Францын иргэд шатахууны үнийн эсрэг тав дахь удаагаа жагсав

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Францын иргэд шатахууны үнийн эсрэг тав дахь удаагаа жагсав

Францын иргэд шатахууны үнийн эсрэг тав дахь удаагаа жагсав

Франц улсын эрх баригчид шатахууны үнийг ирэх оноос эхлэн нэмэх шийдвэр гаргасны дараа ард түмэн нь бухимдаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Бямба гариг бүр, орон даяар жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа билээ. Жагсагчид Францын жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар-ногоон өнгийн хантаазыг жагсаалын бэлэг тэмдэг болгон өмсч байгаагаас тус жагсаал нь “шар хантаазтны тэмцэл” хэмээн нэрлэгдэх болсон юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "шар хантаазтны жагсаал"-тай холбогдуулан ард түмэндээ хандан, мэдэгдэл хийж байгаа нь

Францын эрх баригчид арваннэгдүгээр сарын 17-ны эхний жагсаалын дараа тэдэнд бууж өгөхгүй, шатахууны үнийг бууруулах боломжгүй гэж байсан боловч хоёр дахь удаагаа жагссаны дараа жагсаалыг зохион байгуулагчидтай уулзаж, гурав дахь удаагийн жагсаалын дараа шатахууны үнийг дахин нэмэхгүй байхаа амласан бол дөрөв дахь удаагийн жагсаалын дараа шатахууны үнийг дахин нэмэхгүй, цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэгдүүлж, татварын хөнгөлөлтүүдийг бий болгох замаар ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ хэмээн Ерөнхийлөгч Макрон амласан билээ. Гэсэн ч өнгөрсөн Бямба гаригт /2018.12.15/ тэд дахин жагссан байна.

Гэхдээ энэ удаад жагсагчдын тоо эрс цөөрсөн бөгөөд урьд өмнөх жагсаалууд Франц орон даяар, олон газруудад явагдаж байсан бол энэ удаад Парис дахь Елисейн өргөн чөлөөнд болон бусад хоёр газарт л өрнөсөн байна. “Шар хантаазтнууд”-ын тоо эрс цөөрсөн нь Ерөнхийлөгч Макроны амлалтыг сайшаан хүлээн авсан, цаг агаарын байдал эрс хүйтэрсэн, эсвэл өнгөрсөн долоо хоногт Францын Страсбург хотод болсон террорист халдлагаас үүдэн нийгэмд айдас бий болсонтой холбоотой байж болох юм.

Өнгөрсөн Бямба гаригийн байдлаар Франц орон даяар нийт 34 мянган хүн жагсаалд оролцсон бол түүний өмнөх долоо хоног буюу дөрөв дэх удаагийн жагсаалд 77 мянган хүн оролцсон юм. Харин хамгийн эхний буюу арваннэгдүгээр сарын 17-ны жагсаалд орон даяар 300 мянга гаруй хүн оролцсон.

Жагсаал тэмцэл улам бүр хурц, ширүүн уур амьсгалтай болж байгаа бөгөөд өнгөрсөн Бямба гаригийн жагсаалд ч бас “шар хантаазтнууд” чулуу, галт бамбар шидэж, гудамж талбайг сүйтгэж байсан бол цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Жагсаал тэмцэл Бямба гариг бүрд гарч байгаатай холбогдуулан цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд гарган, хүн хүчээ бүрэн дайчилж, Луврын музей, Эйффелийн цамхаг болон Елисейн өргөн чөлөө дэх худалдаа, үйлчилгээний газруудыг түр хугацаанд хаасан байна. Жагсагчдыг бухимдуулж буй гол зүйл нь тэд тайван жагсаал хийсэн боловч Засгийн газар нь тэднийг буруушаасан хандлагаа өөрчлөөгүй, цагдаагийн байгууллагын албан хаагчид тэдний эсрэг хүч хэрэглэж байгаад бухимдсан явдал ажээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж