваад л үлдснийг нь шууд л хүүдийлнэ.

Үдэш нь хоёр ч хүүдий дүүрэн мэхээр түүчихсэн ирлээ. Ээж хараад нэг их баярласангүй. Хүү ч гайхлаа. Гэтэл ээж үг дуугүй унинд хавчуулсан чөдрийг шүүрч аваад хүүг баруун солгойгүй ороолгож гарч гэнэ. “Больё оо, байя аа. Би бүгдийг нь аваагүй ш дээ. Үлдээсэн” гээд л хүү ч бархираад байж. Ээж улам уурлан “Бас худлаа хэлнэ гэнэ ээ. Өвөлжин үр зулзагаа тэжээх хоол, хүнсийг нь хуу хамчихаад, худлаа яриад зогсч байна гэнэ ээ, айн. Эх амьтас зулзагаа тэжээж чадахгүй болохоор хялганаараа өөрийгөө боомилчихдог юм. Яасан цэвдэг амьтан бэ” гээд л нөгөө чөдрөөр чинь үг сүггүй ороолгоод л байсан аж.

Тэр өдөртөө ижий нь хүүгээ дагуулан өөрийн гараар нөгөө хөеөгөө хоослуулсан огтонуудыг үүрэнд мэхээрийг тарааж. Бүр нар жаргаж, үдшийн бүрий болж, шөнийн од гялалзтал шүү. Гэхдээ л хэдийн хожимдсон байж.

Хэд хоногоос гэрийнх нь эргэн тойрон, хонины бэлчээрт хялганаар өөрийгөө боомилж үхсэн өдий төдий оготоно байсан юм гэсэн. Хөөрхий эх оготнууд үр зулзагаа тэжээж, тэтгэх хүч нь хүрэхгүйгээ мэдэхдээ ингэж хялганаар өөрийгөө боомилж үхдэг юм гэжта минь тэр шөнө надад хэлж билээ. Би ингэж л таньдаа анх удаа ухаанаар зодуулж, алив амьтанд хатуу цэвдэг хандах нь ямар аймшигтай байдгийг мэдэрсэн юм. Ижий минь та, энэ түүхийг ярихдаа үе үе яриагаа таслан бодолхийлж, санаа алдан зовниж суусансан.

Үгүй, нээрээ би чинь ижий шигээ ингэж гэмшсэн нь олон болов уу. Болохоос болохгүйг хийхдээ энэ хүн шиг бодол болон санааширдаг бил үү.

Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Ертөнцийн мөнх бусыг таниулж хас төрийн сааршгүйг сануулсан Есүй, хаан хүн хамгийг захирахдаа хатан эрдэнээ дээдлэхийн утга учирыг сүү адил үгээрээ ухааруулсан Бөртэ, Богдсын зэрэгт хүрэвч эхийн дэргэдээс буруу зөвийг тунгаахын эрхмийг сургасан Өэлүн эх дэлхийн дайдыг хэмжин гар амар хөл хөсөр жаргуулсан тэр их хүнийг төрүүлсэн юм.

Бид хэзээ ч цэцэн мэргэн бүсгүйчүүдээрээ дутаж яваагүй. Ах дүүсийн цусан өшөөг сарниулсан Соргогтань хатан, улс гэрийн самууныг төвшитгөн туурга улсаа тулбиралтгүй мандуулсан Мандухай, илдний хурцыг барьж энэ биеийг огоорон галан шуурга сөрсөн Ану хатан…

Тийм ээ, монголчууд эрдэм билэгт, эр зоригт, цэцэн мэргэн бүсгүй хүнээр дутаж яваагүй азтай ард түмэн.

Бурхад бурхдын дээд хэн бэ хэмээн Бурхан буддагаас нэгэн шавь нь асуухад бурхан Будда эргэлзэж тээнэглэзсэн ч үгүй “эх хүн” гэж хариулсан юм гэдэг. Шавь нь гайхшран бурхад бурхдын дээдийг нь ялж төгссөн Будда нь та мөртлөө юунд ингэж хариулав хэмээхэд,

-Хүмүн төрлийг олно гэдэг зүүний сүвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхүү зүүний сүвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хүн болгодог нь эх хүн. Тиймээс эх хүн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг. Эх хүн… Энэ үг ямагт тунгалаг ариун, ямагт өршөөл хайр, энэрэл нигүүлсэл,  сайн сайхан бүхний дээдийг агуулна. Ижий цагаан сүүгээр замбуулин хорвоо сүлэгдэн зөөлөрдөг болохоор, ижий цагаан гэрлээр хорвоо ертөнц гэрэлтэн ариусдаг болохоор, энэ хорвоо өөрөө гайхамшиг.

Өчигдөр, өнөөдөр, маргаашийн эхлэл ижий хэмээх цэгээс эхэлж бадамлянхуа цэцэг лугаа адил дэлгэрэдэг болохоор “эх хүн” гэдэг энэ үг бурхад бурхадын дээд, бурхад бурхадын эхлэл байх учиртай.

Дахиад л асууя. Ижий минь та санаж байна уу? “Халх голын дайны үед юм гэнэ лээ” гээд та яриа эхэлж байсан чинь одоо хэр нь чихэнд сонсогдож байна.

