Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын /БСШУСЯ/ сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бусдаас арай урт байх юм. Тухайлбал, Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал долоон долоо хоног үргэлжлэх юм байна.
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал зургаан долоо хоног үргэлжлэх юм.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан хувийн сургуулиудын зүгээс сурагчдын амралтыг хойшлуулах талаар БСШУСЯ-д санал хүсэлт хүргүүлсэн гэж сонслоо?
-Мэдээж эцэг эхээс төлбөр авч нэмэлт хөтөлбөр явуулдаг олон улсын хөтөлбөртэй, хувийн сургууль болон гадаадын хөрөнгө оруулалтай сургуулиудын хувьд энэ шийдвэр мэдээж хүндээр тусч байгаа нь тодорхой. Хэд хэдэн хувийн сургуулиас манай яамд албан тоот ирүүлж байгаа. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа энэ асуудлыг танилцуулаад тодорхой чиглэл өгсөн учраас орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийн дагуу хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод дээрх шийдвэрийг гаргасан
-Тэгвэл цаашдаа тус шийдвэрийг улсын, хувийн гэлтгүй бүх сургуулиуд мөрдөнө гэсэн үг үү?
-Ер нь бол хувийн сургуулиудад энэ тушаалыг дагаж мөрдөх шаардлагыг тавьж байгаа. Цаашид тушаалын хэрэгжилтэд яамны зүгээс хяналт тавьж ажиллана. Гэхдээ үндсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнөөс гадна багш нар амрахгүй ажиллана. Сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулаад багш нар цалингаа аваад ажиллана. Энэ хугацаанд зарим нэг шаардлагатай хүүхдэд ганцаарчилсан нэмэлт давтлага өгөх, олимпиад уралдаан тэмцээнд бэлдэх мөн эцэг эхийнхээ сайн дурын үндсэн дээр зарим нэг хичээлүүдээр нэмэлт давтлага өгөх боломж нээлттэй. Түүнээс биш сургуулийг цоожлоод хоёр сарын хугацаанд сургууль руу хүүхэд оруулахгүй бай гэдэг шаардлага тавиагүй. Энэ чиглэлээр хүсэлт ирүүлсэн төрийн бус өмчийн сургуулиудтай санал солилцоод явж байна.
-Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн хэдэн сургуулиас албан тоот ирээд байна вэ?
-Хувийн сургуулиудын холбоо, Орос сургалттай арав гаруй сургууль болон эцэг эхчүүдээс маш олон хүсэлт ирж байгаа. Зарим хувийн хэвшлийн сургууль дээрх тушаалыг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийлж байхад БСШУСЯ яагаад ийм тушаал гаргаснаа тайлбарла гэсэн байр суурийг илэрхийлэх ч сургуулиуд байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