Онлайн худалдааны “Амазон” компани 2018 онд хамгийн их борлуулалттай байсан номны жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт зарлажээ. Цахим худалдаа хүчийг авч буй энэ цаг үед хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг томоохон хэвлэлийн газруудаас гадна “Амазон” зэрэг онлайн худалдааны веб сайтуудын жагсаалтаас харахад буруутах зүйл байхгүй болов уу. Түүнчлэн шинэ жилийн баяр хаяанд ирээд байгаа энэ үед хайртай, дотнын хүмүүстээ өгөх бэлгийнхээ санааг дараах шилдэг борлуулалттай номын жагсаалтаас олж ч болох юм.
- “Нэгдүгээр тоглогч бэлтгэ”
Хүмүүс “Нэгдүгээр тоглогч бэлтгэ” номыг энэ онд нээлтээ хийсэн, Стивен Спилбергийн найруулсан кино гэдгээр нь сайн мэддэг билээ. Харин тус киноны эх зохиол буюу номыг нь 2011 онд АНУ-ын зохиолч Эрнест Клайн бичсэн байна. Ном нь шинжлэх ухааны зөгнөлт ангиллынх бөгөөд үйл явдлын хувьд “Дэлхийн байгаль орчин бүрэн сүйрсэн 2045 онд хүмүүс ОАСИС гэх виртуал тоглоомыг тоглож хамаг цагаа нөхцөөнө. ОАСИС тоглоом дотор нуусан асар их эрдэнэсийг олохын тулд бүх хүмүүс өрсөлдөх бөгөөд 18 настай Вэйд Ваттс ч бас мянга мянган бусад тоглогчдын адилаар адал явдал, сорилт бэрхшээлийг даван туулан, шагналын эрэлд гардаг”.
- “Хаа сайгүй гал”
“Нью-Йорк Таймс” сонины бестселлерээр зарлагдаж байсан тус ном нь өнгөрсөн жил ч бас “Амазон”-ийн хамгийн их борлуулалттай номоор шалгарч байжээ. АНУ-ын зохиолч Селесте Нг-ийн 2017 онд бичсэн тус роман нь цуврал бөгөөд тэдгээрээс сэдэвлэсэн киног ч бас бүтээсэн байна. 1990-ээд онд АНУ-ын Охио мужид амьдардаг байсан хоёр гэр бүлийн тухай гардаг бөгөөд нэг гэр бүлийнх нь байшин шатсанаар үйл явдал эхэлдэг. Тухайн гэр бүлийнхэн түймрийн буруутнаар юун түрүүнд хамгийн бага хүүхэд, Хятад гаралтай өргөмөл охиноо сэжиглэснээр сонирхолтой адал явдлууд үргэлжилдэг байна.
- “Цонхон дээрх эмэгтэй: Роман”
Орон зайнаас айх өвчтэй Анна Фокс гэх эмэгтэй Нью-Йорк дахь гэртээ ганцаараа, хамаг цагаа кино үзэж, дарс шимж өнгөрүүлнэ. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй, чимээгүй амьдардаг тэрбээр гэрийнхээ цонхоор харж байхдаа санаандгүйгээр аймшигт гэмт хэргийн гэрч болсноор номын үйл явдал өрнөдөг байна. Түүний хажуугийн байшинд нь эвтэй найртай, найрсаг Расселийн гэр бүлийн хосууд, өсвөр насны хүүгийнхээ хамтаар нүүж ирснээр эмх замбараагүй, аймшигт үйл явдлууд эхэлжээ.
- “Ерөнхийлөгч алга болсон нь: Роман”
Ерөнхийлөгчийн тухай адал явдалт зохиолыг өөрөө Ерөнхийлөгч байж үзсэн хүнээс илүү сайн бичиж чадах хүн байна гэж үү. АНУ-д заналхийлж байгаа аймшигт аюул, занал, кибер терроризм, тагнуулын хэргүүдийн тухай өгүүлэх, онц сонирхолтой, адал явдалт тус зохиолыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон адал явдалт, аймшгийн төрлийн зохиол бичдэгээрээ алдартай Жэймс Петтерсон нар хамтран бичжээ.
