Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

Ердөө 14 хоноод 2019 он гарах нь. Улирч буй 2018 оныг монголчууд албан ёсны төртэй үдэх эсэх нь тодорхойгүй байна. Эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад 14 хонолоо. Төрийн албан тушаалуудыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдсан хэрэгт буруутган Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН-ын Удирдах зөвлөл одоогоос сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан. 2016 оны парламентын сонгуулийн өмнөхөн төрийн албыг зарж 60 тэрбум босгох тухай гурван хүний яриа бүхий аудио бичлэг цацагдсан бөгөөд энэхүү гурван хүний нэг нь тухайн үеийн МАН-ын дарга, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд байсан юм. Энэхүү хэрэг АТГ-т шалгагдаж байгаад прокурор хаагаад одоо АТГ дахин сэргээгээд шалгаж буй.

Төрийн эрх барих байгууллагын тэргүүнээ огцруулах шийдвэр гаргасан уугуул намын тэргүүн У.Хүрэлсүхийн кабинет цэвэр үү гэвэл бас тийм биш. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр үүсгэгдсэн ЖДҮХС-гийн хөрөнгийг өмнөх Засгийн газрыг огцруулах кноп дарсан давхар дээлтэй сайдууддаа өгсөн дуулиан халуун хэвээр байна.

2016 оны сонгуулиар ялалт байгуулж парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын бүлэг хуучин дарга М.Энхболдын тал, шинэ дарга У.Хүрэлсүхийн тал болоод хоёр хуваагдчихаад байна. Харамсалтай нь хуваагдсан хүчний харьцаа бараг тэнцүү шахам байгаа асуудлыг санал хураалтаар шийдэхэд төвөгтэй болгосноор Монголын төр гацаад байна. Эв нэгдэл, эмх цэгцээрээ гайхуулдаг МАН эвдэрсэн талуудыг эвлэрүүлэх дөрөв дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг томилсон ч тун урагшгүй байгаа сураг дуулдсан. Нэгэнт сэтгэл хөрсөн хоёр эд хогшлоо хуваах дээрээ тулдаг шиг л байх шиг байна. Токио явсан намын даргаа харуулдсан Ерөнхий сайдын талынхан өнөөдрөөс тулаандаа орно. Харин энэ хооронд огцрох шахаанд орсон УИХ-ын дарга хурал даргалах үүргээ дэд дарга Л.Энх-Амгаланд шилжүүлээд хуулийн заалтуудыг шивсэн бамбайгаар халхлан хамгаалалтад орлоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав 2:1-ийн харьцаатай хүч хуваагдсан гэдгийг УИХ өнгөрсөн Баасан гаригт хоёр дахь удаагаа мэдэгдлээ. Гэхдээ төрийн эрх бол илт давуу хүчтэй нь нударгаараа нокаутад оруулдаг, эсвэл боолтод оруулдаг спортын тулаан биш энд хуулийн хүлээсэнд бүгд хүлэгдэх учиртай. Хууль хэрэгжихээ больвол төр үйлчлэх чадамжаа алдана. Үндсэн хуульд заасан Шүүх эрх мэдлийн мөн чанарыг шалгах цаг ирээд байна.

Гэм хийсэн бол гэсгээл нь хүртээх учиртай, эс бөгөөс нийгмийн гармони алдагдана. Энэ бол хүний нийгмийн бүхий л цаг үед мөрдөгдөх учиртай дагаж мөрдөх хэм хэмжээ. Энэ хэм хэмжээ одоо үгүйлэгдэж байна. Үүнд, АН, МАН, МАНАН аль нь ч байсан хамаагүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж