УИХ-ын 40 гишүүний дэмжлэгтэйгээр засгаа авч үлдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дөрөв дэх гадаад айлчлал энэ сарын 12-15-ны өдрүүдэд Япон улсад өрнөв. Токио хотноо 48 цаг “саатсан” тэрбээр олон арга хэмжээнд оролцсон бөгөөд айлчлалын гол үйл явдал нь Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй хийсэн уулзалт байлаа.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын нэгдүгээр бүлгийн гуравт "Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн" гэж заасан бий. Гуч дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан анхны гадаад айлчлалаа гуравдагч хөрш буюу Өмнөд Солонгосоос эхлүүлсэн У.Хүрэлсүхийн БНСУ, Хятад, АНУ, Япон зэрэг манай улсын эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, худалдаанд нэн чухал таван улсын дөрөвт нь айлчлал хийгээд байгаагаас харвал Монголын Засгийн газар гуравдагч орнуудыг “онилсон”, олон талт гадаад бодлого баримталж байгаа нь илт.
Зул сарын баярын уур амьсгал Токиод хэдийнэ орж, хэдийгээр гудамжнаа шаргал навчис хөглөрөх хэдий ч албан байгууллагууд үүдэн дээрээ сүлд модоо засцгаажээ.
Наритагийн нисэх онгоцны буудлаас Ерөнхий сайдын айлчлалын арга хэмжээнүүд шууд эхэлсэн. Токиод өнгөрүүлсэн Ерөнхий сайдын айлчлалын хөтөлбөр ерөнхийдөө шахуу, богино хугацаатай байлаа. Арванхоёрдугаар сарын 12 буюу эхний өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны банкны /ЖБИК/ ерөнхийлөгч Т.Маэда, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж хоёр улсын стратегийн харилцааг өргөжүүлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай боломжуудыг хөндсөн юм. 2013 оны зургадугаар сард Монголын Засгийн газар JBIC-тай экспортын зээлийн шугам байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд Японы экспортлогчдын бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын импортлогчдод дэмжлэг үзүүлэх, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм. Эхний ээлжинд найман тэрбум иенийн үнийн дүн бүхий экспортын зээлийн шугам нээх тухай хэлэлцээрийг байгуулж, 2015 онд “Сүмитомо” корпораци Монголын “Хишиг арвин” компанид Комацү маркийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөлд анхны санхүүжилтыг хийсэн байна.
Хоёр дахь өдрийн өглөө Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхахдаа “ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас санхүүжүүлсэн 32 сая иенийн хөнгөлөлттэй зээлийг үр ашигтай зарцуулж байгаа”-г сайшааж, Монголын эдийн засаг эргэн сэргэж, хөрөнгө оруулах таатай үе ирж буйг онцоллоо.
Япон бол эдийн засгийн хувьд Монголын хамгийн ойрын түнш. 1990 оноос хойш нийтдээ гурван тэрбум ам.долларын тусламж, дэмжлэг монголчуудад үзүүлж ирсэн байдаг. Энэ онд хоёр улсын худалдааны эргэлтийн мөнгөн дүнгийн хэмжээ өсч, 496 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 55 хувиар өссөн үзүүлэлт аж.
Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2017 онд байгуулсан бөгөөд уг хөтөлбөр 2021 он хүртэл хэрэгжих юм. Хөтөлбөрт хоёр улсын Засгийн газрын улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, дээд түвшний харилцан айлчлал, өндөр түвшний яриа хэлэлцээрийн давтамжийг хадгална гэж заасан. Мөн эдийн засаг, гадаад худалдааг өргөжүүлэх, үүний хүрээнд Монголын талаас хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтолцоогоо тогтвортой, ойлгомжтой байлгахыг япончууд хүслээ.
Тэдний хамгийн их болгоомжилж, хөрөнгө оруулахад эрсдэл үүсгэж байгаа асуудал нь монгол хүн гэдгийг ч мөн нуусангүй. Гадаадын хөрөнгө оруулагчид монгол хүнийг эрсдэлийн нэгдүгээрт тооцож буй нь Монголын хувьд эмгэнэл бөгөөд товчхондоо, монгол хүн өөрөө Монголд хөрөнгө оруулахад том тээг, саад болж байна гэсэн үг.
Хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд Монголын 5700 орчим төрлийн бараа, Японы 9300 орчим төрлийн барааны импортын гаалийг тарифыг шууд чөлөөлөх болон үе шаттайгаар бууруулахаар тохиролцсон. Тухайлбал, Монгол 3429 барааг, харин Японы тал 8000 барааг гаалийн тарифаас чөлөөлөхөөр болсон ч үр дүн муутай байгааг Япон-Монголын бизнес форумын үеэр хөндлөө. Гэх мэтчилэн арга хэмжээнүүд үргэлжилсээр айлчлалын хоёр дахь өдрийн орой Японы Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын уулзалт болов.
