Төрөөд зургаахан өдөр болсныхоо дараа Эбола вирусийн халдвартай хэмээн оношлогдсон бяцхан охин амьд үлдэж чадсан тухай Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ.
Бяцхан охин Бенедиктийн ээж нь Эбола вирусийн халдвартай байсан бөгөөд охиноо төрүүлэх үедээ төрөхийн хүндрэлээр нас барсан байна. Бенедикт төрснөөсөө хэдхэн хоногийн дараа Эбола вирусын халдвар авсан хэмээн оношлогдож байсан бөгөөд эмч нар түүнд таван долоо хоногийн турш эрчимтэй эмчилгээ хийсний дүнд амьд үлдэж чадсан ажээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногт аав, авга эгч хоёр нь эмнэлгээс гарган, гэр рүүгээ авч явжээ.
Эбола вирус туссан хүнд халуурах, бөөлжих, суулгах, гадуур болон дотуур цус алдах шинж тэмдэг илэрдэг. Вирусийн халдвар авсан хүмүүсийн тал хувь нь л амьд үлдэж чаддаг бол нярай хүүхдүүдэд амьд үлдэх боломж бараг л байдаггүй байна. Мөн амьд үлдсэн цөөн хэдэн хүүхдийн дундаас Бенедикт охин хамгийн балчир нь байсан тул эмч нар түүнийг “гайхамшиг” хэмээн нэрлэж байгаа аж.
Вирусээр халдварладаг Эбола буюу цусархаг халууралт нь цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин юм. Өвчилсөн хүний арьс салст, цус, шээс, бөөлжис, үрийн шингэн, өтгөн болон тэдгээрээр бохирлогдсон эд зүйлстэй шууд харьцах замаар хүнээс хүнд, мөн халуун орны зэрлэг амьтдаас халдварлах нь бий. Тус өвчин нь халуун орнууд, тэр дундаа Африк болон Номхон далайн зарим арлуудад элбэг тохиолддог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус өвчнийг өндөр эрсдэл бүхий, нийгэмд аюултай, онцгой нөхцөл байдал үүсгэхүйц өвчнөөр зарласан байдаг.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