- “Харри Поттер ба Философийн чулуу”
Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны шидтэн Харри Поттерын тухай цуврал номын эхнийх нь болох “Философийн чулуу” нь 1997 онд буюу 21 жилийн өмнө анх худалдаанд гарсан ч үнэ цэнэ нь өнөөг хүртэл буураагүй байгаа аж. Зохиолд ид шидийн ертөнцийн тухай хэзээ ч сонсч байгаагүй 11 настай Харри Поттер Хогвартсын сургуульд сурах урилга авснаар үйл явдал эхэлж, эцэг эхийг нь алсан хар шидтэн Лорд Волдеморттой тэмцсэнээр үйл явдал нь өрнөдөг.
- “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор”
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний ойрын хамтрагчдыг шүүмжлэн бичсэн “Гал ба уур хилэн: Трампын Цагаан ордон дотор” номыг зохиолч Майкл Волфф бичжээ. Тус ном худалдаанд гарсан даруйдаа шуугиан тарьж, Д.Трамп болон түүний өмгөөлөгч Чарьлз Хардер номыг хэвлэхийг зогсоохыг хэвлэлийн байгууллагуудаас шаардсан оролдлого нь талаар болсон төдийгүй 2018 оны хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг “Амазон”-оос гадна олон хэвлэлийн газруудаас гаргасан жагсаалтад тэргүүлж байгаа юм. Д.Трамп өөрөө тус номыг “Уран зөгнөлт зохиол” гээд зохиолчийг нь “луйварчин” хэмээн нэрлэжээ.
- “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам”
Дэлхийд алдартай Marcmanson блогийг хөтөлдөг Марк Мэнсоний бичсэн “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном нь Харпер Коллинс хэвлэлийн газраас 2016 оны есдүгээр сард худалдаанд гарчээ. Худалдаанд гарсан даруйдаа тэсрэлт хийж, “Уран зохиолын бус баримтат бүтээл”, “Вашингтон Пост”, “Нью-Йорк Таймс” сонины бестселлер жагсаалтад багтсаар ирсэн юм. Тус ном нь хувь хүний хөгжлийн тухай боловч ийм төрлийн бусад номд гардгаас тэс өөр хандлагын тухай өгүүлдэг аж. Номын бүлгүүдээс нь дурдвал, “Битгий хичээ”, “Аз жаргал бол асуудал”, “Та онцгой биш”, “Зовлон шаналлын үнэ цэн”, “Бүтэлгүйтэл бол урагшлах зам” зэрэг байна.
- “Бүсгүй минь нүүрээ угаа: Танд хэн байхыг тань заадаг худал үгэнд итгэхээ больж хэн болохоо өөрөө шийдээрэй”
Өөр нэгэн блог хөтлөгчийн бичсэн ном энэ оны хамгийн их борлуулалттай номын олон жагсаалтад тэргүүлж байгаа нь Рэйчел Холлисын “Бүсгүй минь нүүрээ угаа” ном юм. Саад бэрхшээлийг хэрхэн даван туулж, итгэл найдвартайгаар, нугаршгүй тууштайгаар, хүсэл тэмүүлэл дүүрэн амьдрах арга ухааныг танд зааж өгөх энэхүү ном нь монгол хэл дээр хэдийн орчуулагдсан билээ. Сөрөг бодлуудтайгаа тэмцэж, унасан үедээ хэрхэн босч, тэмцэх тухай гайхалтай аргуудыг та энэхүү номоос олж мэдэх болно.
- “Амьдралын 12 дүрэм”
Канадын Торонтогийн их сургуулийн багш Жордан Петерсоны бичсэн “Амьдралын 12 дүрэм” хэмээх хувь хүний хөгжлийн ном энэ оны шилдэг борлуулалттай номуудын нэгээр шалгарчээ.
- “Becoming”, Мишель Обама
АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишел Обамагийн хувийн намтрыг өгүүлсэн “Becoming” нэртэй ном нь хэвлэлтээс гараад ганцхан сар болж байгаа ч “Амазон” төдийгүй “Penguin Random House” компаниас зарласан 2018 оны хамгийн их борлуулалттай номоор шалгараад байгаа юм. Мишель Обама тус номдоо өөрийн амьдралын бүхий л зүйлсийг, тэр дундаа хэрхэн ирээдүйн Ерөнхийлөгчтэй учирч гэр бүл болсон, түүнээс жирэмсэн болсныхоо дараа зулбасан ч шинжлэх ухааны хөгжлийн ачаар хоёр охиноо төрүүлсэн, одоогийн Ерөнхийлөгч Д.Трампын тухай ямар бодолтой явдаг зэргийг эргэцүүлэн сонирхолтойгоор бичсэн байна.
Эх сурвалж: goodhousekeeping.com
Холбоотой мэдээ