Японы парламентын ордонд очиход сэтгүүлчид нь доод давхартаа ажлаа хийгээд сууцгааж байлаа. Эвхдэг сандал дээр суугаад үүдний давхарт ажлаа хийцгээх тэднийг харахад сэтгүүлчдэд зориулсан тусгай өрөө гэж байдаггүй шинжтэй. Ямартаа ч манай парламентын сэтгүүлчид шиг эрх чөлөө тэдэнд алга. Өөрөөр хэлбэл, Японы сэтгүүлчид парламентынхаа гишүүдийн өрөөгөөр дуртайяа орж, гарах эрх тэдэнд байдаггүй, тэднээс мэдээлэл авахын тулд үүдний давхартаа гарч ирэхийг нь хүлээгээд сууж байдаг бололтой юм.
ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ИРЭХ ЖИЛИЙН НААДМААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Улаанбаатараас 52 км зайд буюу Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж байгаа шинэ нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд ирэх оны зун гэхэд ашиглалтад оруулах хугацаатай гэрийн даалгаврыг Монголын Засгийн газарт өгсөн юм.
Токиод болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтын хүрээнд нийтдээ 650 гаруй тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын шинэ концессийн гэрээг нэгдүгээр сард байгуулж, зургаан сар аюулгүй байдал болон бусад бэлтгэл ажлаа хангасны эцэст наадмаар анхны нислэгээ авахаар тооцож байгаа юм байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал Монголд төдийгүй бүс нутгийн хөгжилд эдийн засгийн ач холбогдолтой гэж ноён Шинзо Абе онцолсон билээ.
ШИНЗО АБЕГИЙН ХҮСЭЛ
Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой Монголд болдог “Хааны эрэлд" олон улсын цэргийн сургуулилтад Япон улс үргэлжлүүлсэн оролцох хүсэлтэй байгаагаа ноён Шинзо Абе Монголын Ерөнхий сайдад уламжилсан юм. Мөн тэрбээр Хойдуудад хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Монголын Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс Япон Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэгийг сүүлийн зургаан жилийн турш үзүүлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлэв. Уулзалтын дараа хоёр улсын Ерөнхий сайд нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар санал нэгдсэнийг онцолсон билээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫГ ЯПОНЧУУД ЮУ ГЭЖ ДҮГНЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын мэдээг “Эн-Эйч-Кэй”, “Асахи” телевиз, “Ёмиури”, “Никкэй”, “ Майничи” сонин, “Жижи цүүшин”, “Киодо цүүшин” мэдээллийн агентлаг зэрэг Японы голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Японы хэвлэлүүд голдуу Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудалд Шинзо Абе Монголын Засгийн газрын тэргүүнээс тусламж гуйсан тухай мэдээллийг онцолж байв. Мөн Шинзо Абегийн хэрэгжүүлж эхэлсэн “Эрч”, “Эрч+” санаачлагуудыг Монголын Засгийн газар дэмжиж ажиллахаар болсныг мэдээлжээ.
Тухайлбал, Японы “Эн-Эйч-Кэй” мэдээллийн агентлагийн сэтгүүлч “Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсад айлчилж буй Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй 13-ны өдөр уулзаж, анх удаа албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улсын Ерөнхий сайд нар энэ онд Монгол Улс БНАСАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй, Монгол Улс нь тус улстай найрсаг харилцаатай болохыг дурдаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг чанд мөрдлөгө болгож ажиллахын чухлыг тэмдэглэхийн сацуу Умард Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт санал нэгдэв” гэжээ.
“Никкэй” сонинд “Талууд Номхон далайгаас Энэтхэгийн далай хүртэлх бүс нутагт эдийн засаг болон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах “Эрх чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г хэрэгжүүлэхэд уялдаа холбоотой ажиллахаар санал нэгдэв. Түүнчлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, агаарын нислэгийн болон байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаагаа урагшлуулан хөгжүүлэхээр тогтов” хэмээн бичсэн байна.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ, Хятад, АНУ, Япон зэрэг дэлхийд болон Зүүн Азидаа хөгжлөөрөө тэргүүлэгч улсуудад айлчлал хийсэн нь Монголын хувьд эдийн засаг, гадаад бодлогын хувьд эерэг бөгөөд том сурталчилгаа болж байна.
Холбоотой мэдээ