…Нэгэн эх хөвгүүнээ дайнд үдэж мордуулжээ. Нутаг нугаас нь олон ч эхийн хөвгүүд цэрэгт мордоцгоож. Жилийн дараа хүү нь нисэх онгоцны нисгэгч болсон тухай захиа ирүүлжээ. Эх нь ч хүүгээрээ бахархан орсон гарсан болгонд хүүгээ мундаг нисгэгч болсон тухай сайрхан ярьж суух болж. Удалгүй дайн дууслаа. Олон аавын хүүхдүүд энгэр дүүрэн одон медалиа гялалзуулсаар ирцгээж эхлэв. Хөөрхий эхийн хүү л байсангүй. Хөх уулсын онь хөтөл сэтэртэл хүлээвч ирсэнгүй. Сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөж, алсын зэрэглээ цайран уустал саравчлавч хүү нь ирсэнгүй. Захиа занаа ч сураг алдрав.

Гэсэн ч эхийн хүлээлтийн горь тасарсангүй. Орсон гарсан бүхэнд аанай л хүү нь нисэх онгоцоо жолоодоод над руу ирж яваа гэх. Нөгөө болохоор хүү маань хотод том дарга болсон. Ажил алба ихтэй байдаг юм байлгүй. Одоо удахгүй онгоцоо жолоодсоор ирнэ гэж ярина. Аймаг сумын захиргаанд хүү нь тулалдаанд амь үрэгдсэн тухай мэдээ ирсэн ч гэлээ хэн ч хөөрхий эхэд дуулгаж зүрхэлсэнгүй. Зүрхэлсэнгүй байсаар он удав. Тэгэж байтал нэг өдөр хүүтэй нь хамт алба хаасан нэг нөхөр тэднийд айлчлан иржээ. Эх хүүгийнхээ тухай нөгөөх л ярьдагаа ярьж яагаад хүү маань удаад байгааг тодруулж өгөхийг түүнээс хүсэв. Залуу өрөвдөхийн эрхэнд “Хүү чинь ирнэ ээ. Харин нэг саад байгаа юм. Манай энэ Хөшигтийн хөндийд чинь онгоц бууж чадахааргүй тийм их чулуутай шүү дээ. Тэрнээс болоод байгаа байх” гэж хариулаад бушуухан мордсон гэнэ.

Тэр өдрөөс хойш сайхь эх Хөшигтийн хөндийн чулуу болгоныг түүж босгосон овоондоо нэмэрлэдэг болжээ. Он жил харвасан сум шиг өнгөрч хөөрхий эхийн толгойд буурал суусан ч хөндийн чулуу бүрийг түүн мөнөөх овоондоо нэмэрлэв ч хүү ирсэнгүй. Гэлээ ч тэр цөхрөлтгүй чулуу бүхнийг түүсээр л.. Ертөнцийн чулууг яаж барах билээ, эхийн хүлээлтийн горь хэрхэн тасрах билээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлэн үзүүлтлээ хөөрхий эх Хөшигтийн хөндийн чулууг түүсэн гэнэ лээ. Түүний босгосон овоо нэгэн том толгой болж тэр толгойг нутгийн зон олон Эхийн овоо, Хөшигтийн тэр уудам хөндийг Эхийн тал хэмээн хүндэтгэн нэрлэх болсон юм гэдэг” гэж ярьсан чинь одоо хэр нь өчүүхэн толгойд минь үг, өгүүлбэрээрээ хөвөрдөг шүү.

Эх хүн гэгч ийм л гайхамшигт, тийм л ариун нандин, ийм л нигүүлсэл энэрэл сүлэрсэн гэгээн тунамал ертөнц. Эх хүн үрдээ хэзээ ч гомддоггүй юм гэнэ лээ. Үнэн байх. Хорвоог бүхлээр бүтээж хорвоо ертөнцийн зовлон гунигийг гагц сэтгэлээрээ ариусгаж явдаг болохоор тэр биз ээ.

Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах ижийгээ би баярлуулж чадсан болов уу.

Хүний хатуухан орчлонд хөлийнхөө арван хуруугаар газар тамгалан өндийхдөө ижийгээ л би анх түшсэнсэн. Хорвоо нөмөртэй болохыг тэгэхэд л анх мэдэрсэн. Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Аргаар болдоггүй хорвоод аашлуулж зэмлүүлж явахад нулимстай аньсагаа арчуулж, өрийг нь өмөртөл уйлсаар ижийнхээ саалийн үнэртэй энгэрийг түшиж зогсохдоо хорвоо уяхан болохыг анх мэдэрсэн. Цэнхэр ус, нутгийн шувуудыг эргэн хоргодтол үгээ дайхад нь эвий муу ижийдээ би яарсан бил үү.

Мянган шөнө бурхан сүүгээ амлуулсан эвий муу буурлыгаа би баярлуулж чадсан болов уу.

Бүсгүй хүний хөлд хүрсэн галбирбаасан модод цэцэглэнэ хэмээх эртний нэгэн сайхан шүлэг бий. Бүсгүй хүн бурхадын бурхад болохоор тэр биз ээ. Бүсгүй хүний нөмөрт хоргодсон буурал ертөнц залууждаг хэмээдэг. Бүсгүй хүн гоо үзэсгэлэн болохоор тэр биз ээ.

Аливаа амьтны эх гэдэг юутай ариун дагшин бэ. Ариун дагшны үргэлжлэл болох ижийнхээ ачийг бид хичнээн ч бага санадаг юм бэ. Өнгөрсний гэгээн сайхан үргэлжлэл болж ирээдүйдээ гэгээн сайхныг цогцлоогч энэ эх хүн хэчнээн аугаа тэнгэрлэг нэгэн бэ.

Тэнүүн энгэртээ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг тэвэрч байгаа юм шиг миний муу хүү гэсээр тэвэрч үнсдэг ижийнхээ ачийг хариулж чадаагүй тэнэгхэн хүү Л.Нарантөгс чинь хэдэн үг хэлхэж ядан таньдаа захиа бичив. Ижий минь та урт наслаарай!

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж