Өвдөгний бэртлийн улмаас улирал эхэлснээс хойш талбайд гараагүй байсан 40 настай лигийн ахмад тоглогч Д.Новицки өнгөрсөн долоо хоногт Финикс Санс багийн эсрэг хийсэн тоглолтонд талбайд гарсан байна. Тэрээр сэлгээнээс талбайд гарч зургаан минут тоглохдоо хоёр оноо авч нэг удаа самбараас бөмбөг авсан байна. Талбайдаа эргэн ирж багийнхаа төлөө тоглосон Д.Новицки НБА-н түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон. Энэ бол нэг багийнхаа төлөө хамгийн олон улирал тоглосон амжилт юм.
Лос-Анжелес Лейкерс багийн тоглогч К.Брайнт 20 улирал багийнхаа төлөө тоглосон байдаг бол түүний энэ амжилтыг Д.Новицки хамтдаа эзэмшиж байсан. Тэгвэл Д.Новицки өнгөрсөн долоо хоногт Финикс Санс багийн эсрэг талбайд гарснаар Даллас Маверикс багийн өмсгөлтэй 21 дэх улиралдаа талбайд гарсан юм. Ингэснээр Д.Новицки НБА-н бүх цаг үеийн түүхэнд нэг багийнхаа төлөө хамгийн олон жил тоглосон тоглогч болж байна.
НБА-Н ТҮҮХЭНД НЭГ БАГИЙН ТӨЛӨӨ ХАМГИЙН ОЛОН УЛИРАЛ ХҮЧИН ЗҮТГЭСЭН ТОГЛОГЧИД:
Д.Новицки – Даллас Маверикс багийн төлөө 21 улирал
- К.Брайнт – Лос-Анжелес Лейкерс багийн төлөө 20 улирал
- Ж.Стоктон – Юта Жаз багийн төлөө 19 улирал
- Т.Данкан – Сан-Антонио Спөрс багийн төлөө 19 улирал
- Р.Миллер – Индиана Пейсерс багийн төлөө 18 улирал
- У.Хаслем – Миами Хит багийн төлөө 16 улирал
- М.Жинобли – Сан-Антонио Спөрс багийн төлөө 16 улирал
- Ж.Хавликэк – Бостон Селтикс багийн төлөө 16 улирал
- Д.Шейес – Филадельфиа-76 багийн төлөө 15 улирал
- Х.Грээр – Филадельфиа-76 багийн төлөө 15 улирал
Герман тоглогч Д.Новицки 1998 оны драфтын нэгдүгээр тойргийн IX сонголтоор Милоуки Бакс багт очиж байсан ч солилцоогоор Даллас Маверикс багт очсон. Тэр цагаас хойш энэ улирлыг хүртэл нийт 21 дэх улиралдаа тоглогч Д.Новицки 2011 онд НБА-н аваргын бөгжийг зүүж, мөн плэй-оффын үнэ цэнэтэй тоглогч болж байсан. Түүнээс гадна 13 удаа бүх-оддын багт тоглож байсан Европ тивээс төрөн гарсан хамгийн шилдэг тамирчин юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