АН-ын бүлэг: М.Энхболдыг огцрохыг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг: М.Энхболдыг огцрохыг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ

АН-ын бүлэг: М.Энхболдыг огцрохыг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.12.17/ хуралдаж, улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдал төрийн институт хоорондын тэмцэл болон хувирч, орон нутагт хүртэл нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр, ЖДҮХС-гаас зээл авч, түүнийгээ зүй бусаар зарцуулсан Засгийн газрыг огцруулахыг АН-ын бүлэг дэмжсэн. Үүнийг нь зарим талаар шүүмжилж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар өр нэмэхээс өөр бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Гуравдугаарт УИХ-ын дарга М.Энхболд сайн дураараа албан тушаалаа өгч, “60 тэрбум”-ын хэргээр шалгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд М.Энхболдыг УИХ-ын дарга болсноос хойш төрийн албан тушаалыг зарж байгаа талаар АН-ын бүлэг хүчтэй шүүмжилж ирсэн. Харин Ерөнхий сайдыг Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл, АН-ын бүлэг УИХ-ыг тараах байр суурин дээр бат байх болно.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

-МАН-д үүссэн хагарал тэмцэл зөвхөн нэг нам доторх хүмүүсийн хагарал гэж харагдахаа больсон. Үндсэн хуульд заасан засаглалын гурван толгой харилцахаа байж үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн засаглалын хямралд орж байна. УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхөд надад хуулийн үндэслэл байхгүй байна гэдэг жижиг шалтгаанаар байгаад байх юм бол цаашид төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орох нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс  УИХ-ын дарга хуулийн заалт дагахгүйгээр ёс зүйн хувьд Монгол Улсын төр, ард түмнийг хүндэтгэж парламентын үйл ажиллагааг цааш хэвийн явуулах боломжийг нь  олгож  сайн дураараа чөлөөлөгдөх эрхээ өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй гэж үзэж байна. Хэрвээ ингэж чадахгүй  УИХ  өөрөө хариуцлагагүй ажиллах юм бол тарах тухай асуудлаа авч хэлэлц гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч тавьсан. АН-ын хувьд дээрх саналыг дэмжинэ. МАН ийм хэмжээнд хүргэхгүйгээр дотроо асуудлаа шийдэх болов уу гэж найдаж байна. Эрх ашгийн эрэмбэ гэж бий. Мөн аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. Энэ хугацаанд маш олон асуудлыг УИХ дээр хэлэлцэх байсан. Нийгэмд тулгамдсан олон асуудал хүлээгдэж байгаа энэ үед сандал, суудлын хэрүүл хийж төрийн ажлыг гацааж болохгүй. Бид хуультай улс. Тийм учраас бидний дараагийн алхам УИХ-ыг тараах  тухай асуудлыг дэмжихээс өөр аргагүй байдалд хүрнэ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулсан. АН-ын гишүүд энэхүү саналыг  нь дэмжиж гарын үсгээ зурсан гэж ойлгож болох уу?

-Улс төр нам өөрийн гэсэн  дотоод дүрэм журамтай. Үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүд намаас сонгогдож бүлэгт орж ирсэн. Тодорхой шийдвэр намаас  гараагүй тохиолдолд УИХ-дахь АН-ын гишүүд өөр өөрсдийн  байр сууриар асуудалд хандах эрхтэй.

-УИХ-ын гишүүн намын бүлгээсээ гарах өргөдлөө өгсөн асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ.

-АН-ын Үндсэн дүрмийн дагуу Л.Болд  гишүүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг дараа Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Тиймээс Л.Болд гишүүн АН-даа байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж